Иргэд өглөө бүр гимнастик хийж, дархлаагаа дэмжиж байна

Иргэд дархлаа дэмжих эрүүл мэндийн дасгалыг өглөө бүр долоон цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байна. Баянзүрх дүүргийн биеийн тамир спортын хорооноос энэхүү аяныг санаачилж зохион байгуулж байгаа бөгөөд өглөөний гимнастикийг үндэсний бүжгийн хөдөлгөөн, биелгээтэй хослуулан дэглэжээ. Өчигдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Тамирын хослол, биед эвтэйхэн хувцастай бүхий л насныхан хэдийнэ ирж биеэ халааж, дугуй жийж, хөнгөн алхаж, гүйж байлаа.

Иргэн М.Цэрэндолгор “Өглөө болгон зургаан цагт гэрээсээ гараад есөн цаг хүртэл хүрээлэнг бүтэн тойрчихоод, гимнастикаа ч хийнэ. Гэрээсээ гараад цэцэрлэгт хүрээлэн хүртэл хоёр километр гаруй замыг алхаж туулна даа. Ингэж бүтэн тойроод гэртээ харихад найман километр болж байгаа юм. Энд гимнастикийн янз бүрийн дасгалыг багш нар үнэ төлбөргүй заадаг. Дасгал хөдөлгөөн хийснээр өдрийнхөө эрч хүчийг авч цоглог болно. Өнөөдөр ардын бүжгийг хослуулсан гимнастик заана. Бие биелгээ заахад яах ийхийн зуургүй л 50 гаруй хүн цуглардаг. Биелгээ хийнэ гэдэг бүх биеийн хөдөлгөөнийг шаарддаг. Бүр гурван килограмм жин хассан байна шүү дээ. Энд ижил зорилгоор, зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс очиж идэвхтэй дасгал хийдэг. Надтай хамт дасгалд ирдэг эмээ гэхэд 70 гаруй насных. Эрүүл мэндийнхээ төлөө ингэж явахаас өөр аргагүй” хэмээлээ. Өндөр настан О.Баярсайхан “Дасгал хөдөлгөөн хийснээр сайхан эрүүлжиж байна. Эрүүл мэндээ бодоод 72 настай байж хоёр сарын турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ алхаж, идэвхтэй гимнастик хийж байна. Идэвхтэй хөдлөхөөр бие хаа хөнгөрөөд сайхан шүү” хэмээн ярилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Цагдаагийн талбайд анх ахмадуудад зориулж гимнастикийн аян эхлүүлсэн ч яваандаа хүмүүс ихэд сонирхох болсон тул ийнхүү насны хязгааргүй болжээ. Гимнастикийн багш О.Энхтуяа “Засаг даргын захирамж гарсны дараа өмнөх долоо хоногоос нийтийг хамарсан дасгал болгоё гэж шийдсэн. Дэлхий нийтэд дэгдээд буй цар тахлаас үүдэн карантинтай байсан. Тиймээс энэхүү дасгалаар иргэдийн дархлааг дэмжиж, үндэстний аялгуунд монголчууддаа зориулсан хөдөлгөөн зохиоё гэж бодсон. Би 1981 онд сургуулиа төгсөөд гимнастикийн багш хийгээд одоо тэтгэвэртээ гарчихсан. Түүнийгээ ч биелүүлж, бичлэгээ сошиал орчинд тавьсан. Ингэхэд хүмүүс өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч суръя, заалгая гэсэн. Би анх Нийслэлийн Биеийн тамир спортын хороонд ийм хөдөлгөөн зохиолоо гээд санал тавьсан юм. Тэд ч миний саналыг дэмжсэн. Дасгал хөдөлгөөний аян эхлээд долоо хонож байна” хэмээгээд “Өглөө биелгээний хөгжмөө тавиад дасгалаа эхлүүлэхэд хүмүүс сайн дураар санаачилгаараа оролцдог. Түүнээс биш энэ их цар тахлын үед кампанит ажил болгоод л хүчээр авчирсан юм биш. Бид энэ дасгалаа өглөө бүр тогтмол зохион байгуулна” гэж нэмж тайлбарласан юм.

Дасгал хөдөлгөөний багийнхан ихэвчлэн 40-50 эргэм насныхан харагдлаа. Тэд хурд хүчтэй цочмог хөдөлгөөн хийхээс илүү аядуу намуухан ая эгшигт нийцүүлэн тайван, эвсэлтэй хөдлөх аж. Бие биеэсээ зайдуухан нуруу эгц, цээж тэнэгэр зогсоод өвдгөө хагас нугалжээ. Үүнийг эхэлж ажвал монгол ардын бүжиг бүжиглэх нь үү гэлтэй. “Өглөө эрт долоон цагаас гимнастик эхэлдэг. Эрт босохоор тэр өдөржингөө ухаан санаа сэргэг, бие хөнгөн болдог. Угтаа гимнастик гэдэг бүжгийн хөдөлгөөн юм шүү дээ. Яахав энд бүжгийг арай уян болгоод л хийж байгаа. Энэхүү ахмадын эрүүл мэндийн дасгалд хүмүүс дуртай ирж, эрүүл мэнддээ анхаардаг болсон нь ажиглагдсан. Мэдээж цар тахлын үед дархлаагаа дэмжихэд хөдөлгөөн маш чухал шүү дээ. Хөдөлгөөн гэдэг эрүүл мэнд, саруул ухаан гэсэн үг. Тиймээс өөрсдөө гимнастик, дасгал сургуулилт хийсний үндсэнд бие махбодид ямар өөрчлөлт орж буйг мэдэрнэ. Ялангуяа, ахмадын хөдөлгөөнүүд яг л хүний бүх эрхтэнд нөлөөлж буй. Ерөөс өглөө болгон тогтмол алхаад хөдөлгөөнөө хийвэл турна, эрүүлжинэ. Ингэснээр нөгөө янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхгүй, эрүүлээр турна гэсэн үг” хэмээн тус дасгалын идэвхтэн иргэн Л.Баярмаа хэлэв.

