Д.Оюунтуяа: Шигшээ багт багтах нь тамирчин, дасгалжуулагчийн хувьд маш том хариуцлага

Монгол Улсад орчин үеийн хэрэглэлийн гимнастик хөгжсөний ойн босгон дээр спортын гимнастикийн үндэсний шигшээ багийг бүрдүүлж, дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Д.ОЮУНТУЯА ажиллахаар болсон бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Төр, засгаас спортын салбарт анхаарал хандуулж олон ажил хийж байна. Спортын зарим холбооны үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Үүний нэг илрэл нь спортын гимнастикийн үндэсний шигшээ багийг бүрдүүлсэн явдал боллоо. Та энэ шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, спортын гимнастик дахин сэргэж, олны анхааралд өртөх эсэх нь танаас шалтгаалахаар болж байна?

 

-Би Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бага насны хүүхдүүдтэй ажилладаг байсан гэсэн үг. Тэнд өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх зорилгоор дүүргийн шигшээ багийг бүрдүүлэн дасгалжуулж байгаа юм. Хүүхдүүдтэйгээ тэмцээн уралдаанд оролцохын хажуугаар бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Харин намайг спортын гимнастикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болгосон нь маш их үүрэг хариуцлага ногдууллаа. Миний бэлтгэж байгаа тамирчдаас тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргахыг хүлээхээр болж байна гэсэн үг. Энэ утгаараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болохоос эмээж байгаа ч үүнээс спортын гимнастикийг улс өндөр түвшинд анхаарах уу, урсгалаар нь байх уу гэдгийг шийдэх чухал үе ирээд байна гэж би хувьдаа хүлээн авч байгаа юм. Олимпын аварга болж байсан Г.Эрдэнэболд мөрөндөө гэмтэл авснаас бэлтгэл сургуулилалтаа хийх боломжгүй болсон. Түүнээс хойш энэ жил л спортын гимнастикийн үндэсний шигшээ багийг байгуулж байна. Шигшээ багт орно гэдэг тамирчин, дасгалжуулагчийн хувьд маш том хариуцлага.

 

-Спортын гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчнаар хэнийг сонгон бэлтгэл сургуулилалт хийлгэж байна вэ?

 

-Тамирчнаар спортын дэд мастер Д.Энхтүвшин, бэлтгэл хангагчаар дэд мастер Э.Өсөхбаяр ажиллана. Манай олон улсын тэмцээний багт гурван тамирчинтай байдаг. Бүр нарийн яривал таван тамирчинтай байх ёстой. Учир нь, хоёр тамирчин нөөцөнд явдаг. Тиймээс эхний тэмцээндээ амжилт гаргасны дараа шигшээ багтаа дахин нэг хүүхэд авъя гэж гуйх гэж байгаа юм. Спортын гимнастик спортын бүх төрлөөс нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Тамирчнаас маш их ур чадвар шаардсан хүнд спорт л доо. Тиймээс тамирчин бэлтгэхийн тулд багадаа найман жил зарцуулдаг. Монгол хүүхэд их өөр. Би өмнө нь хятад хүүхэдтэй ажиллаж байсан. Монгол хүүхэд заасан зүйлийг харьцангуй хурдан хүлээж авдаг. Гэхдээ бид амжилтад хүрэхэд олон зүйл саад болдог. Манай улсын ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдээс их зүйл шаарддаг. Өөрөөр хэлбэл, олон төрлийн хичээлийг судлах, даалгавар их өгөх юм.

 

Эцэг, эх нь хүүхдээ спортдоо анхаарал хандуулаад эхлэхээр “Энэ нөхрийн толгой нь хоосон болох нь” гэдэг. Энэ мэт зүйлээс шалтгаалан спортын гимнастикаар хичээллэж байсан хүүхдүүдэд арай ачаалал бага өөр спортыг сонирхож эхэлдэг. Тийм болохоор аливаа зүйлийг эхлүүлэхдээ маш зөв төлөвлөж, тооцоолох хэрэгтэй юм болов уу гэж би хардаг болсон. Байшингийн суурийг сайн тавьчихвал дараа дараагийн ажилд нь тустай. Үүний нэгэн адил спортын гимнастик бол бүх зүйлийн суурь болж өгдөг. Сүүлийн үед спортын бусад төрлийнхөн үүнийг ойлгож спортын гимнастикаар хичээллэж байна.

