Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “шилдэг тасаг” болж чадлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өнгөрсөн 2020 онд олон шинэ ажлыг зохион байгуулсан бөгөөд оны “ШИЛДЭГ ТАСАГ”-аар эмнэлэгтээ манлайлан ажилласан, олон шинэ технологийг нэвтрүүлсэн  "Чих хамар хоолойн тасаг" шалгарсан бөгөөд тус тасгийн товч танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.

УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасаг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2020 онд хүний нөөцийн хөгжил, чадамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих, оношилгоо, эмчилгээ, сувилахуйн шинэ технологийг нэвтрүүлэх, байгууллагын соёл, үйлчилгээний менежмент, маркетингийг сайжруулах гэх мэт 13 чиглэлийн 49 үйл ажиллагааг сайжруулах төлөглөгөөг гаргаж, тус төлөвлөгөөгөө 95 хувьтай биелүүлэн ажиллажээ.

Өнгөрсөн онд 1095 хүнд мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон.

Empty nose хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, нэг тохиолдолд амжилттай хийжээ. Мөн хамрын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг бүрэн нутагшуулж, нийт 23 эмчлүүлэгчид, Lipo injection+Microlaryngoscopy буюу хэвлийн өөхийг соруулж, дууны хөвчид тарих мэс заслыг 28 тохиолдолд хийж, дууны хөвчийнд силикон суулгац суулгах мэс заслыг бүрэн нутагшуулсан зэрэг олон олон амжилт нь тус тасгийн улсын ууган эмнэлгийн ШИЛДЭГ ТАСАГ болоход нөлөөлжээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн:

Чих хамар хоолойн салбар нь маш нарийн шинжлэх ухаан. Чих, хамар, хоолой гэдэг эрхтэн нь жижиг хүрцээр гүнзгий орчинд судас, мэдрэлтэй их ойрхон байдаг учраас энэ төрлийн эмч нараас маш нарийн ур чадвар, олон жилийн сургалт, туршлага шаардагддаг. Миний бие УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасагт 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Л.Шагдар тэргүүтэй олон сайхан багш нараасаа энэ мэргэжлийн нарийн нандин бүхнийг эзэмшиж авсан. Тиймээс ч энэ чиглэлээр хамт олноо чиглүүлэн удирдаж ажиллаж байна. Хамгийн анх хоолойны мах л аваад суух байх гэсэн жижигхэн бодолтойгоор чих, хамар, хоолойн эмч болж байлаа. Харин орж ирээд энэ бодол 360 градус эргэсэн. Энэ салбар бол маш нарийн судлах ёстой, ганцхан хүн энэ ажлыг хийх ямар ч боломжгүй гэдгийг маш сайн ойлгосон тул одоо залуу эмч нараа багаар нь салбарлуулаад бэлтгэж байна. Манай тасаг Монгол Улсын хэмжээнд анх удаа зохиогдсон “Тохиолдлын хэлэлцүүлгийн эрдэм шинжилгээний хурал”-д амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы санаачилсан “Эерэг хандлага-Эмчилгээний аян”-ы хүрээнд манай тасаг маш амжилттай оролцож эхний байруудыг эзэлсэн. Эмч хүн гэдэг зөвхөн хүн үзээд, эмчлэхээс гадна судлаач байх ёстой. Тиймээс манай тасаг гурван докторын ажлыг АШУҮИС-ийн багш нартай хамтран миний бие удирдаад явж байна.

Мөн 2021 онд эмч, үйлчлүүлэгч нарыг хооронд нь холбох, хүссэн эмчээсээ зөвлөгөө, мэдээлэл авах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор тасгийн эмч нарын санаачилгаар “EMCH” аппликейшиныг ашиглалтад оруулахад бэлэн болсон байгаа.

Энэ мэт олон ажил нь манай тасгийг 2020 онд “ШИЛДЭГ ТАСАГ” болгох гол шалгуур болсон гэж бодож байна. Манай тасаг нь 12 эмч, найман сувилагч, хоёр үйлчлэгч, 22 резиденттэйгээр Монгол улсын хэмжээнд 16 наснаас дээш хүмүүст чих, хамар, хоолойн бүх төрлийн мэс заслыг, нэг наснаас эхлээд төрөлхийн дүлий, сонсголгүй болсон өвчтөнд дунгийн суулгац суулгах мэс заслыг хийж байна.

