М.Блүүмберг Ж.Байденд 100 сая ам.доллар хандивлав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байдены кампанит ажлыг дэмжиж 100 сая ам.доллар хандивлахаа Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг зарлалаа. “Associated Press” агентлагийн мэдээлснээр М.Блүүмбергийн хандивыг Флорида дахь Ж.Байдены сонгуулийн кампанит ажлыг дэмжих арга хэмжээнд зарцуулах юм байна. Мөн Блүүмберг латин гаралтай сонгогчдын дэмжлэгийг авах зорилготой англи, испани хэлээрх телевизийн зар сурталчилгааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж. Флорида бол үр дүнг нь урьдчилан таамаглахад хэцүү, Бүгд найрамдах болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөх “дүүжин” мужуудын нэг. “Change Research” нийгмийн хүрээлэнгийн судалгаагаар Америкийн одоогийн удирдагч Дональд Трамп нэр хүндээрээ зургаан муж улсын сонгогчдын дунд Жозеф Байденаас доогуур байна.

Энэхүү үзүүлэлт нь санал хураалтад нөлөөлнө.

Аризона мужийн судалгаанд оролцогчдын 49 хувь нь Жо Байден, 47 хувь нь Д.Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Флоридад Байден 49, Трамп 46 хувийн дэмжлэг авчээ. Харин Мичиганд Байден 50, Трамп 44, Хойд Каролинад Байден 48, Трамп 47, Пенсильванид Байден 49, Трамп 46, Висконсинд Байден 49, Трамп 44 хувийн урьдчилсан санал авсан юм. М.Блүүмберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшсэн ч “Супер мягмар гараг”-ийн санал асуулгад тааруу дүн авч өрсөлдөөнөөс гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Энэ үеэр Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн болон Сенатын гуравны нэг, 13 мужийн захирагч нарыг сонгох юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)