 

-Энхтүвшин таны гарын шавь уу. Хэдэн наснаасаа спортын гимнастикаар хичээллэсэн бэ?

 

-Энхтүвшин спортын гимнастикаар 10 дахь жилдээ хичээллэж байна. Бид өмнө нь олон улсын дундаж түвшний тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Спортын гимнастикийн эрэгтэй тамирчин зургаан хэрэглэл дээр бэлтгэл хийж, хэрэглэл тус бүрд оноо авснаараа эхний найман байрт эрэмбэлэгдсэн тамирчин медалийн төлөө өрсөлддөг. Тиймээс хэрэглэл тус бүрийн үзүүлэлтэд анхаарч бэлтгэлээ эхлүүлж байна. Бид ирэх жил зургаан тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Эхлээд эхний найман байрт шалгарахын төлөө ажиллана. Одоогийн амжилтаар зургаан хэрэгслээс хоёр нь тив дэлхийн тамирчдын хэмжээнд ойртоод байгаа гэж ойлгож байгаа. Манай улсад спортын гимнастикаар амжилт гаргахад нэг хүндрэлтэй зүйл байдаг нь шүүгчийн асуудал юм. Тамирчнаа медальд зүтгүүлж байгаа улс бүгд өөрийн орны шүүгчтэй байдаг. Гэтэл манайх шүүгчгүй. Үүнээс шалтгаалан ямар ч алдаа гаргахгүй болтлоо бэлтгэж байж тамирчин амжилт гаргана.

 

-Та охиноо дасгалжуулагчаар бэлтгэж байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

 

-Миний бага охин спортын гимнастикаар хичээллэж байгаад мэргэшихээр гурван жилийн өмнө Москва руу сурахаар явсан. Сүүлийн үед охиндоо дасгалжуулагч болох санал тавьж байгаа. Сүүлийн үед эмэгтэй шүүгч эрэгтэй тамирчдын тэмцээнийг дэнсэлдэг болсон байна. Эмэгтэй дасгалжуулагч эрэгтэй тамирчдыг бэлтгэдэг болжээ. Эхэндээ эвгүй санагддаг байсан ч одоо өөрөө ажиллаж байна.

 

-Тамирчныхаа амжилтыг ахиулахын тулд сургуулийнх нь багштай ч уулзах тохиолдол гардаг гэж та хэлсэн?

 

-Эцэг, эхтэй нь уулзахаас эхлээд сургуулийнх нь багш нартай ч ярилцдаг. Учраа хэлж, зав чөлөө гаргах тал дээр хүртэл анхаардаг юм. Ер нь сайн тамирчин бэлтгэхийн тулд дасгалжуулагч маш их хөдөлмөрлөдөг юм шүү дээ.

 

-Бэлтгэл сургуулилалт хийх заал танхим хангалттай байдаг уу?

 

-Уг нь зааландаа их засвар хийлгэсэн юм. Харамсалтай нь, засварын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан компани засвараа дутуу хийснээс дусаал дусдаг. Тиймээс бороо орж байгаа үед бид бэлтгэлээ зогсоохоос өөр аргагүй. Өнгөрсөн жил манай улсад олон улсын тэмцээн болж, бид иж бүрэн хоёр хэрэглэлтэй болсон. Заалны хэрэглэл материалыг бүрэн шинэчиллээ. Хүмүүс хүүхдээ гимнастикаар хичээллүүлэх нь олширсон байна. Эцэг, эхчүүд хүүхдээ мэргэжлийн тамирчин болгоно гэхээсээ илүү бие бялдарт нь анхаарч гимнастикаар хичээллүүлдэг болжээ.

 

 

-Ирэх жил хэд хэдэн тэмцээн уралдаан төлөвлөжээ. Эхнийх нь хаана, хэзээ болох вэ?

 

-Хамгийн түрүүнд бид Япон улсад болох олон улсын тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд байгаа бүх бололцоогоо дайчлан оролцохоор төлөвлөж байна. Гэхдээ би олимпын эрх авна гэж хэлэхгүй.

