Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй

Монголын нийгэмд бөхчүүд хэмээх том масс бий болж, тэд хэрээс хэтэрлээ. Монгол нийгэм урьд нь нэг төрөл ийм хүмүүсээсээ болж сүйрч байсан түүхтэй. Өнгөрсөн түүхэнд Монголд лам нараас их хүн байсангүй. Тэд хамгийн их тахин шүтэгдсэн, нөлөөтэй нь байв. 1937 оны их хэлмэгдүүлэлт, 1940 он гартал үргэлжилсэн их баривчилгаа, их аллагад лам нарын масс хэдэн мянгаараа өртсөн. Энэхүү хэдэн мянган лам дотор тухайн үеийн Монголын сэхээтэнлэг хэсэг, потенциалны нөөц, оюун санааны удирдагчид уусан живж, хоморголон баривчлагдаж сүйрсэн юм.

Монголын эр сүвтэй бүхэн лам болж, ламыг шүтсэнээр эцэстээ 500 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн монгол үлдэж, их газрын гүнд бөөсөндөө баригдан, ертөнцөөс таслагдаж, хөмөрсөн тогоонд шар нар, бор хоногийг өнгөрөөн муугаа үзсэн ойрхны түүхээ мартаж болохгүй юм. Бас дээр нь гашуун түүх давтагдаж болохгүй. Аливаа улс үндэстний хувьд дэмжиж, тэтгэж, тэднийгээ даган өнгө орж, хөгжиж, цар хүрээг нь тэлж байдаг масс гэж байна. Бас тэгж өөд нь татаж болдоггүй масс гэж байна. Манайх тэгж дэмжиж болохгүй массаа дээш нь гаргажээ. Өнөөдөр улс оронд, нийгмийн хөгжилд өчүүхэн ч нэмэргүй, зөвхөн хувийн амжилт, ашиг хонжоо, нэр нүүрээс өөр ид шидгүй бөхчүүд хэмээх бүхэл бүтэн давхарга бий болж, тэднийгээ дэмжиж тэтгэж байгаа нь том алдаа юм. Бөхчүүдийг дээрээ тахин шүтсэнээсээ болж улс үндэстнээрээ сүйрч мэдэх нь. Монгол үндэсний бөхийг өндөр түвшинд гаргахад гол үүргийг гүйцэтгэсэн, МУИС-ийн багш асан Рэгжийбуугийн Нямдорж бээр нэгэнтээ бөхчүүдийнх нь өмнө, бөхийн аварга Х.Баянмөнхөд хандан “Таны наад аварга цол, алдар нэр чинь зөвхөн таны хувийн л амжилт, Монголын нийгэмд ямар ч хэрэггүй, Монгол Улсын хөгжил дэвшилд өчүүхэн ч хувь нэмэргүй зүйл” гэж хэлсэн нь олон гэрчтэй. Монгол үндэсний бөхийг ийм их өндөрт гаргахад ухамсарт амьдралынхаа бүтэн 30 жилийг зориулсан энэ сэхээтэн, эцэстээ ингэж хэлэхэд хүрээд бөхийн орчноос холдсон. Бөхчүүдийн мөн чанарыг углуургаар нь таньсан, дээш нь хэзээ ч гаргаж болохгүй масс гэдгийг ойлгосон ганц хүн бол магадгүй Р.Нямдорж байх. Тийм болохоор манай сэхээтнүүд, манай бизнесмэнүүд, манай улстөрчид бөхчүүд хэмээх энэ их боловсролгүй, хөлдүү, хүнээс авахыг мэдэхээс өгөх тухай ойлголтгүй нөхдүүдийг дэмжихээ одоо зогсоо. Та нарын дэмжиж тэтгэж гаргаж ирсэн бөхчүүдийн бөөгнөрөл чинь энэ улс оронд муу муухай бүгдийн үүр уурхай болох нь.

