Б.Марал: Монгол хүний бүтээсэн технологи дэлхийд түүчээлэх цагийг ойртуулмаар байна

Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарсан Б.МАРАЛТАЙ ярилцлаа.

-Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Хатан хааны сангаас тэтгэлэг хүртэж буй анхны монгол оюутан та боллоо. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан нь танд илүү ихийг хийж бүтээх урам зориг өгсөн болов уу?

-Баярлалаа. Монголын хамгийн анхны, нэр хүндтэй “Үнэн” сонинд ярилцлага өгч буйдаа туйлын их баяртай байна. Энэхүү тэтгэлэг нь надад их урам зориг өгч мөрөөдлөө биелүүлэх, өөрийгөө сорьж шинийг бүтээх том боломжийг өгсөн. Түүнчлэн мэргэжлийн салбартаа тэргүүлэн ажиллаж, судалгааны үр дүнгээ нээлттэй хэвлүүлж аль болох олон хүнд хүргэх онцгой эрх, боломжийг надад олгож байна.

 

-Их Британид оюуны өмчтэй холбоотой судалгааны үр дүнгээ хэвлэн нийтлэх нь хязгаарлагдмал байдаг. Ер нь судалгааг яах гэж хийдэг юм бэ?

 

-Хүн төрөлхтний мэдлэгт хувь нэмэр оруулж, бидний өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг хамтран шийдэж, аль болох олон хүний амьдралыг дээшлүүлэх зорилготойгоор судалгааг хийдэг. Иймд нээлттэй хэвлэн нийтлүүлэх нь “оpen source” буюу нээлттэй эх үүсвэр гэх software чиглэлд гарч ирж байгаа томоохон хувьсгалуудын жишээ бөгөөд миний хувьд их чухал. Бидний сайн мэдэх Google бол “open source”-ын жишээ юм.

Энэхүү тэтгэлэг нь үйлдвэрлэлийнх учир Оксфордын их сургуульд горилох докторынхоо судалгааг одоогийн ажиллаж байгаа “Satellite Applications Catapult” инновацын төвийн ажилтайгаа хослуулан хийнэ. Манай байгууллагын үндсэн чиглэлийн нэг нь уул уурхай болон байгаль орчны асуудал учир би энэ чиглэлээр дэлхийн олон улс орон, Засгийн газар, компанитай хамтран ажилладаг. Иймд миний судалгаа докторын ажлын хүрээндээ бодит асуудалд суурилсан шийдлийг олоход маш их дэмтэй юм.

 

-Таны хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт том хэмжээний байгууламжууд нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах ажлаа хэрхэн бататгаж буй нь уншигчдын сонирхлыг ихэд татаж байна. Боловсруулж буй ажлаа уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?

 

-Судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа болохоор хэвлэлийн тойм хийх, энэ чиглэлээр гарч буй шинэ технологи, мэдлэг мэдээллийг судлан нягтлах мөн хиймэл оюун ухаан ашиглах код бичих аргачлалаа улам боловсронгуй болгох, өгүүлэл хэвлэн нийтлэх зэрэг ажлыг одоогоор хийж байна. Энэ гурван жилийн хугацаанд сансарт хэдэн зуун километрийн зайнд орших Synthetic Aperture Radar хиймэл дагуул ашиглан газрын хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай илрүүлэхдээ хиймэл дагуулын хэмжилтийн геотехникийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, хөрсний ажиглагдсан хөдөлгөөний суурь механикийг дуурайх чадвартай цоо шинэ 3D тоон загварыг боловсруулна.Ингэхдээ хиймэл оюун ухааныг ашиглан (deep learning) өмнөх дэд бүтцийн нуралт болон бусад геотехникийн хэрэглээнд туршиж үзээд өргөтгөх боломжтой, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох туршилтыг хийх юм.

 

-Дээрх системийг боловсруулахад олон улсын байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр судалгааг олон салбарын төлөөллийг оролцуулан хийж байгаа гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ, гурван тэс өөр салбарыг нэгтгэх шаардлагатай. Үүнд, сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан болон геотехник багтаж байна.