Дасгалын багш О.Энхтуяа “Энэ дасгал харьцангуй тайван зөөлөн хөдөлгөөнтэй учраас үе мөч, нуруу өвддөг хүмүүст хэрэгтэй. Ер нь бидний зааж байгаа биелгээтэй хосолсон гимнастик хөлийн шагайнаас эхлээд ууц нуруу, хүзүү сээр гээд хүний биеийн бүхий л үеийг ажиллуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, биеийн бүх үеийг тосолж өгнө гэсэн үг. Анх хөдөлгөөнийг нь мэдэхгүй алдах үе гарна, долоо хоногийн дараагаас л сурчихдаг юм. Энд өглөөний гүйлтэд ирсэн хүмүүс ч нэгдээд гимнастикийг дагаж хийдэг” хэмээн шавь нартаа зөвлөж байлаа. Өндөр настай, ууц нуруу нь өвддөг хүмүүс түргэн, цочмог хөдөлж болдоггүй бөгөөд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын намуухан аялгуунд тааруулан аядуу тайван бүжиглэхэд бүхий л биед нь эерэг нөлөө үзүүлдэг аж. Зохион байгуулагчдын хувьд дасгалд хамрагдсан хүмүүсийн хоорондох зайнд анхаардаг гэж байлаа.

Өчигдөр “Dance chance” хамтлагийнхан ирж, иргэдтэй хамт дасгал хийсэн юм. Тэд багаараа үндэсний хувцсаа өмсөж, хүмүүсийг бүжигт урьж байлаа. Тус хамтлагийн багш Н.Эрдэнэ-Очир “Сүүлийн нэг сарын хугацаанд өв соёл, уламжлал болсон ардын бүжгээр бид бүхэн давлагааллаа. Энэхүү давлагааг үргэлжлүүлж, үйл ажиллагааг нь зогсоохгүй идэвхжүүлсээр байна. Одоогийн байдлаар “Шарка Барка”, “Журай Гэлдэн”, “Хатариш” гэсэн гурван челленж эхлүүлсэн. Машинаас бууж бүжиглэх нь манай төв суурин газар хийхэд аюултай, зохимжгүй. Харин өнөөдөр энд хийхээр санаачилсан. Хэцүү бүжиг биш шүү” хэмээсэн юм. Ингээд бүжгийн хамтлагийнхан халдвар хамгааллын дэглэмийг зөрчилгүй иргэдийг метр хагасын зайтай зогсоож, “Журай Гэлдэн” бүжгийн аянд дасгал хөдөлгөөн хийж эхлэв.

Цэцэрлэгт хүрээлэнд 80 настай буурайгаас найман настай балчир хүртэл дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэхээр иржээ. “Би таван настай. Бүжиглэх маш их дуртай. Энд цугласан ах эгч нар маш гоё бүжиглэсэн. Өмнө нь цэцэрлэгтээ л бүжиглэдэг байснаас энд ирж бүжиглэж байгаагүй. Хараад дагаад бүжиглэх амархан байсан. Надад бүх хөдөлгөөн нь таалагдсан” хэмээн үндэснийхээ хувцас өмссөн Ц.Сондор охин хэлэв. Түүний найз М.Түвшинбаяр “Манай найзууд гоё бүжиглэдэг. Би энд монгол үндэснийхээ хувцастай бүжиглэхэд гоё мэдрэмж төрсөн. Энэ хувцсыг миний ээжийн найз оёж өгсөн юм.

Бүжиг, дасгалууд таалагдаж байна. Би бүжиглэе гэж дандаа боддог” гэж цовоо дуугаар хэллээ. “Хүүхдээ бүжиглэхийг нь харах ёстой хөөрхөн байна. Хүүхдэдээ үндэснийх нь хувцсыг өмсгөөд гимнастикийн энэ аяныг дэмжвэл гоё юм болов уу гэж бодсон. Өмнөх өдөр нь хүүхдийнхээ дээлийг бэлдэж тавьсан. Охиноо бүжиглэж байгааг харсан чинь үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр байна. Хөгжилтэй хөөрхөн байна шүү” хэмээн Ц.Сондор охины ээж Б.Солонго ярьж байлаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын нийтийн биеийн тамирын асуудал, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлж, хөгжүүлэх чиглэлээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа юм байна. Цахим орчноос дасгалын аяны талаар мэдээллийг хараад зорьж ирж сонирхсон Н.Ариунаа, Г.Энхбат нар “Өглөөний цагийг өөртөө зориул гэдэг. Гол нь гимнастик дасгал хөдөлгөөн гэдэг нь хүнийг эрүүл байлгах зорилготой. Удахгүй сэрүү унана. Олон удаа ингэж гимнастик хийж дархлаагаа дэмжих боломж гарахгүй байх” гэж ойр зууртаа ярьж байв.

Эрүүл мэндийн дасгалын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

П.САЙНЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)