Aваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа болно

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн нэр бүрэн тодорлоо. Хэсгийн шатыг зургаан хожилтой дуусгасан баг байхгүй ч хожигдолгүй дуусгасан хоёр баг бий.

Тэр нь “А” хэсгийг тэргүүлсэн “Бавари Мюнхен”, “С” хэсгийг манлайлагч “Манчестер Сити” юм. Шөвгийн 16-д Англи, Италийн гурав, Герман, Испанийн дөрөв, Франц, Португалийн тус бүр нэг баг үлдэв. Тэгвэл нэг ч хожил аваагүй таван баг байна. Хэсгийн тоглолтыг тоймлон хүргэе.

 

А ХЭСЭГ Өнгөрсөн улирлын аварга Германы “Бавари Мюнхен” баг энэ хэсгийг тэргүүлж, 16 оноотой хасагдах шатанд шалгарав. Товчхондоо энэ хэсгийн тоглолт хөлбөмбөг сонирхогчид болон мэргэжилтнүүдийн таамаглалын дагуу явагдсан гэхэд болно. Германы багаас гадна Испанийн “Атлетико Мадрид” зангаргаараа хасагдах шатанд үлдсэн бол “Зальцбург” хэсгээсээ гурваар шалгарч евролигт өрсөлдөхөөр болов. Оросын “Локомотив” нэг ч ялалт байгуулж чадсангүй.

В ХЭСЭГ Хамгийн сонирхолтой өрнөсөн хэсэг гэхэд болно. Испанийн эзэн хааны баг тийм ч сайн байсангүй. Хэсгийн тоглолтод гурван хожил байгуулж, нэг тэнцлээ. Тэдэнтэй нэг хэсэгт багтсан гурван баг тийм ч сайн байгаагүй тулдаа “Реал Мадрид” хасагдах шатанд үлдлээ. Уг хэсгийг 10 оноотой тэргүүлсэн ч хасагдах шат тэдэнд амаргүй байх нь ойлгомжтой. Аль ч баг шөвгийн 16-д үлдэх магадлалтай байсныг энэ хэсэгт багтсан дөрвөөс харж болох байлаа. Гэхдээ “Интер” хамгийн азгүйнь болов. Тэдний хувьд аваргуудын лигийн улирал дуусч байна. Харин Украины “Шахтёр” евро лиг рүү унасан бол Германы төлөөлөл “Гладбах” шөвгийн 16-д шалгарлаа.

С ХЭСЭГ Английн топ багуудын нэг “Манчестер Сити” клуб хэсгээ тэргүүлсэн бол Португалийн лигийн манлай баг “Порту” удааллаа. “Олимпиакос”, “Марсель”-тай адил гурван оноотой ч гоолын зөрүүгээр Грекийн баг Евролигт өрсөлдөнө.

“D” ХЭСЭГ Аваргуудын лигт түрүүлэх магадлалтай таван багийн нэгээр нэрлэгдэж буй Английн “Ливерпүүл” хэсгээ тэргүүлж, Италийн “Атланта” удаалав. Харин Нидерландын “Аякс” евролигт өрсөлдөнө. “Ливерпүүл”- ийн хувьд дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой хэсгийн тоглолтыг дуусгалаа.

Е ХЭСЭГ Английн Лондон хотыг аваргуудын лигт төлөөлж буй “Челси” дөрвөн хожил, хоёр тэнцсэн амжилтаар хэсгээ дуусгав. Тэдний гол өрсөлдөгч “Севилъя” дөрвөн хожсон ч нэг хожигдсоноор 13 оноотой удаалж байна. “Краснодар” нэг хожлынхоо ачаар евролигт шалгарчээ.

F ХЭСЭГ Германы топ дөрвөн багийн нэг “Боруссиа Дортмунд” дөрвөн хожилтойгоор хэсгээ тэргүүлэв. “Лацио” хэсгийн тоглолтод хожигдоогүй ч хоёр хожиж, дөрөв тэнцсэнээр удааллаа. Улирал эхлэхэд Оросын “Зенит”-ийг дээгүүр амжилт үзүүлэх болов уу гэсэн таамаглал байсан ч “Брюгги” тэднээс илүү байсан учраас евролигийн эрхтэй үлдэв. Тэд хэсгээс шалгарах боломж ч байсныг дурдах хэрэгтэй.

G ХЭСЭГ Италийн үнэмлэхүй аварга “Ювентус” зургаадугаар тойрогт “Барселона”-г талбай дээр нь 3:0- ээр хожсоны ачаар хэсгээ тэргүүлэв. Уг тоглолтод багийн лидер Роналду онцгой нөлөө үзүүлсэн. Хөлбөмбөг сонирхогчид Роналду, Месси нарын дуэлийг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд энэ удаа Роналду илүүрхлээ. Харин тоглолтын дараа мэргэжилтнүүд Мессиг хэвийн бус байсан гэж тодотгосон. Каталоны нэр хүнд болсон “Барселона” нэг ч хожигдолгүй явж байгаад сүүлийн тойрогт ялагдсан. Энэ нь тэднийг дэд байраар шөвгөрөхөд нөлөөлөв. Таамаглал ёсоор “Динамо Киев” хэсгийнхээ гуравдугаар байрт шалгарсан.

Н ХЭСЭГ Францын үнэмлэхүй аварга “ПСЖ” гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлэв. Харин Германы “Лейпциг”-ийн хувьд хэсгийг тэргүүлэгчтэй оноо тэнцсэн ч хаалгандаа олон гоол алдсан. Энэ нь тэднийг хэсэгтээ удаалах гол шалтгаан болов. Харин Английн “Манчестер Юнайтед” гурав хожиж, гурав хожигдсоноор евролиг рүү уналаа. Хасагдах шатны эхний даваа буюу шөвгийн 16-д хэсгийн шатанд учраа таарсан болон нэг улсын хоёр баг хоорондоо тааран тоглохгүй дүрэмтэй. Мэргэжилтнүүд “Барселона” багт хамгийн чанга оноолт таарна гэж үзэж байна. Учир нь тэдний хасагдах шатны боломжит учраануудаар “Бавари Мюнхен”, “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Челси”, “Боруссиа Дортмунд”, “ПСЖ” нар тодорсон. Аваргуудын лигийн хасагдах шатны эхний ээлжийн тоглолтууд 2021 оны хоёрдугаар сард болно.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)