 

 

 

Сансрын зайны тандан судалгаагаар суурь хэмжигдэхүүн бүхий өгөгдлийг гаргана. Уг өгөгдлийг геотехникийн хувьд баталгаатайгаар боловсруулах аргыг судалсны дараа бат бөх боловсруулсан өгөгдөлдөө тулгуурлан хиймэл оюун ухааныг ашиглан сэрэмжлүүлэх системийг бий болгоно гэсэн үг. Энэ үе шат болгонд тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах бөгөөд олон төрлийн уналт, далан дээр туршилтууд хийнэ.

 

 

 

Тухайлбал, Synthetic Apperture Radar-ын хиймэл дагуулын дэлхийд нэртэй эксперт Др.К Росси, геотехникийн эксперт, Оксфордын их сургуулийн багш Др.Б Шэйл зэрэг шилдэг эрдэмтэн, мэргэжилтэнтэй хамтран ажиллана. Энэ бүх үе шатанд хэмжилтийн тодорхойгүй байдал, үүний хэрхэн багасгах зэрэг туршиж шийдэх, санаж бодох зүйл олон бий.

 

-Та геологич мэргэжилтэй. Энэ мэргэжлийг яагаад эзэмших болсон бэ?

 

-Геологич мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол миний хайртай эмээ Др. Ё.Ханд юм. Эмээ маань өөрөө геологич мэргэжилтэй. Монголын палеонтологийг хөгжүүлэх үйлсэд маш том хувь нэмэр оруулсан эрдэмтэн хүн. Улсад тасралтгүй 45 жил ажилласан гээд бодоход аргагүй “ясны” эрдэмтэн юм. Эмээ минь зуны улиралд АНУ, Польш, Австри, ОХУ-ын гээд олон экспедицтэй хамтран хээрийн судалгааны ажлыг хийдэг байлаа. Би эмээгээ дагаж Монгол-Америкийн экспедицтэй хэд хэдэн удаа хээрийн ажилд Өмнөговийн Гурвантэс, Баянхонгорын Баянговь сумын урд хэсгээр явсан удаатай. Ингэж явахад Монголынхоо уудам нутгаар бахархаж, говь ямар их нууцыг хадгалж байгаа бол хэмээн их боддог байв. Мөн байгаль дэлхий, Монголын уудам нутаг, алтан шар говьтой харьцуулахад хүн төрөлхтөн ямар өчүүхэн, элсний нэгэн ширхэг шиг санагддаг байсан. Энэ бодлууд, говь хээрээр явсан туршлага зэрэг нь мэргэжлээ сонгоход минь нөлөөлсөн. Түүнчлэн Лондон хотод би дунд сургуульд сурч байхдаа математик, дээд математик зэргийг сонгон суралцсан нь геологич мэргэжлийг сонгох шалгуурт тэнцсэн. Их Британид нэр хүндтэй их сургуульд элсэн ороход шинжлэх ухааны хичээлүүдэд амжилттай суралцсан байх ёстой байдаг. Тэгээд ч Их Британи нь геологийн баялаг олдвортой учир энэ мэргэжлийн өлгий нутагт тооцогддог, дэлхийн шилдэг геологичид болох James Hutton, Charles Lyell гээд британичууд байдаг. Геологич их нэр хүндтэй мэргэжилд тооцогддог юм.

 

-Та Их Британийн Засгийн газрын “Satellite Applications Catapult” инновацын төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажилладаг. Энэ нь үндсэн мэргэжилтэй тань хэрхэн уялддаг юм бэ?

