Н.Бадамханд: Брэндээр бус зөв галбирлаг, эрүүл биеэр гангарах нь хамгийн сайхан

Залуус маань фитнесс, йог бясалгал, усан сэлэлт, өглөөний гүйлт зэргээс өөрт тохирохыг сонгон хичээллэж, эрүүл мэнддээ анхаардаг болжээ. Тиймээс ч манай залуус бодибилдингээр эрчимтэй хичээллэж, өв тэгш сайхан биеийг өөртөө цогцлоох болсон байна. Тэдний нэг болох Дэлхийн аваргын хүрэл медальт, фитнесс модель Н.Бадамхандтай ярилцлаа.


-Таны шинэ өглөө хэрхэн эхэлдгээс ярилцлагаа эхэлье?

-“Өдрийн сонин”-ы нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний өглөө 06:30 цагт эхэлдэг. Босоод хамгийн түрүүнд усаа ууна. Үүний дараагаар хоолоо бэлтгээд, бэлтгэлийнхээ хувцсыг базаагаад ажилдаа гарна даа.

-Таныг айлын бага охин гэж сонссон юм байна. Өөрийгөө манай уншичдад танилцуулахгүй юу. Хаана төрж, өссөн бэ?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Айл гэрдэж, теннис, чиртаг тоглож л өссөн дөө. Таны хэлсэнчлэн би айлын бага охин. “Olimpus Gym”-ийн тамирчин. Фитнесс модель. Одоогоор нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлд хүний нөөцийн менежерээр ажилладаг. 1991 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Морь жилтэй, матрын ордных.

-Ер нь хэзээнээс фитнессээр хичээллэж эхэлсэн бэ?

-Анх 2014 оноос хичээллэж эхэлсэн. 2016 оноос тэмцээнд оролцсон. Хамгийн анх “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн-2014” үзсэн нь энэ спортод дурлах шалтгаан болсон гэх үү дээ. /инээв/ Тэмцээн үзээд надад төрсөн сэтгэгдэл их нөлөөлсөн. Тухайн үед фитнесс модель охидыг хараад л дуу алдаж, яг тэдэн шиг болох амлалтыг өөртөө өгсөн. Ингээд л өнөөдрийг хүртэл зүтгэж байна даа.

-Фитнессээрээ хичээллэхийн зэрэгцээ багшилдаг уу?

-Тийм. “Olimpus Gym” дээрээ хувийн дасгалжуулагч хийдэг. Дасгал хөдөлгөөн, зөв хооллох ойлголт бол эрүүл энх, урт удаан наслахын суурь ойлголт. Дасгал хөдөлгөөн хийснээр зөв, галбирлаг биетэй болж, зөв хооллосноор урт насална. Үүнийг л хамтад нь эрүүл амьдралын хэв маяг гэж тодотгох болов уу.

-Фитнессээр хичээллэх нь шаргуу хөдөлмөр, тууштай байдлын илрэл байх. Хүмүүс фитнессээр хичээллэж эхэлсэн даруйдаа шантрах тохиолдол их гардаг шиг ээ?

-Мэдээж шантрах үе зөндөө байсан. Тэр үедээ өөртэйгөө маш их ярьдаг./инээв/ Үүнээс хүнд даваа ард байгаа гэж бодоод л өөрийгөө хурцалж, тэвчээр заагаад л бэлтгэлдээ ордог. “Хийвэл бүү ай, Айвал бүү хий” гэдэг үгийг мөрдлөгөө болгож явдаг даа.

-Дэлхийд болоод монголд гаргасан амжилтынхаа талаар ярихгүй юу?

-Улаанбаатар хотын аваргын мөнгө, хүрэл медальтай. Цаашлаад 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн. 2018 онд АНУ-д болсон “Arnold Shwarzenegger Amateur” тэмцээнд оролцож, долдугаар байранд орж байлаа. “Ar­nold Shwarzenegger” энэ спортыг энэ өндөр түвшинд очиход хамгийн их нөлөөлж, түлхэц болсон хүн шүү дээ. Гудамжаар цээж нүцгэн явж, бусдыг энэ спортод уриалдаг байсан. Мөн 2018 онд Япон улсад болсон “MR Olympia Amateur” тэмцээнд оролцож, зургадугаар байранд орж байлаа. Энэ хоёр тэмцээн минь миний гаргаж байсан хамгийн том амжилт. Цаашид үүнээс ч илүү амжилт гаргахаар хөдөлмөрлөөд явж байна даа.

-Таны биеийн харьцаа хэд вэ?

-Миний биеийн харьцаа 90-65-90.

-Хэзээнээс бикини модел хийж эхэлсэн бэ?

-Энэ өвлөөс эхэлсэн.

-Рекламын санал их ирдэг байх?

-Ирдэг, судалж үзээд боломжтойд нь тоглодог.

-Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээ золиосолж, буруу аргаар турах арга зам руу хошуураад байх шиг?

