Т.Баярсайхан: Дарханы үйлдвэр ашиглалтад орвол ойролцоогоор 10 сая арьс шир боловсруулна

Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-аас “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн төсөөлөл, ирээдүйд улс эх орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн импортыг орлох экспортын баримжаатай орчин үеийн парк байгуулах төслийн талаар хэлэлцсэн юм.

Бид энэ талаар Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.


-“арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар яриагаа эхэлье?

-2012 оны УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үе шаттайгаар нүүлгэх тогтоол гарч байсан. Үүний дагуу 2015 онд Засгийн газрын 356 дугаар тогтоол гарч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн Шар хөвийн хоолой гэх газар руу нүүлгэ гэсэн тогтоол гарсан. Тэгэхээр энэ дагуу өнөөдөр Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн паркийнхан хийсэн ажлуудаа танилцуулж байна.

Барилгын бүтээн байгуулалтад гэвэл тог нь татагдчихсан, усны судалгаа нь гарчихсан мөн техник эдийн засгийн үндэслэлүүд нь боловсруулагдаад явж байгаа аж. Энэ бүгдийг нэгтгэсэн эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо. Цаашлаад Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн паркийн ажлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй гэж харлаа.

-Арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг мөн Дархан хотод барьж байгаа шүү дээ. Барилгын ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн хувьд бол арьс ширний салбарынхан эсэргүүцэхгүй байгаа. Гэхдээ одоо ч гэсэн Дарханы үйлдвэрүүд Эмээлтээс түүхий эдээ зөөж байгаа шүү дээ. Үүнээс гадна Дарханы арьс ширний паркад боловсон хүчин алга. Эмээлтэд байгаа ААН-үүд бол автобусаар ажилчдаа зөөчихнө. Магадгүй удахгүй Улаанбаатар хот Эмээлтийн тийшээ тэлэх байх л даа. Тэнд ажилчдын орон сууц барих бүрэн боломжтой. Харин Дарханд боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байна. Барилгын ажлын хувьд газар дээр нь очоод үзэхээр арван хувьтай л байгаа юм. Өөрсдөө бол энэ аравдугаар сард эхний үйлдвэрийг ашиглалтад оруулна гэсэн байна лээ. Ер нь бол үйлдвэр аравдугаар сард ашиглалтад орох ямар ч боломжгүй шүү дээ.

-Дарханы үйлдвэр ашиглалтад орсноор жилд хэчнээн тонн арьс шир боловсруулах боломжтой вэ?

-Ер нь тооцоогоор Дарханы үйлдвэрт 10 сая арьс шир боловсруулагдах байх. Тэгэхээр үйлдвэрүүд аль аль нь параллель маягаар л явна гэж харж байна. Гэхдээ Дарханыхны өмнөөс би юм хэлэхэд хэцүү байна. Яахав, Дарханы парк ашиглалтад орсноор Сэлэнгэ, Булган магадгүй Хөвсгөл, Төв аймгийн хойд талын сумдын арьс ширийг цуглуудаад боловсруулаад явах бүрэн боломж бий л дээ.

-Арьс ширний үйлдвэрүүд байгуулагдсанаар малчдын орлогод нөлөө бий юү?

-Малчдын орлогод ямар ч нөлөө байхгүй. Ямар нэгэн үйлдвэр байгуулагдсанаараа малчдын орлого нэмэгддэг теором байхгүй шүү дээ. Малчдын орлого нэмэгдэх гол хүчин зүйл нь нэгж бүтээгдэхүүн үнэтэй болох л явдал. Өөрөөр хэлбэл, малчнаас гарч байгаа түүхий эд чанарын шаардлага хангасан, эрэлттэй болсон нөхцөлд л түүхий эдийн үнэ нэмэгдэнэ. Жишээлбэл, малчин Дорж арьсаа зарах гэхээр үйлдэрүүд булаацалдаж авдаг, чанартай байгаа нөхцөлд л эрэлт нэмэгдэнэ. Энэ нөхцөлд л түүхий эд үнэтэй болно. Одоогоор бол хэн ч авахгүй дүүрэн яр шарх, эсгэлттэй байгаа нөхцөлд Дарханд, Эмээлтэд хэчнээн сайхан парк баригдаад ч түүхий эдийн үнэ хэвээрээ л байна.

