Сонгууль 2020

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 24-нд болж өнгөрөв. Энэ удаа 15 нам, эвсэл болон бие даагч нийлсэн нийтдээ 606 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдлөө. Санал хураалтын дүнг нэгтгэхэд МАН 62, АН 11 суудал авсан бол Зөв хүн электорат эвсэл нэг (Т.Доржханд), бие даагч нэг (Н.Алтанхуяг), Та бидний эвсэл нэг (С.Ганбаатар) суудалтай боллоо. Сонгогдсон 76 хүнээс 32 нь анх удаа парламентад суух болж буйгаараа онцлог юм. Эдгээр 32 шинэ гишүүний 24 нь МАН, долоо нь АН, нэг нь Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд болж байна. Шинэ гишүүдийн талаар товч танилцуулъя.

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Бейсен нь хүний их эмч, клиникийн профессор цолтой. 1988 оноос Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр ажлын гараагаа эхэлж аймагтаа тасралтгүй ажиллаж, 2007 онд тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар, 2012-2016 онд Нэгдсэн эмнэлгийн даргаар, 2016 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Аубакирыг 2016 онд омог нэгт Х.Баделхан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлэхээр зүтгүүлсэн ч түүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир Засгийн газар батламжлаагүй билээ. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажилладаг байжээ.

Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн А.Адьяасүрэнг хүмүүс “Номгон санчир” компаниар нь илүү мэдэх болов уу. Тэрээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Гуравдугаар тойрогт тэрээр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарыг хэдхэн саналын зөрүүтэйгээр яллаа. Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Анандбазарыг хүмүүс “Сод Монгол групп”-ын Анандбазар гэдгээр нь андахгүй.

Дорнод аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сэргэлэн бол Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, хошууч генерал цолтой нэгэн. Оператив тактик команд штаб гэх өвөрмөц мэргэжилтэй. Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшсэн Т.Энхтүвшин нь тус аймгийн Засаг дарга билээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас олны анхаарлыг татсан хүн бол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг юм. Тэрээр Завхан аймагтаа МАН-аас нэр дэвшиж, АН-ын З.Нарантуяа, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, Хаан, Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Батсайхан нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-ын гишүүн болох эрх аваад байна. Гарьд маань 18828 хүний санал авч нэгээр гарч ирсэн бол МАН-аас нэр дэвшсэн Б.Баярсайхан 14350 хүний санал авч хоёрт бичигдсэнээр ирэх дөрвөн жилд парламентад суухаар болоод байна. Б.Баярсайханыг жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгээр нь хүмүүс мэдэх бөгөөд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү Завхан аймгийнхан хоёр шинэ төлөөллөө УИХ-д илгээжээ.

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Ганболд нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Радио холбооны инженер мэргэжилтэй. Түүнтэй АН-аас нэр дэвшигч хуульч О.Алтангэрэл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг нар өрсөлдсөн юм. Энэ удаагийн парламентад шинээр орж ирж буй хүмүүсийн дунд аймгийн Засаг дарга нар олон байна. Тэдний цувааг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үргэлжлүүлж байна. Тэрээр МАН-аас нэр дэвшсэн бөгөөд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нартай өрсөлдсөн юм.

2020 оны сонгуульд Ховд, Сүхбаатар аймагт АН ялсан нь бас нэг онцлууштай үйл явдал боллоо. Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Батсуурь эдийн засагч мэргэжилтэй, 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Харин Н.Ганибалын хувьд Програм хангамжийн инженер, хэрэглээний математикч. Одоо Португалийн DED Боловсролын зөвлөх компанийн шинжээчээр ажилладаг бөгөөд 2016-2019 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Намын байгуулалтын газрын дарга, 2017 оноос АН-ын ҮБХ-ны гишүүн, 2018 оноос АН-ын УТЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Өнөрболорын хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн содон хүмүүсийн нэг. Тэрээр “Сөүл” Болороо нэрээрээ танигдсан. Дипломатч мэргэжилтэй. “Сөүл” группийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2019 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн Салбар зөвлөлийн тэргүүнээр тус тус ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймаг, 13 дугаар тойрогт Ч.Ундрам 22583 хүний санал авч хоёроор гарч ирсэн шинэ хүн болж байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой. 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллажээ. Ч.Ундрам, Д.Өнөрболор нар 13 дугаар тойрогт АН-ын лидерүүд болох С.Баярцогт, Д.Эрдэнэбат нартай өрсөлдсөн билээ.

