Бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Байнгын хорооны харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.07.06) хуралдаан 16 цаг 28 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажиллахаар заасан.

Хууль зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Үүний зэрэгцээ Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг; Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг; Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй.

Ингээд Ёс зүйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн нарын, Нутгийн удирдлагын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Г.Ганболд, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын, Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус тус байгуулж ажиллуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 17 нь  Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)