-Тийм хандлага ажиглагддаг. Турах нэрийдлээр хоолоо сойж, махнаас татгалзаж, оройн хоолыг тэр чигт нь үгүйсгэж байна. Энэ бол маш буруу. Учир нь мах гэдэг зүйл чинь маш өндөр хэмжээний уураг агуулдаг бүтээгдэхүүн юм. Харин шарсан хуурсан, гурилан болон бэлэн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Үхэр, тахиа, адуу, загасны мах, нарийн ногоог түлхүү хэрэглэхийг уриалж байна. Зарим эмэгтэйчүүд 16:00, 17:00 цагаас хойш хоол иддэггүй. Насан туршдаа оройн хоол сойж амьдарч чадахгүй учир шинэ ногооны салат, өндөгний цагаан, тахианы цээж мах, жимс, тараг гэх мэт амин дэмлэг зүйлсийг хэрэглэж хэвших хэрэгтэй гэж хэлье.

-Эрүүл аргаар хэрхэн жингээ хаях вэ. Үүнд хамгийн чухал зүйлс нь юу бол?

-Хамгийн чухал нь шарсан хуурсан хүнс, гурилан бүтээгдэхүүн, нүүрс ус багатай хоол, бэлэн хүнс, хийжүүлсэн болон архи согтууруулах төрлийн ундаа, чихэр шоколаднаас хатуу татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал та аяндаа өөрийн хүссэн жиндээ хүрэх боломжтой. Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд оройн хөнгөн “смүүти” хийж уух хэрэгтэй.

-Турчихлаа. Дараа нь хэрхэн галбиржих вэ?

-Ихэнх хүмүүс тураад дараа нь галбиржих уу гэж асуудаг. Турангаа давхар галбиржиж цаг хугацааг хэмнэж болно. Фитнесст явж дасгал хөдөлгөөн хийснээр та өөрийн хүссэн галбирыг бүтээж чадна.

-Найз залуутай юу?

-Найз залуугүй.

-Ер нь эрэгтэй хүний юуг нь анх хардаг вэ?

-Биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харьцааг нь хардаг. Ер нь эрэгтэй хүн боловсролтой, эмэгтэй хүнийг хүндэлдэг, зорилготой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг байгаасай гэж хүсдэг дээ.

-Монголчууд эмэгтэй хүнийг нууцлагдмал байх тусмаа илүү үнэ цэнэтэй гэлцдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-100 хувь бол санал нийлэхгүй. Миний хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнгээ даавууны цаана нуухаас илүүтэйгээр бусдад үлгэрлэж, эрүүл амьдралын хэв маягийг харуулахыг хичээдэг. Хүн эрүүл чийрэг бие, залуу сайхан насаараа гоёх хэрэгтэй шүү дээ.

-Өөрийн тань цаашдын зорилго, мөрөөдөл юу байна. Нууц биш бол хуваалцахгүй юу?

-Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу карьераа нэмэгдүүлэх. Энэ спортоороо уйгагүй хичээллэж мэргэжлийн тамирчин болох зорилготой. Фитнесс модель биеийн гоо сайхан талаас нь хардаг. Хөлийн хуруунаас эхлүүлээд толгойтой үс хүртэл. Хэт булчинлаг биш. Хэт туранхай биш биеийн өв тэгш харьцаа, пропорц хардаг.

-Хичээллэж эхлэхээсээ өмнө ямар байсан бэ?

-Анх фитнессээр хичээллэхээсээ өмнө туранхай охин байдаг байсан. Эгч маань явдаг байсан л даа. Эгч явах боломжгүй болоод оронд нь би явж эхэлсэн.

-Таны хувьд сошиал сүлжээг хэрхэн ашиглаж байна?

-Хүн тус бүрийн онцлог харилцан адилгүй байдаг. Миний хувьд сошиал сүлжээг өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг. Жишээ нь, инстаграмд гадны шилдэг тамирчдыг дагаж тэдний дасгал хөдөлгөөний техник, хэв маягаас суралцдаг. Яг түүнтэй адил манайхан ч бас өөрт ойр монгол тамирчдыг дагаж, тэдний зөв хооллолт, өдөр бүрийн дасгалаас суралцах бүрэн боломжийг сошиал хуудас олгож буйгаараа давуу талтай. Түүнээс гоё ганган, галбирлаг хүүхнүүдийн зургийг харж, дэмий мөрөөдөж түүндээ түүртэж суух утгагүй хэрэг. Миний хувьд инстаграм хуудаснаа өдөр бүрийнхээ дасгал хөдөлгөөний систем, хооллолтын талаарх хэрэг болохуйц мэдээллийг стори /story/-д тогтмол байршуулдаг. Энэ нь зүгээр нэг биеийн галбираа болоод идсэн хоолоо гайхуулах бус фитнессээр хичээллэж буй хүмүүст тус болох болов уу гэж боддог. Хүсвэл “Olimpus gym” дээр ирээд зөвлөгөө авахыг хүссэн хүн бүрт нээлттэй шүү. /инээв/

-Эмэгтэй хүн гоо сайхан, гоё ганган байх ойлголтыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Харин түүнийг хэрхэн тордож, арчилж байна гэдгээр л ялгагдах байх. Брэндээр бус зөв галбирлаг, эрүүл биеэр гангарах нь хамгийн сайхан. Тууштай хичээж чадвал ямар ч хүн сайхан харагдаж болно шүү. Гуалиг, зөв галбиртай байх боломж хүн бүрийн өмнө нээлттэй шүү дээ.

С.ЛХАМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ud (203.91.115.40)

    2020-06-17

    goyo