-Монгол малын арьс ширийг дэлхийн зах зээлд гаргахад малчдын үйлдвэрт өгч байгаа арьс шир стантартад нийцдэггүй гэсэн. Хачиг хувалзанд бариулсан, арьс урагдсан гэх мэт олон асуудлууд бий. Үүн дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ерөөсөө гурван хүчин зүйлээс болоод түүхий эд үнэгүйдэж байна. Зүй нь малчин стандартын цаг хугацаандаа малдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, угаалга хийх ёстой гэсэн үг. Энэ ажил үе шаттай сайжрах юм бол хонь, ямааны арьсны үнэ өснө. Хачиг, хувалзны сорив байхгүй болно. Гэтэл яг энэ стандартаар явахад гурваас таван жилийн хугацаа шаардлагатай. Өнөөдөр угаагаад маргааш арьс нь гоё болчихно гэж байхгүй. Тэгэхээр 20 гаруй жил яваад ирсэн энэ системийг буцаагаад өөрчлөх хэрэгтэй.

- Манай улс түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг шүү дээ. Тэгвэл ядаж адуу, үхрийн арьс ширийг үнэд хүргэж болдоггүй юм уу?

-Адуу, тэмээ, үхрийн арьсыг үнэд оруулах бүрэн боломж байгаа. Харин стандартын шаардлага хангасан мал нядалгааны цех буюу махны үйлдвэрт малаа нядлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид хаана ч хамаагүй мал нядлаад, хаана ч хамаагүй зарж болж байгаа нөхцөлд нядалгааны үеийн гэмтэл арилахгүй. Тэгэхээр энэ нядалгааны үеийн гэмтлийг арилгахын тулд бид махны үйлдвэртээ стандартын шаардлагатай болох ёстой. Нэг ёсондоо хээрийн бойгоор мал нядалдаггүй болно гэсэн үг шүү дээ. Энэ нөхцөлд нядалгааны үеийн гэмтэл багасч, арьс нь үнэд хүрнэ. Нөгөөтэйгүүр малчид болон түүхий ид үйлдвэрлэгчид түүхий эд хадгалах тээвэрлэх стандартыг мөрдөх хэрэгтэй байна. Малаа нядаллаа. Арьсыг нь хоёр цагийн дотор сүүдэр газар хатаах ёстой. Бид тэгж чадахгүй байна. Зуны халуунд гялгар уутанд хийгээд л явуулчихаж байна. Эсвэл наранд тавиад хатаачихаж байна. Энэ нь өөрөө түүхий эдийн үйлдвэрийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тэгэхээр дээр дурдсан гурван нөхцөлийг шийдчих юм бол түүхий эд асуудалгүй болж үнэтэй болно. Энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд малчны орлогыг ч нэмэгдүүлж болно. Цаашлаад Хятад, Итали, Испани мөн Европын орнууд руугаа эскпортолно.

-Тэгвэл энэ гурван нөхцөлийг хангаж ажиллахын тулд яах ёстой юм бэ. Яг энэ тал дээр хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил байна уу?

-Нэгдүгээрт, бид стандартын шаардлага хангасан мал нядалгааны цехэд нядалсан малын махыг зардаг журамд орох ёстой. Энэ нь засгийн газрын тогтоолоор гарах зүйл. Хоёрдугаарт, орон нутагт мал угаалгыг цаасан дээр бус бодит байдлаар хийх хэрэгтэй. Угаасан гэсэн баахан мэдээлэл л өгөөд байна. Малчид түүхий эдээ үнэд хүргэх гэж л байгаа бол малчин өөрөө хариуцлагатай байх нь зөв. Бид эргээд хариуцлагын тогтолцоог нь буулгаж тулгах ёстой. Та стандартын цаг хугацааны дагуу малдаа ариутгал, тариа хийлгээгүй бол мал болон түүхий эдээ зарах эрхгүй. Малаа эрүүл болгосны дараа зарах ёстой гэсэн журамтай байх ёстой. Ингэхийн тулд малыг мэдээлжүүлэх ёстой. Доржийн шар халзан хонь хэзээ угаалгад орсон, хэзээ вакцин хийлгэсэн гэдгийг тодорхойлдог чиптэй болох нь зүйтэй. Мөн тээвэр, хадгалалт,хамгаалалтад сургалт зохион байгуулах. Өөрөөр хэлбэл, махны үйлдвэрүүдэд арьсыг хоёрхон цагийн дотор сэврээхгүй бол муудчихаад байна, мөн өөр олон дүрэм журмын сургалтууд орох хэрэгтэй л дээ.

-Арьс ширийг боловсруулахад химийн бодис их хэмжээгээр ашигладаг шүү дээ. Зарим үйлдвэрүүд бодисоо хөрс, усанд шингээх тохиолдол бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Химийн хортой болон аюултай бодис бий. Арьс ширний салбарт хэрэглэж байгаа 100 гаруй бодисын 7-8 нь л химийн хорт бодист орно. Бид чинь саван, тос, будаг хэрэглэдэг шүү дээ. Хортой бодис гэхээр цианти натри, мөнгөн ус гэх зэрэг бодис орно. Ер нь байгаль экологид өгөх сөрөг нөлөөг багасгахын тулд арьс ширний салбарынхан маш их хичээж ажиллаж байгаа. БНХАУ-аас авдаг байсан химийн бодисын 50 хувийг халсан. Европын орнуудаас байгаль экологид сөрөг нөлөө багатай химийн бодисуудыг оруулж ирж хэрэглэдэг болсон.