 

-Геологитой харин ч их сайн уялдаа холбоотой. Бид уул уурхайн хайгуулаас эхлэн миний судалгааны ажил болох хаягдлын далантай холбоотой инновацын олон төсөлд ажилладаг. Жишээ нь, өнгөрсөн жил бид ховор металл болох литийн (lithium) хайгуулын ажил хийж, энэ ажлыг алдарт “Economist” сэтгүүлд хэвлэсэн. Сансрын зайны тандан судалгаа нь шинэлэг, мөн их хурдан хэмнэлтэй хөгжиж байгаа салбар. Дэлхийг сансраас тандан судлахад геологичийн мэргэжил маш их хэрэгтэй. Би янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй ажилладаг. Тухайлбал, манай багт олон төрлийн инженерүүд (software, signal processing), газарзүй, геотехник, бизнес хөгжил зэрэг чиглэлийн хүмүүс нэг дор ажилладаг. Би ганц геологич нь учир уул уурхайтай холбоотой мега төслүүдийн геологийн ажиллагааг ойлгож үнэ цэнийг тодорхойлоход тусалдаг.

 

-Та Лондон хотыг хэдэн настайдаа зорьсон бэ. Хилийн дээс алхахад бүх зүйл шинэлэг, содон байсан уу?

 

-Би 12 настайдаа гэр бүлийнхэнтэйгээ Герман улсыг зорьсон. Дараа нь Англид очсон. Ийнхүү орон оронд очдог байсан нь ээжтэй маань холбоотой. Учир нь, тэр шинжлэх ухааны магистр, докторын зэргийг эдгээр улсад хамгаалсан юм. Баруун Европын орнууд надад их шинэлэг, содон байсан. Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөр хичээл заах арга хэлбэр зэрэг нь миний Монголд сурч байсан “Эрэл”-ийн сургуулиас их өөр. Бие даасан үзэл баримтлал, шийдвэр гаргах зэрэг амьдралын чухал зүйлсэд суралцсан. Эдгээр улсад суралцсан нь одоогийн түвшинд хүрэх бүхий л боломж бололцоог надад нээсэнд их талархаж явдаг. Гэхдээ эргээд бодоход өсвөр насны үе, насанд хүрэх болон хүүхэд насны тэр дундах том зайнд хэцүүхэн байдаг юм шиг санагддаг. Өөрийгөө ч гүйцэд таниагүй, юу хийхээ сайн мэдэхгүй, дээрээс нь энэ үед гаргасан шийдвэр бүхэн үр дагавартай. Тухайлбал, 16 настайдаа цаашид юу хийж, хэн болохоо дунд сургуулийн A Level-дээ сонгодог. Хэрэв би матемитик эсвэл дээд математикт сонгон амжилттай суралцаагүй бол томоохон их сургуулиудад шинжлэх ухааны юм уу инженерийн чиглэлээр элсэн орж мэргэжил эзэмших зам бараг хаалттай байх байсан. Хүний нутагт анх ирэхэд ойр дотнын хүмүүс, найз нөхдөөсөө хол байхаас гадна хэл яриа, сэтгэлгээний ялгаатай байдал нэлээд гардаг юм билээ.

 

-Одоо Лондонд гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байна уу?

 

-Би Оксфордод амьдардаг. Гэр бүлийнхэн маань Монголд байгаа.

 

-Гаднын орон, өөр орчинд сурч боловсроход танд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан бэ?

 

-Маш сайхан асуулт байна. Миний хувьд бүх бэрхшээлийн суурь нь өдөр тутмын амьдралд урсгалаараа урсаад байх тэр хандлага болов уу гэж боддог. Энэ хандлагыг би залхуурал гэхгүй. Гэхдээ ажлаа тараад ямар ч энергигүй тэр үедээ том зорилгынхоо төлөө тогтвортой хүч чадал гаргах нь тийм амар биш. Жишээ нь, би таван жилийн турш ажлынхаа хажуугаар бие даан код бичиж сурсан. Энэ нь миний одоогийн хүрсэн амжилтын суурь болоход их дөхөм болсон. Тэгээд ч сурч боловсорно гэдэг их сургуулийн системээс хойш ч үргэлжилдэг үйл явц гэж ойлгодог. Сургуульд хүн яаж сурах чадвараа илүүтэй олж авдаг, цаашид ажил дээр гараад тэр сурах чадвараа дадлага, туршлагатай хослуулж өөрийн карьераа бий болгодог.

