“Үхлийн хэсэг”-ийг Германы машинууд тэргүүлэх үү, отгон аваргууд уу

ЕАШТ-2020

Европын хөлбөмбөгийн холбооны “Евро-2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд албан ёсоор дуусаж, 24 баг эцсийн байдлаар тодорлоо. Финалын шатанд Хойд Македон, Унгар, Шотланд, Словакийн шигшээ эрхээ авчээ. Хойд Македоны хувьд финалын шатанд Гүржийг 1:0-ээр буулган авснаар түүхэндээ анх удаа “Евро-2020”-д оролцох эрхтэй болов. Тэгвэл дөрвөн жилийн өмнө хөлбөмбөг сонирхогчдод гэнэтийн бэлэг барьж чадсан Исландын шигшээ урьдчилсан шатыг давсангүй. Тэд финалд Унгарын эсрэг талбайд гарсан ч 1:2-оор хожигдлоо. Уг нь эхний гоолыг исландчууд оруулж, 88 дахь минут хүртэл тэссэн ч богино хугацаанд хаалгандаа хоёр гоол алдсанаар мултрав. Словак шигшээ багийнхаа түүхэнд хоёр дахь удаагаа Европын аваргад оролцох бол шотландчууд хүчирхэг Сербийн багийг торгуулийн цохилтоор буулган авснаар шилдэг 24-ийн тоонд багтсан юм. Хэсгийн тоглолтууд Англи, Нидерланд, Испани, Герман тэргүүтэй есөн оронд болно. Түүнчлэн шөвгийн найм, 16-гийн тоглолтыг Москва, Ром, Баку зэрэг олон хотод хүлээн авна. Харин хагас шигшээ болон, алт, хүрэл медалийн төлөөх тоглолтыг Английн Лондон хотод зохион байгуулах аж. Европын АШТ энэ зун болох ёстой байсан ч цар тахлын улмаас 2021 он болж хойшлогдсон билээ. Ингээд хэсэг тус бүрт багтсан багуудын мэдээллийг тоймлон хүргэе.

 

А хэсэг: Итали, Турк, Уэльс, Швейцар Энэ хэсгийн тоглолт Италид болно. Гол фаворит нь Итали. Тэднийг хэсгээ тэргүүлэх магадлал 80 хувьтай бол Турк, Швейцарын шигшээгийн хооронд хоёрдугаар байраар шалгарахын төлөөх гол өрсөлдөөн өрнөхийг мэргэжилтнүүд таамаглаж байна.

В хэсэг: Бельги, ОХУ, Дани, Финланд Бельгийг эс тооцвол бусад гурван баг хоёрдугаар байрын төлөө ширүүн өрсөлдөх нь дамжиггүй. Харин Бельги хэсгээ тэргүүлнэ. Хоёрдугаар байраар ОХУ уу, Дани уу. Дээрх хоёр багт Бельгийн хамт хэсгээсээ шалгарах магадлал хамгийн их. Энэ хэсгийн тоглолтууд Дани, ОХУ-ын нутаг дэвсгэрт болох юм.

С хэсэг : Украин, Нидерланд, Австри, Хойд Македон Нидерландын шигшээ баг хэсгээ тэргүүлэх маш сайхан боломж. Тус хэсэгт орсон багуудыг зиндаархахын сацуу тус хэсгийн бүх тоглолт Нидерландын талбайд болно гээд олон давуу талтай. Харин хоёрдугаар байраар Украин шалгарах магадлал 60, Австри 40 хувьтай гэх таамаглал хөвөрч байна. Европын аваргад анх удаа оролцож буй Хойд Македонд уг тэмцээн зүгээр л бөөн туршлага болох нь дамжиггүй. Гэхдээ тэд дөрвөн жилийн өмнөх Исланд шиг гэнэтийн бэлэг барихыг үгүйсгэх аргагүй юм.

D хэсэг: Англи, Хорват, Чех, Шотланд Хөлбөмбөгийн оддоор багаа бүрдүүлсэн Английн шигшээ хэсгээсээ шалгарах нь маргаангүй үнэн. Гэхдээ тэднийг хэсгээ тэргүүлэхэд Хорват саад болж мэднэ. Ерөөсөө Англи, Хорватын хэн нь хэсгээ тэргүүлэх вэ гэдэг асуулт хөлбөмбөг сонирхогчдын дунд үлдэж байна. Англичууд хэсгийн тоглолтуудаа талбайдаа хийх учраас энэ нь магадгүй том давуу тал болох биз. Тэгвэл Чехийн шигшээ гурав, Шотланд хэсэгтээ дөрөвдүгээр байр эзлэх дүр зураг харагдаж байна. Энэ хэсгийн тоглолтууд Англи, Шотландын багийн талбайд өрнөнө.