Сая сонгуулийн дараа бараг бүх баг, сумын Засаг дарга нар бөх нэртэй хүмүүс боллоо. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хар, бүгд боовон чихтэй, бүдүүн гартай, том гүзээтэй, шалихгүй нэг муу аймаг сумын цолтой бөхөнцөрүүд боллоо. УИХ-аа хар, Улсынхаа удирдагчийг хар, Нийслэлийн Засаг даргаа хар... эмгэнэл биш үү. Эдгээр бөх дарга нар чинь төмөр өргөж, наадамд барилдаж, найраа хийж, Ланд 200 бэлгэнд авч унахаас өөрөөр юунд өөрийгөө зориулсан юм бэ. Энэ улс орныг удирдалцах хэмжээний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг тэд хаанаас, хэдий завандаа олж авсан юм. Монгол Улсыг авч явах хэмжээний хууль эрх зүй, эдийн засаг, улс төр, уул уурхай, боловсрол, анагаах, техник технологийн мэдлэг тэдэнд бий юү. Монголыг удирдаж эхэлсэн наад бөхчүүд чинь ямар их сургуульд сурсан юм, аль улс оронд магистр, мастерын зэрэг хамгаалав, судалгаа хийв, цэгцтэй боловсрол эзэмшив. Улс орныхоо хувь заяаг ямар хүмүүсийн гарт атгуулчихаад, хэндээ юундаа итгэж найдаад суугаа юм бэ, монголчууд аа.

Одоо наад бөхчүүдийн чинь ааш аяг хэцүүдлээ. Тэдэнд оюуны охь, шинжлэх ухааны шим шүүс түй ч алга. Дундад зууны хөлөг баатрууд юм уу, хаашаа юм. Бүгдийг биеийн бяраар шийдэх гэсэн хүмүүс. Сүүлийн 20 жилд ийм явж өнөөдөрт ирсэн. Бөхчүүдийг ийм зэрэгт хүргэхэд сэтгүүлч бидний гүйцэтгэсэн үүрэг маш их. Бөх болон тулааны спортыг цаг үргэлж бид сурталчилж ирлээ. Одоо сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд, энэ цаг мөчөөс эхлээд бөх болоод бусад тулааны спорт, түүгээр хичээллэгсдийн талаар нэг ч мэдээлэл битгий бэлд. Өнгөрсөн он жилүүдэд Монголын сэтгүүлчид тэднийг хэдэн мянган удаа давтсан. Нийгмийн сэтгэл зүйд тэднийг хүчээр суулгасан. Одоо тэдний байгаа байдал, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө, даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр улсын толгойд, УИХ-ын танхимд, Улаанбаатрын оройд даналзаж байгаа нь сэтгүүлчдийн гавьяа. Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө гэж үг бий. Бид тэнэг байна.

Мөнгөтэй компаниар тэжээлгээд, мөрдөс зүүчихсэн, төрийн байгууллагад давхар данстай.Архи ууна, цагдаа зодно, рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Дэвжээн дээрээ зодолдож нэгнээ алах шахна. Хэн гээч нэртэй бөх, хэзээ хаана, ямар нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжид нэгдэв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонссон уу, та нар. Гэтэл наад зах нь урлагийнхнаас жирийн нэг Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулаад явж байна. Хамгийн аюултай нь бөхчүүд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлахгүй, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй нь тодорхой. Тиймээс яг энэ үед нь тэднээс салах хэрэгтэй болжээ.