Төв аймагт АН-аас нэр дэвшсэн Ц.Туваан, МАН-аас нэр дэвшсэн Ж.Батжаргал нар анх удаа УИХ-д сонгогдлоо. Ц.Туваан 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, ХАХНХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ хавар АН-ын дэд даргаар томилогдсон юм. Харин Ж.Батжаргал Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2002-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бөгөөд 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Увс аймагт АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 26644 хүний санал авч тойрогтоо нэгээр гарсан бол түүний ард МАН-ын Ч.Хүрэлбаатар 22562 санал, Б.Чойжилсүрэн 21378 санал авч удааллаа. ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл нь КТМС, Сиднейн Их сургууль, Харвардын их сургуулийг тус тус дүүргэсэн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Увс аймагт 30 жилийн дараа АН-аас нэр дэвшигч УИХ-д гарч байгаа нь энэ ээ.

Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Ш.Адьшаа нь одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн МоАХ-ны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн.

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Дамдинням уул уурхайн эдийн засагч, судлаач мэргэжилтэй. Байгаль орчны сайдын зөвлөх, БСШУ-ы сайдын зөвлөх, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эдийн засаг Нийгмийн хөгжлийн проректор, 2015 оноос Канад улсын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн судлаачаар тус тус ажиллаж байгаад одоо “Прокон Майнинг Монголиа” компанийн захирлаар ажиллаж байгаа аж. Тэрээр Дархан-Уул аймагт Тордайн Ганболд, Доржзовдын Энхтуяа болон сонгуулийн санал хураалтын өмнөхөн баривчлагдсан Б.Бямбасайхан нарыг өвдөг шороодуулж ийн УИХ-д анх удаа сонгогдоод байна.

Хамгийн ухаалаг сонголт хийсэн, сонгогчийн боловсрол өндөртэй гэгдээд буй Орхон-Уул аймгаас МАН-ын нэр дэвшигч Д.Батлут ялж, УИХ-д суухаар болов. Тэрээр одоо тус аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Гурван мандаттай энэ тойрогт тэрээр 22621 хүний санал авсан бол Норовын Алтанхуяг 19595 санал, Сайнхүүгийн Ганбаатар 17034 санал авч удаалснаар УИХ-д суух эрх өвөртлөөд байгаа билээ. Энэ тойрогт тэдэнтэй МАН-аас нэр дэвшсэн МЭХ-ийн тэргүүн Б.Оюунгэрэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өрсөлдсөн ч ялагдал хүлээцгээв.

За одоо, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн дүүргүүдээс ямар шинэ хүмүүс сонгогдож, парламентын гишүүн болоод байгааг сонирхуулъя. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар сонгогдов. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ тойрогт өрсөлдөж 21969 санал авсан бол Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 15576 санал авч удаалжээ. Тэд МАХН-ын Э.Эрдэнэжамъян, хөтлөгч Г.Чоглоонамжил, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нартай өрсөлдсөн.

Баянзүрх дүүрэг буюу 22, 23 дугаар тойргуудад МАН-аас нэр дэвшсэн хуульч Б.Энхбаяр, “Элэг”-ний хэмээх гавьяат эмч Ж.Чинбүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БЗД-ийн Намын хорооны дарга Э.Бат-Амгалан нар ялалт байгуулж, УИХ-ын танхимд анх удаа гишүүнээр суухаар болцгоов. Хуульч Б.Энхбаяр 22 дугаар тойрогт АН-ын лидерүүдийн нэг болох З.Энхболд, яруу найрагч Цоодолын Хулан, Их эв намын нэр дэвшигч, илтгэгч З.Бат-Отгон, бие даагч “Өүлэн” хэмээх Л.Өнөрчимэг нартай өрсөлдөж саналын хол зөрүүгээр ялсан юм. Харин 23 дугаар тойрогт Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар Шинэ эвслээс нэр дэвшсэн Ж.Батзандан, Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, АН-аас нэр дэвшсэн жүжигчин Ж.Баясгалан, бие даан нэр дэвшсэн генерал Б.Баярмагнай нарыг ардаа орхиж ийнхүү УИХ-д сонгогчдоо төлөөлөхөөр боллоо.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улс төр судлаач Ц.Мөнхцэцэг 20584 санал авч УИХ-д анх удаа сонгогдоод байна. Тэрээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, АН-ын ирээдүйтэй залуусын нэг гэгддэг С.Эрдэнэболд, “Bloomberg” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион, аялагч Г.Ганхүү, эдийн засагч Б.Мөнхсоёл, Та бидний эвслийн П.Шинжээравдан, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа, Ногоон намын О.Бум-Ялагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Энхбат, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал, улс төр судлаач А.Саруул, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Чингис хаан” хэмээх М.Чингисхаан нарын урд гишгэж, ирэх дөрвөн жилд сонгогчдоо парламентад төлөөлөхөөр боллоо. Ц.Мөнхцэцэг нь МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, гадаадын хэд хэдэн оронд зочин судлаачаар ажиллаж байсан өнөө цагийн шилдэг залуусын нэг гэгддэг бөгөөд нийслэлийн унаган хүүхэд юм.

