У.Хүрэлсүх: Төрийн үйлчилгээний анхан шатны нэгжийн албан хаагчийн алдаа Засгийн тэргүүний огцрох шалтгаан байж болохыг төрийн албан хаагч нэг бүр мэдээсэй гэж хүсч байна

 Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцсон гишүүдэд огцрох болсон талаараа хариулахдаа тэрбээр;

“Хоёр хоногийн өмнөх үйл явдал сэтгэл эмзэглэм байлаа. Цар тахалтай тэмцэх ажил бол санааны зоргоор, бүгдийн таалалд нийцүүлж хийх ажил биш. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гардаг. Зөвхөн Монгол Улс биш, дэлхий даяараа цар тахлын өмнө хөл алдаж байна. Цар тахлын эсрэг хийж буй тэмцлийн явцад хүний эрхийн зөрчлүүд гарсан. Гэхдээ энэ нь Улсын онцгой комисс болон бүх шатанд ажил хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш, гэр бүл, хувийн амьдралаа мартаад, хэдэн арван хоногоор өвчтөнүүдээ эмчилж, өөрөө өвчин тусаж, нийтийн дэг журмыг сахиулахаар ажиллаж байгаа хүмүүст бид баярлах ёстой.

Монгол төрд тангараг өргөсөн 190 гаруй мянган төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай богинотой байдгийг адилаар улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байна.

Төрийн ажил хариуцлагатай, сахилга баттай, дэг журамтай байх ёстой. Төрийн үйлчилгээний анхан шатны нэгжийн албан хаагчийн алдаа Засгийн тэргүүний огцрох шалтгаан байж болохыг төрийн албан хаагч нэг бүр мэдээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хувиар хариуцлага хүлээж байгаа минь хаа хаанаа өндөр хариуцлагатай байх ёстойг мянга мянган төрийн албан хаагчдад ойлгуулна гэж найдаж байна.

Шат шатны дарга нар хариуцсан ажлаа хийж чадахгүй бол, алдаа дутагдал гаргах юм бол хариуцлагаа үүрсэн шиг үүрээрэй гэдгийг энэ үйлдлээрээ сануулж байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)