Эхлээд эдгээр шимэгчдийг тэжээхээ болих хэрэгтэй. Үүнд томоохон компани, аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөлүүд анхаар. Ер нь бүх тулааны спорт, түүн дотроо бөхийн төрлүүдийн шагналын санг бодлогоор доош нь буулга. Үндэсний бөхчүүдэд байр, машин өгдгөө зогсоо. Түүнээс чинь болж наадмын дэвжээн дээр нэгнээ алахаас сийхгүй болсныг анхаар. Хүний амь л хөнөөх гээгүй бол хөлдүү бөхчүүдэд машин амладгаа компанийн захирлууд аа, нутгийн зөвлөлийнхөн, ялангуяа улстөрчид одоо зогсоо. Энэ байдал чинь бөхчүүд хэмээх том масс, давхаргыг хүн биш, араатан болгож байна. Дээр нь энэ бөх дэх, тулааны спортынхныг аймаг сум орноор нь битгий зарлаж бай. Нутгийн нэрээ мандуулдаг мундаг хүү байгаа юм гэсэн хийрхлээс тэдний хүнээ алдах, ёс суртахууны доголдлууд эхэлж байгаа юм.

Төрийн зүгээс бодлогоор тулааны спортын шигшээ багуудыг битгий байгуул, төсөв битгий өг. Ялангуяа бөхийн төрлүүдэд бодлогоор төсвийг нь хомс, зохист доод түвшинд барих бодлого барь. Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан тэр энэ гэж худлаа хийрхэхээ боль. Наад олимпийн аваргыг чинь Монголын хилийн цаана хэн ч таньдаггүй юм. 2008 оны долдугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр олимпийн алт авахад бүх сайд дарга нар халамцуу гадаа гарч ирж тусгаар тогтнолоо зарлаж байгаа мэт хөөрсөн. Энэ хийрхэл эцэстээ энэ залууг хэн болгож хувиргасныг өнөөдөр бид харж байна. Тэр өдрүүд баяр хөөртэй, бахархал дүүрэн байсан нь үнэн. Харин тэр гавьяа хүндлэлийг бөхийн спорт бол даахгүй юм байна. Хүн алахад хүргэж мэдэх хүндлэл хийрхэл байсанд харамсаж байна. Ингэхээр ганц хүний спорт бидний дэмжих спорт биш юм байна. Тэр дотроо тулааны, бөхийн спорт бүр ч биш юм байна. Үүний оронд эв нэгдлийн илэрхийлэл болсон багийн спортыг хөгжүүлэх нь нийгэмдээ, ард түмний оюун санаанд хэрэгтэй юм байна. Багийн спорт бол жинхэнэ утгаараа нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үзэл санаан дээр тогтдог. Тийм болохоор хөлбөмбөг, гар бөмбөгийн спортыг төрөөс бодлогоор дэмжин дэлгэрүүлье. Сургуулийн орчинд анги бүлэг дотроосоо хөлбөмбөг, гар бөмбөгийн аваргаа шалгаруулдаг. Түүнчлэн сургууль хоорондоо аваргаа тодруулдаг, тэндээсээ сум дүүрэгтээ, дээшлээд аймаг нийслэлдээ өрсөлддөг, улмаар Улсын аваргад багаараа аваргалахын төлөө тэмцдэг байх нь Монголд эв нэгдэл, багаар ажиллах чадвар, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээдэг төлөвшлийг бий болгох нь. Багийн спортын жинхэнэ үнэт зүйлийг ингэж ашиглая.

Улс орондоо зөв төлөвшилтэй иргэн бий болгоход багийн спорт ийм ач тустай, аминч үзлийг хаяхад дэмтэй. Тэгэхгүйгээр хар багаасаа, хувь ганц амжилтын төлөө бокс тоглоод, барилдаад, алдар нэрийг зүүгээд явах нь хувь хүндээ халтай юм байна. Нийгмийн өмнө хариуцлага хүлээх, нийгэмд зөв үлгэр дуурайл болох тал дээр ганц хүний спорт учир дутагдалтайг бид өчигдрийн жишээнээс харлаа. Ер нь багийн спортыг дан ганц сургуулиас эхэлье гэж ч байгаа юм биш, баг хороондоо томчууд хөлбөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэе. Тэгээд мөн адил сум, дүүрэгтээ, аймаг нийслэлдээ, улсын аваргадаа өрсөлддөг байя. Ингэж л Монгол Улс багийн спортод бодлого гаргаж, хөрөнгө хаяж, нийгмийн сэтгэл зүйн төлөвшилдөө анхаарахгүй бол хэдэн бөх нэртэй гүзээнүүдээ тахин шүтэж, өөд нь татаж, магтан дуулсаар явна гэж юу байсан юм бэ. Адаг сүүлдээ наадмын бөхийн шээсэн дээр Монгол төрийн тэргүүний зарлиг буртаглагдаж байна шүү дээ...