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Хассуурийн Ганхуяг гурван мандаттай, 26 дугаар тойрогт 50073 хүний санал авч нэгээр гарч ирж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдлоо. Түүнтэй АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дуучин Нара буюу М.Нарантуяа нар өрсөлдсөн ч энэ удаад өвдөг шороодов.

Сонгинохайрхан дүүргээс нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, хөтлөгч П.Анужин нар сонгогдож, УИХ-д суух болсон нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Өмнөх сонгуульд хэдхэн саналаар ялагдаж байсан П.Анужин энэ удаад 32031 санал авч хүслээ биелүүллээ. Тэрээр 28 дугаар тойрогт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, бие даан нэр дэвшигч С.Мөнхчулуун, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, АН-ын О.Магнай, олон улсын тоймч Ш.Гантулга, Гамбууш буюу Н.Ган-Одтой саналаар уралдсан юм.

Харин нэвтрүүлэгч Б.Жаргалмаа 27 дугаар тойрогт “М-Ойл групп”-ын Б.Пунсалмаа, сумоч Кёкүшюзан Батбаяр, Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарын хүмүүстэй өрсөлдсөөн.

Санал авах өдөр ч сошиалаар өөрийгөө өмөөрүүлж, залруулга хийгээд байсан Ганибалын Амартүвшин Хан-Уул дүүрэгт сонгогдсон нь хүмүүсийг гайхашруулаад байна. Монголын иргэн мөн, биш гэж мэтгэж түүний тухай элдэв мэдээлэл хөвөрч байх зуурт тэрээр УИХ-д суух эрхтэй болчихлоо. МАН-аас нэр дэвшсэн түүнд Хан-Уулын иргэд итгэжээ. Энэ удаагийн сонгуулийн тарианы алтан түрүү, сор гэгдээд буй нэр дэвшигч бол Зөв хүн электорат эвслийн Т.Доржханд. Түүнийг УИХ-д суух ёстой чадалтай залуу гэдэгтэй маргах хүн үгүй байх. Т.Доржханд төрийн санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ХҮН-ын Удирдах зөвлөлийн даргын алба хашдаг. Хитоцубаши Их сургууль, Оксфорд, Харвардын их сургуулийг дүүргэсэн нэгэн.

Г.Амартүвшин, Т.Доржханд нартай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, АН-ын Б.Түвшин, “Мак”-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “Шинэ эвсэл”-ийн Л.Болд, бие даан нэр дэвшигч Ц.Цолмон, хуульч Ч.Өнөрбаяр, хуульч, эрхзүйч Т.Энхсайхан, Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Төрболдын Бат-Оргил, зохиолч Б.Наминчимэд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Та бидний эвслийн Т.Баярхүү нар нэг тойрогт “үзэлцсэн”. Түүнчлэн өмнө нь дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдож байсан зарим нэр хүндтэй улстөрчид болоод хүмүүс итгэл хүлээлгэж байсан мэдлэгтэй залуус энэ сонгуулиар гарч ирж чадсангүй.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, дуучин Самандын Жавхлан, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа, Лу.Болд, баривчлагдаад буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Л.Гүндалай, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Зандаахүүгийн Энхболд, Д.Сүндий, Б.Найдалаа, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн, АН-ын дарга С.Эрдэнэ, бие даагч С.Мөнхчулуун нарт иргэд анхаарал хандуулж, гарч ирэх боломжтой гэж харж байсан ч нэр дэвшсэн тойргийнх нь сонгогчид “нүүр буруулж” саналаа МАН-д өгцгөөв. Мөн олон хүний харамслыг төрүүлж, “Боловсролтой, зоригтой залуус нэг тойрогт орчихлоо” хэмээн халаглаж байсан Хан-Уул дүүргээс Ц.Цолмон, Ч.Өнөрбаяр, Т.Бат-Оргил нарын шижигнэсэн залуус ялалт байгуулж чадаагүйд зарим сонгогч гонсгор үлдэв бололтой. Энэ удаагийн сонгуульд монголчууд 73.65 хувийн ирцтэй оролцож саналаа өглөө.

Д.Гансаруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)