Arslan.mn

УНТЭ-ийн ЧХХТ-ийн Төвөнх дуу судлаач эмч, АУ-ын докторант С.Нэргүй:

Чих, хамар, хоолойн тасгийн Төвөнх дуу судлалын салбарын хувьд бид дууны хөвчийн нэг талын саажилттай өвчтөнд дүүргэвч тарилга тарих, суулгац тавих мэс заслын аргыг нутагшуулаад байсан бол 2020 онд дууны хөвчийн хоёр талын саажилттай эмчлүүлэгчид дууны хөвчийг оёдлоор гадагшлүүлах шинэ технологийг нутагшуулаад одоогийн байдлаар 20 гаруй хүнд мэс засал амжилттай хийгээд байна.

Дууны эмгэг үүсэх маш олон шалтгаан байдаг бөгөөд энгийн ханиад хүрэхээс эхлээд дууны хөвчийн саажилт үүсэх, хортой хоргүй хавдруудын үед дуу авиа өөрчлөгдөх, амьсгалд өөрчлөлт орох явдал бий.

Дууны хөвчийн нэг талын саажилтын үед эхлээд дуу сөөх, дуугүй болох хүндрэлүүд гардаг. Дууны хөвчийн хоёр талын саажилтын үед амьсгалж чадахгүй, бачуурах шинж тэмдэг үүсдэг. Уг өвчний шалтгаан нь мэдрэлийн гаралтай байдаг бөгөөд дууны хөвчийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн замд байрлах эртхнүүдийн хавдар болон томрол, гэмтэл, мэс заслын дараа үүсдэг. Тархины дууны хөвчийг идэвхжүүлдэг голомтоос дууны саажилт үүсэх боломжтой. Дээрх эмчилгээнүүд нэвтрээгүй байхад дууны хөвчийн саажилтыг гадны орныг зорьж өндөр өртөгтэйгөөр эмчилгээ хийлгэдэг байсан.

Arslan.mn

УНТЭ-ийн Чих хамар хоолой судлалын тасгийн Мэс заслын их эмч Н.Ган-Эрдэнэ:

Манай тасгийн зүгээс санаачлан ард иргэдэд чиглэсэн "EMCH" аппликейшиныг хийж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг аппликейшины тусламжтайгаар үйлчилгээ авахыг хүсч буй эмчтэй цахим холболтыг бий болгох, манай тасгаар хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бол цаашдын урт удаан хугацааны хяналтыг зөв, дэс дараалалтай авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна зөвхөн мэргэжлийн эмч, байгууллагуудын өгсөн үнэн зөв, нотолгоонд суурилсан зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Хэрэглээнд нэвтрэх бүх үйлдлийн тохиргоог идэвхжүүлсэн байгаа ч Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор үйл ажиллагааг нээх асуудал түр хойшлогдоод байна. Цаашид энэ үйлчилгээг улам чанаржуулж, хөгжүүлээд явна. Одоогийн байдлаар энэ аппликейшиныг ашиглах хэрэглээнд нэвтрүүлэх эмнэлгүүд нь гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмч нар бөгөөд эдгээр эмч нарын хувьд байнгын телемецин явуулах завгүй байдаг тул эмч нарыг өвчтөнтэй холбож өгөх, нотолгоонд суурилсан зөвлөгөө мэдээлэл оруулах, мэдлэг хуримтлуулах, ЭМЯ, ЭМХТ бусад салбар зөвлөлтэй холбогдох, мэдээлэл, зар дамжуулах, онлайн сургалтыг ч авах боломжтой. Мөн аппликейшины менежер цэсээр дамжуулан “Ухаалан төлөвлөгөө” буюу эмчийн нэг өдрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах төлөвлөгөөг гаргах боломжтой.

Одоогийн байдлаар Android үйлдлийн системтэй утсанд зориулан бэлтгэсэн бөгөөд ирэх долоо хоногоос IOS үйлдлийн систем дээр тавигдах болно.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Сэтгэгдэл (192.82.71.40)

    2022-10-06

    Бямбаа эмч хувийн эмнэлэгтэй юу утасны дугаар нь хэд вэ

  • иргэн (122.201.21.246)

    2021-03-05

    хамраас цус олон сар гараад олон удаа дуургийн болон 1 р эмнэлэгт узуулэхэд онош зов тавьж чадахгуй намайг 6 сар явуулаад цус алдаж ухэхийн даваан дээр 3 р эмнэлэгт очиж амь аврагдсан даа 1 р эмнэлгийн хоер эмэгтэй эмч судас шуурч байсаныг мэдэхгуй л байсан даа тэргуун байр эзэлсэн бол ажилдаа сэтгэлээсээ хандаж ажиллаарай даа