Энгийнээр хэлбэл, хүн ховор эсвэл үнэтэй ур чадвартай байж өөрийн ажиллаж буй чиглэлдээ үнэ цэн авч ирдэг. Өөрийн ажиллаж, сурч буй чиглэлдээ хамгийн хүнд, хэцүү эсвэл ховор зүйлсийг нь олж харах хэрэгтэй. Тэгээд тэр зүйлийг тултал сурах нь чухал болов уу. Геологи болон зайны тандан судалгаанд код бичих хүмүүс ховор байдаг болохоор би үнэгүй MOOC-нүүдээс Python сурч эхэлсэн. Python нь өндөр төрлийн программчлалын хэл юм. Үүнийг гайгүй сурсан үеэсээ эхлэн ажил дээрээ software болон өөрийн багийн дунд гүүр болон ажиллах болсон. Энэ нь миний зүгээс ажилдаа өгөх мэргэжлийн саналын үнэ цэнийг ихээр нэмэгдүүлсэн юм.

 

Би дүрслэх урлагт дунд сургуульд байхаасаа суралцсан. Тэгэхээр зурах, код бичих ижил төстэй үйл ажиллагаа шиг санагддаг. Хоёулаа гүн төвлөрөл, тэвчээр мөн бүтээлч байдлыг шаарддаг. Нэг үгээр бол, усны дусал чулууг элээдэг шиг тогтвортойгоор өөрийгөө чиглүүлж, хийж байгаа зүйлдээ олон цаг зориулах чадвар юм болов уу.

 

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

 

-Монголд 2019 оны зун ажлын найзуудтайгаа хамт очсон. Монголын тухай байнга ярьдаг тул найзууд маань бодитоор очиж үзэхийг хүссэн юм. Тэдэнд их таалагдсан. Ялангуяа, миний гэр бүлсэг, ойр дотно харилцаатай байдал их сайхан санагдсан гэсэн. Намайг Монголд амралтаараа ирэхэд “Coal Mongolia” олон улсын ээлжит хурал болж, Британийн технологийг таниулах зорилгоор Их Британийн Элчин сайдын яам, Хөгжлийн агентлагтай хамтран байгууллагаа төлөөлж сансрын тандан судалгааг улс орны хөгжлийн мега төслүүдэд хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ зун цар тахлаас болоод очиж чадсангүй.

 

-Ярилцлагын төгсгөлд танаас мөрөөдлийн тань талаар асууя гэж бодлоо?

 

-Чухал асуулт байна. Одоогоор хэд хэдэн томоохон мөрөөдөл байгаа. Заримаас нь дурдвал нэгдүгээрт, мэдээллийн эрин зууны давуу талыг ашиглан Монголынхоо нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих төсөл хэрэгжүүлж, дэлхийн мэдлэгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 

 

Сансар, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц төвүүдийг Монгол Улсдаа байгуулах боломжийг бүрдүүлэх тал дээр ахтайгаа хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Энэ ажилдаа эмзэг бүлгийнхэн болон өрх толгойлсон эцэг, эх зэрэг боломж хязгаарлагдмал хүмүүсийг оролцуулж, тэднийг дэмжин ажиллах зорилготой.

 

Хоёрдугаарт, докторантураа дуусгаад дэлхийн томоохон дэд бүтцүүдийг сансраас, тэр дундаа Монголоос хянах үйлчилгээг бий болгохоор зорьж байна. Ингэснээр Монгол Улс, монгол хүний бий болгосон технологийг дэлхийд түүчээлэх цагийг ойртуулах юм. Гуравдугаарт, дээр дурдсан ажлуудаа одоогийн зэрлэг капитализмын хандлагаар биш өөр зарчмаар хийж дэлхийд гайхуулах зорилготой. Жишээ нь, хүмүүсийг цалингийн боолчлолоос чөлөөлж ажиллаж байгаа хүн бүр компанийнхаа ашгаас хүртэх боломжоор хангах зэрэг арга туршиж үзэх бодол байгаа. Одоогоор бүрэн томьёолж чадаагүй, ажлынхаа хажуугаар энэ тухай уншиж судалж байна.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)