 

Б.НЯМАА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (202.126.88.43)

    2021-04-11

    Яг үнэн

  • нямдорж (103.229.123.187)

    2021-04-08

    маш зөв

  • Зочин (66.181.161.121)

    2021-04-08

    П.Дамдин Гуай Түвшинбаяр аваргатай ярилцаж байхдаа одоо ЗАЛУУЧУУД дуу дуулж.бөх барилдаж од болж мөнгө олох гэдэг болж би бөхийг ойлгож бна гээд Баянмөнх улс маш их шагнал өгсөн.Улс орны хөгжилд юу нэмэрлэв гэхэд Түвшинбаяр тийм шүү бөх бол материал баялаг бүтээгүй 2р зэргийн асуудал гэж толгой дохиж суусан.яЭнэ үнэн.Үгүйсшэж байгаа юм биш.Хэтэрхий өргөмжилдөг.Сумын нэрийг гаргасан гээд засаг дарга нь айл болгоноос хандив цуглуулж явах шаардлага алга.Тэр бөх л хэдэн хөрөнгөтэй болоод нөгөө малчдын амьдрал явдаггүй.Олимп болон дэлхийн аварга медаль авсан тамирчдад нэг л удаа өндөр шагнал өгөөд насан туршид цалин өгдөгийг болиулах.

  • erka (95.115.78.230)

    2021-04-07

    za ene udrin mend. Yostoi yu unen gewel ene l unen bna da. Chuham unenig bichje. Mongold yu hereggui bna gewel ene buch nertei hirtei har guzenud l bna shu de. Za ter bolowsrol bol tsasha shu de yadaj ger bulin suri humujil bhgui yamar gazar yamar ger buld ussun yum arai l nuremde ustei malnasa dor hirtei haltarud shu de yadaj huls hir unertwd hajigar n zurhus buljis tsutgamar...

  • (192.82.70.242)

    2021-04-07

    Шинжлэх ухаанаа, эдийн засагч, инженерүүдийг, эрүүл мэнд, боловсролын салбараа л анхаарч шинэчлэж эрүүлжүүлмээр байна. Ямар ч баялаг бүтээдэггүй махан толгой бөхчүүдийг хөөрөгдөхөө болимоор байна. Төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлмээр байна. Намын гэдэг нэртэй тэнэг банди нар, төрлийн хэлхээ болгохоо болих хэрэгтэй байна.

  • Геосет ХХК (202.179.26.52)

    2021-04-07

    Аливаа улс орны хөгжил дэвшилийн үндэс суурь эрдэм мэдлэгтэй хүмүүс билээ.

  • (202.126.90.1)

    2021-04-07

    Монголчуудад үгээр хэлэх аргагүй тэнэгийн тэнэг хандлага байдаг. Бөх хүн хүний дээд л гэнэ , жудагтай л гэнэ , хээгүй л гэнэ гүндүүгүй л гэнэ , гоё их иддэг л гэнэ олон авгай солихоор нь бөхийн удмаа олон газар үлдээх нь зөв л гэнэ . Эрт үедээ сайн сайхан байсан байж болно .Одоо цагт эд нар хэл амгүй наадаж чадаж байгаа билүү уначихаад хоёр тийшээ дэвдэг бөх чинь хаанах бөх билээ гэж жуулчид хоорондоо ярьтал нь бөхийн дэвжээг бузарлсан допингыг талх шиг хэрэглэнэ барьцана новширно сэжгийн новшнууд