Г.НАРАНБАЯР: ӨНӨӨДӨРХААИС-Д АРЬС ШИРНЫ САЛБАРААР СУРЧ БАЙГАА ГУРАВХАН ОЮУТАН БАЙГАА

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Г.Наранбаяраас Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн талаар тодруулахад “Сүүлийн үед арьс шир боловсруулах технологи өөрчлөгдөөд маш олон төрлийн химийн бодис хэрэглэдэг болсон. Энэ химийн бодистой усыг цэвэршүүлж чадахгүйгээс үүдээд Туул голын усны бохирдлын асуудал ч эхэлсэн. Мөн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн бүсийг ус цэвэршүүлэх байгууламжаас 500 метрийн радиус дотор татсан байдаг. Гэтэл яг тэр 500 метрийн дотор бүхэл бүтэн орон сууцны хорооллууд байж байна. Энэ мэт шалтгааны улмаас арьс ширний үйлдвэрүүдээ Эмээлт рүү нүүлгэе гэсэн санаа гаргасан. Анхны шалтгаан нь зөвхөн Туул голын бохирдолтой холбоотой байсан бол, парк баригдах явцад дэлхийд өрсөлдөх чанар, технологи, хүний нөөц, бүтээгдэхүүнтэй орчин үеийн шийдэл бүхий аж үйлдвэрийн паркийг байгуулах нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь бид арьс ширний салбарт юуг нь хийж чадах вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй. Түүнээс биш Монголын бүх л малаас гарч байгаа бүтээгдэхүүн арьс шир, ноос, ноолуурыг Эмээлт дээр боловсруулна гэдэг бол хийсвэр тооцоо. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор 8000 гаруй ажлын байр шинээр бий болно. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд арьс ширний салбарт 4000 гаруй хүн ажиллаж байгаа. Үүний 1000 орчим нь арьс ширний ченж. 1800 орчим хүн нь үйлдвэр дээр ажилладаг. Гэхдээ арьс ширний үйлдвэрүүд маань тогтмол ажилладаггүй. Түүхий эдийн нөөц, улирлын нөхцөл байдлаас хамааран ажилладаг. Түрүүн дурдсан бодис хэрэглэдэг асуудал бий. Би яг ийм тийм бодис хэрэглэдэг. Ингэж хордуулдаг гэж хэлж мэдэхгүй. Яагаад гэхээр ямар үйлдвэр, ямар технологиор, ямар химийн бодис хэрэглэдэг юм бэ гэсэн судалгаа хийсэн байсан. Гэтэл үндсэндээ яг тэр химийн бодисынхоо томьёог ямар нөлөө үзүүлдэг, ач холбогдлыг нь сайн мэддэг боловсон хүчин Монголд үнэхээр алга. Шулуухан хэлэхэд, өнөөдөр ХААИС-д арьс ширний салбараар сурч байгаа гуравхан оюутан байгаа. Гэтэл бид 30 гаруй үйлдвэр барина, 8000 хүний ажлын байрыг бий болгоно гээд байдаг. Нөгөөтэйгүүр бид түүхий эд арьс, ширээ олон улсад гаргая гэхээр малчдаас үйлдвэрүүд рүү чанарын шаардлага стандартад нийцсэн түүхий эд ирдэггүй. Нэг ёсондоо малчдад хүлээх хариуцлага гэх зүйл алга. Жишээлбэл, Улаанбаатар хотод малаа оруулж ирээд зарахад манай паркийн хэсэгт олон улсын итгэмжлэгдсэн лаборитори байх хэрэгтэй.Ийм тохиолдолд мал болоод түүхий эд үнэд хүрнэ. Мөн арьс шир угаах боловсруулахад ашиглагдах усны судалгаа хийгдсэн. Үйлдвэрийн хэрэгцээтэй усыг гүний усаар хангана. Гэхдээ энэ нь ундны усанд ордоггүй технологийн ус гэсэн үг. Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор үерийн усаар урссан ус Туул гол руу нийлээд хүнд элементүүд нь газрын хөрсөнд нэвчиж шингээд тунадаг юм байна. Түүнчлэн яг манай паркийн талбайн дор тэр бохирдолтой ус нь туначихсан байна. Нэг талаараа бид тэр усыг ашигласнаараа экологийн цэвэрлэгээ хийж байна гэсэн үг.

С.ЛХАМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)