А.Лукашенко: Эмгэнэлтэй ч би бууж өгөхгүй

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Первый канал” сувгийн тоймч Антон Верницкий, “Спутник” агентлагийн ерднхий редактор Маргарита Симоньян, Товорит Москва” радио, “ОPT1” сувгийн Евгений Рожков, НТВ сувгийн улс төрийн сэтгүүлч Роман Бабаян тэргүүтэй ОХУ-ын тэргүүлэх агентлагийн сэтгүүлчидтэй ярилцжээ. Энэ нь түүний Оросын сэтгүүлчидтэй хийсэн анхны томоохон ярилцлага юм. Александр Григорьевич хэвлэлийнхний асуултад хоёр цагийн турш нээлттэй хариулсан байна. Тэд Минскийн жагсаал, Беларусийн удирдагч одоо хэрхэн амьдарч байгаа талаар ярилцжээ. Александр Лукашенко ОХУ-ын сэтгүүлчдийг Тусгаар тогтнолын ордны албан ёсны өргөөндөө хүлээн авч уулзсан аж. Энэ танхимд Элчин сайдууд Беларусийн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьдаг аж.

-Минскт болж буй үйл явдал олон улсын анхаарлын төвд байна. Энэ эсэргүүцлийг өдөөж буй хүчин зүйл юу вэ?

 

-Хэрвээ хапаасандаа хэдэн тэрбум ам.доллартай байсан бол би П.Порошенко шиг аашлах байсан биз. Гэхдээ надад хуримтлуулсан хөрөнгө, нууц данс байхгүй учраас айхгүй байна. Би өнөөдрийн биш маргаашийн төлөө амьдар гэсэн зарчим баримталдаг. Хүүхдүүддээ ч ингэж сургадаг. Зарим хүн намайг улс төрөөс зайлуулахыг хүсч байна. Би хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт явах болно. Гэхдээ ийм байдлаар улс төрийн тавцангаас буухгүй. Бүтээсэн зүйлээ бусдаар устгуулахыг зөвшөөрөхгүй. Иргэд юу ч бодолгүйгээр гудамжинд гарч жагссан. Тэднийг “хөрөнгөтнүүд” дэмжиж байгаа нь илэрхий. Хүмүүс 20 жилийн өмнө улс орон ямар байсныг санахгүй байгаад, зарим нь зүгээр л мартахыг хүссэнд урам хугарч байна.

 

-“Хөрөнгөтнүүд” гэх тодорхойлолтоо дэлгэрүүлнэ үү?

 

-Эсэргүүцлийн жагсаалыг америкчууд Польш, Чех дэх төвүүдээр дамжуулан дэмжиж байгааг мэднэ. Намайг засаг барих хугацаанд Беларусьт хоёр шинэ үе өсөж хүмүүжсэн, Мөн хөрөнгөтнүүд ч бий болж, эрх мэдлийн төлөө улайрч байна.

 

-Александр Григорьевич, та 1994 оноос улс орноо удирдаж байна. Гэтэл ард түмэн гэнэтхэн таны эсрэг босоход дургүй хүрсэн үү?

 

-Хэлэхэд хэцүү байна. Мэдээжийн хэрэг энэ үйл явдал миний хувьд доромжлол байсан. Хэдий эмгэнэлтэй ч би бууж өгөхгүй. Хэзээ нэгэн цагт тэд намайг үгүйлэх болно. Зөвлөлтийн томоохон үйлдвэрүүд хэдийнэ үүд хаалгаа барьсан байхад МАЗ, Минскийн тракторын завод одоо ч амь бөхтэй оршиж байна. "Беларусь" трактор танай улсын нэрийн хуудас.

 

Би албан тушаалаа өгөөд хилийн чинадад толгой хоргоддог “хялбархан амьтан” биш. Беларусь улсыг зүгээр ч нэг 25 жил удирдаагүй. Ард түмэн надаас залхсан байтлаа саналаа өгөх үү. Олонхын итгэлийг алдахгүйн тулд хаашаа ч зугтахгүй эх орноо эцсээ хүртэл хамгаалахаа амалъя.

 

 

-Беларусийн сөрөг хүчний талаар ямар байр суурьтай байна вэ. Мария Колесниковаг саатуулсныг хэрхэн тайлбарлах вэ?

 

-Би сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдний зохицуулах зөвлөлтэй холбоо барих бодолгүй байгаа. Учир нь өөрсдийгөө хэн болохыг ч мэдэхээ байсан нөхдийг сөрөг хүчин гэж үзэх боломжгүй. Тэдний санал болгож буй бүх зүйл Беларусийн ард түмэнд гамшиг авчирна. Тэд ах дүү ОХУ-аас харилцаагаа таслахыг хүссэн. Сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүн Мария Колесниковаг цагдан хорих нь зөв.

 

-Интернэт, телеграм сувгуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн ч хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Минскийн жагсаалд нийгмийн сүлжээнүүд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

 

-Даяаршсан цахим сүлжээ олон улсын шинжтэй болж эхэллээ. Жагсаал хүрээгээ тэлэхэд телеграм гол үүрэг гүйцэтгэсэн. Интернэтийг хаасан ч телеграмыг Польшоос удирдан ажиллуулж байгаа. Телеграмыг хэн эсэргүүцэж, блоклож чадах вэ. Америкчууд шүү дээ. А.Лукашенко гэдэг хүн унавал бүхэл бүтэн систем нуран унана. Тиймээс би бүтээсэн зүйлээ хамгаалах ёстой. Жагсаалын удирдагчидтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэхдээ гудамжны жагсагчтай уулзахгүй.

 

-Энэ байдал таны ОХУ-тай харйлцах харилцаанд нөлөөлсөн үү?

 

-Орос улстай интеграцаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Нуулгүй хэлэхэд Беларусийн жагсаалын ард байгаа хүмүүсийн алсын хараа ОХУ-ыг чиглэсэн. Магадгүй өнөөдөр Беларусь улс нурвал дараагийнх нь ОХУ байх болно. Москва гэнэтийн зүйлд бэлэн байх ёстой.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)