Е хэсэг: Испани, Швед, Польш, Словак (Испани) Бүх тоглолтоо талбай дээрээ хийх Испанийн шигшээ баг хэсгээ тэргүүлэх нь ойлгомжтой. Харин хоёрдугаар байраар шалгарсан баг Швед байх уу, Польш уу гэдэг нь сонирхол татаж байна.

F хэсэг: Герман, Португал, Франц, Унгар “Үхлийн” гэх тодотголтой хэсэг. Унгарчууд эцсийн мөчид шилдэг 24-ийн эгнээнд багтахдаа “Үхлийн хэсэг”-т багтах нь тэр. Дэлхийн аваргаас хоёр мөнгө, Европын аваргаас нэг хүрэл медаль хүртэж байсан тэд дөрөв дэх удаагаа ЕАШТ-д оролцох гэж байгаа нь энэ. “Шидэт мажарууд” энэ удаа томчуудтай хэрхэн өрсөлдөх бол. Уг нь унгарчууд хэсгийн тоглолтуудаа өөрийн талбайд хийх бөгөөд энэ нь давуу тал юм. Гэхдээ өрсөлдөгч багуудын гуншин их. Герман л гэхэд ДАШТ-д 19 удаа оролцохдоо дөрөв, ЕАШТ-д 13 удаа оролцохдоо гурав түрүүлсэн. Тэгвэл Португалийн шигшээ аварга цолоо хамгаалахаар ирж буй. Харин Франц дэлхийн аварга болон Европын аваргад хоёронтаа түрүүлсэн. Тэгэхээр унгарчуудад хэсгээс шалгарах магадлал тун бага. Гэхдээ талбайн аз ивээвэл аваргуудыг ардаа орхиж, хасагдах шатанд үлдэж мэдэх л юм.

Бразил, Уругвай хожиж, Аргентин тэнцлээ

 

КАТАР-2020

Хөлбөмбөгийн томоохон лигүүд түр завсарлах хооронд ЕАШТ-ий урьдчилсан шатны финал, ДАШТий урьдчилсан шатны тоглолт, “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн болж өнгөрлөө. Үүнээс хоёр жилийн дараа хөшгөө нээх хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Өмнөд Америкийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд болов. Үр дүнг тоймлон хүргэе.

 

Колумби 0:3 Уругвай

Кавани, Суарес зэрэг багийн лидерүүдийн гайхалтай тоглолтын ачаар тун хэрэгтэй гурван оноогоо авч чадлаа. Гурван тойргийн дараа тэд зургаан оноотой дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна_.

 

Чили 2:0 Перу

Артур Видаль бол Чилийн шигшээ багийн гол түлхүүр гэдгийг энэ тоглолт баталлаа. Тэрбээр эхний 45 минутад хоёр гоол оруулснаар анхны ялалтаа байгуулж, дөрвөн оноотой болох нь тэр.

 

 Бразил 1:0 Венесуэл

Фирмино багтаа хожил авчрах цорын ганц гоол оруулснаар бразилчууд хэсэгтээ бүстээ хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж байна. Тэд есөн оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байгаа юм. Харин Венесуэл гурав дараалан хожигдлоо.

 

Боливи 2:3 Эквадор

Хоёр багийн тоглолт тун сонирхолтой байлаа. 2:2-оор тэнцсэн байхад Эквадорын Груэсо тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө торгуулийн цохилт цохисноор хувь заяаг шийдсэн. Боливичууд анхны оноогоо авахын тулд хоёрхон минут хамгаалахад хангалттай байсан ч чадсангүй. Тэд гурав дараалан хожигдсоноор Венесуэлтэй хамт сүүл мушгиж байна.

 

 Аргентин 1:1 Парагвай

Аргентинчууд талбай дээрээ оноо алдлаа. Тоглолтын эхний гоолыг Парагвайн шигшээ багийн Ромеро оруулсан бол хариуг нь 41 дэх минутад талбайн эзэд барьсан. Үүнээс хойш гоол орсонгүй. Эхний хоёр тоглолтдоо хожоод байсан аргентинчууд гуравдугаар тойргоос бүтэн оноо авч чадалгүй Бразилыг урдаа гишгүүлэв.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)