 

Миний хамгийн дургүй зүйл онгирох. Тамирчин байхдаа онгирч байгаад савлуураас мартахын аргагүй унаж хаширсан. Түүнээс хойш онгирох, ам гарахаас зайлсхийдэг болсон. Амьдрал хүний тиймэрхүү занг аяндаа дараад өгдөг юм билээ. Тэгэхээр бид тэмцээнд амжилттай оролцохын тулд бүхий л бололцоогоо дайчилна. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийж байна. Түүний гурван өдөр нь тэмцээний бэлтгэл хийж байгаа юм. Ингэж бид амжилтаа ахиулахын төлөө алхам алхмаар урагшилж байна. Жилд ганц удаа хийдэг хээрийн бэлтгэлээ зохион байгууллаа. Ингээд л бужигнаж явна.

 

-Үндэсний шигшээ багийнхны цалин хангамж ямар байна. Бусад зүйлд санаа зовохгүйгээр бэлтгэлдээ анхаарах боломжийг бий болгож чадаж байна уу?

 

-Өмнөхөө бодвол байдал дээрдсэн. Үндэсний шигшээ багийг байгуулсны дараа уураг өгсөн.

 

-Танд эмэгтэй багтай болох бодол бий юү?

 

-Уг нь спортын гимнастикийн эмэгтэй багтай болох боломж байсан ч санаснаар бүтсэнгүй. Сүүлийн үеийн хүүхдүүд шантрамтгай болсон байна. Бидний бэлтгэсэн тамирчныг өөрсдөдөө элсүүлэх хүмүүс байх болжээ. Олон жил гимнастикаар хичээллэсэн хүүхдийн бүх зүйл нь өв тэгш болчихдог. Тиймээс тэдний хувьд ажиллахад хялбар болдог байх. Хөдөлмөрлөх хүсэлгүй залуу багш олон болчихсон юм шиг санагддаг.

 

-Хамтарсан бэлтгэл хийх тал дээр та хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

 

-Бид Хятад гэхээсээ илүү Орост хамтарсан бэлтгэл хийнэ гэвэл хялбар байх. Ер нь хятадууд хамтарсан бэлтгэл авахдаа муу. Босго өндөртэй. Магадгүй жүдо, бокс зэрэг топ спортынхныг тэд дуртай хүлээж авах байх. Гэхдээ юм сурахын тулд шүү. Дөнгөж хичээллэж байгаа болон бэлтгэл хийгээд удаагүй тамирчдадаа хамтарсан бэлтгэл авдаг. Түүнээс биш өндөр зэрэглэлийн тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийх боломжгүй. Үүний оронд оросуудтайгаа ярилцвал хамтарсан бэлтгэл хийх боломж нь илүү. Хүүхдүүд ч орос хэл сурна. Япончуудтай манай холбооны нарийн бичиг ярьсан гэсэн. Гэхдээ тэнд очлоо гэхэд байрлах газар алга. Бид Орост очлоо гэхэд ийм зовлон байхгүй. Учир нь, тэнд дотуур байртай байдаг юм.

 

-Цаашид эмэгтэй тамирчинтай болоход товлосон тамирчин бий юү?

 

-Намуунаа, Мөнхнаран гээд сайн тамирчин бий. Тэдэнтэй одоо ч гэсэн давхар ажиллаад явж байна. Боломж олдвол олон улсын тэмцээнд оролцуулна даа. Би оюутан байхдаа Универсиадад оролцож байгаагүй. Тухайн үед өвдгөө гэмтээчихсэн. Тиймээс тэр тэмцээнд тамирчидтайгаа оролцохоор зорьж байна.

 

-Та бүхэнд боломж байгааг харсан учраас үндэсний шигшээ багийг бүрдүүлсэн гэж бодож байна. Удахгүй сайхан мэдээтэй уулзана гэдэгт итгэлтэй байна.

 

-Би ямар нэгэн зүйл амлахгүй. Харин байгаа бүхий л бололцоогоо дайчилна. Үр дүнтэй байхын төлөө хичээх болно.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)