Шилдэг 16 баг тодорч, өнөө шөнө Итали-Австрийн эсрэг талбайд гарна

Хөлбөмбөгийн ЕАШТ-ий хэсгийн тоглолтууд дуусаж, хасагдах шатанд өрсөлдөн тэмцлээ цааш үргэлжлүүлэх багууд тодорлоо. Шөвгийн 16 багийн тоглолт Улаанбаатарын цагаар маргааш шөнө Итали-Австрийн тулаанаар эхэлнэ. Гурван тойргийн дараа Португалын шигшээ багийн тоглогч Криштиану Роналду ДАШТ, ЕАШТ-ий шигшээ тэмцээнд нийт 21 дэх гоолоо оруулж, дээд амжилт тогтоолоо. Тэрбээр Францтай хийсэн тоглолтод хоёр удаа 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.

Роналду 21 гоолынхоо 14-ийг ЕАШТ, долоог нь ДАШТ-ий шигшээ тэмцээнд оруулжээ. Түүний хувьд “Евро-2020” тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор ганцаараа тэргүүлж байна. Гуравдугаар тойргийн зарим онцлох тоглолтын тоймыг хүргэе.

D ХЭСЭГ

Англи 1:0 Чех

Гоол: Рахим Стерлинг 12 дахь минут

Английн шигшээ баг Лондон хотдоо Чехийг хүлээн авч Рахим Стерлингийн оруулсан цор ганц гоолоор хожиж, хэсгээ тэргүүлэв. Ингэснээр тэд “үхлийн хэсэг”-ээс хоёрдугаар байраар шалгарсан Германтай таарлаа. Англичуудын хувьд төрөлх “Уэмбли” цэнгэлдэхдээ тоглох болохоор давуу талтай.

Хорват 3:1 Шотланд

Гоол: Влашич 17 дахь минут, Макгрегор 42 дахь минут, Модрич 62 дахь минут, Перишич 77 дахь минут

Хэсгийн сүүлийн тоглолтод Хорватын шигшээ баг Шотландыг буулган авснаар шөвгийн 16-д шалгарсан. Тэдний энэ шатны учраа тийм амар биш. Дэлхийн аварга, Европын аварга Испанитай тулна. Уг тоглолт Данийн Копенгаген хотод болох хуваарь гарчээ. Шотландууд энэ тэмцээний төдийгүй сүүлийн 24 жилд том тэмцээний анхны гоолоо оруулсан. Тэгвэл Лука Модрич Еврод 13 жилийн зайтай гоолдлоо. Тэрбээр 2008 оны тэмцээнд гоол оруулж байв. Тухайн үед Модрич 22-той байсан бол “Евро 2020”-д анхны гоолоо оруулахдаа 35 настай байна. Ингэснээр Хорватын шигшээгийн түүхэнд Еврод гоолдсон хамгийн залуу, хамгийн ахмад тамирчны амжилтыг хамтад нь эзэмших болов. Энэ хэсгээс Чехийн шигшээ хасагдах шатанд үлдэх нь баталгаатай болсон. Учир нь, хэсгийн гуравдугаар байрт хамгийн өндөр буюу дөрвөн оноотой орсон багуудаас Чех бөмбөгний харьцаагаар хамгийн сайн үзүүлэлттэй байлаа. Ийнхүү “D” хэсгээс гурван баг шөвгийн 16-д үлдэв.

Е ХЭСЭГ

Швед 3:2 Польш

Гоол: Форсберг 2, 59 дэх минут, Левандовский 61, 84 дэх минут, Клаессон 90+3 дахь минут

Хэсгээс шалгарах нь тодорхой болоод байсан шведүүд талбайдаа Польшийг буулгаж авснаар хэсгээ тэргүүллээ. Тоглолтын эхэнд Эмил Форсбергийн хоёр гоолоор тэргүүлэх болсон. Гэвч Польшийн супер од Роберт Левандовски хоёр гоол дараалж оруулснаар тооны харьцааг тэнцүүлсэн. Хэрвээ польшууд үүнээс хойш дахин нэг гоол оруулсан бол хэсгийн гуравдугаар байраар шалгарах болзлыг хангах байлаа. Гэсэн ч Шведийн талаас 90 дэх минутад Клаессон тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Польшийн хожих боломж үгүй болсон байна. Ийнхүү Левандовскигийн Польш тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүллээ.

Словак 0:5 Испани

Гоол: 30 дахь минут Дубравка (авто гоол), Лапорте 45+3 дахь минут, Сарабиа 56 дахь минут, Ферран Торрес 67 дахь минут, Кукка 71 дэх минут (авто гоол)

Испанийн шигшээ баг дээр нь гурван оноотой бичигдэж байсан Словактай хожигдох эрхгүй тоглолтыг хийв. Хэрвээ испаничууд энэ тоглолтод ялагдал хүлээвэл тэмцээнийг шууд өндөрлүүлэх байлаа. Тоглолтын эхнээс эрчимтэй довтолсон испаничууд 12 дахь минутад торгуулийн цохилт авсан ч Моратагийн хүчтэй цохилтыг Словакийн хаалгач Дубравка няцаасан. Гэвч тоглолтын 30 дахь минутад Дубравка байж боломгүй алдаа гаргаж, өөрийн хаалгандаа гоолдсон. Пабло Сарабиагийн цохисон бөмбөг хөндлөвч оноод дээшээ хөөрөөд буцаж ирэх үед Дубравка өөрийн хаалганд бөмбөгийг хатгаж оруулсан байна. Үүнээс хойш тоглолтын хэмнэл Испанийн талд бүрэн орсон бөгөөд нэмж дөрвөн гоол оруулснаар 5:0-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ийнхүү Словак Испанид бут ниргүүлснээр -5 гоолын зөрүүтэй болж бусад гурван оноотой багуудаас үзүүлэлт дутсанаар хэсгээс гарах боломжгүй болов. “Евро-2020”-д орсон авто гоолын тоо найм болсон нь сүүлиййн таван ЕАШТ-ээс хамгийн өндөр үзүүлэлт нь юм.

F ХЭСЭГ

Герман 2:2 Унгар

Гоол: Салаи 11 дэх минут, Хаверц 66 дахь минут, Шафер 68 дахь минут, Горецка 84 дэх минут

Унгарууд немцүүдийг талбай дээр нь эвгүйтүүлэх шахсан. Тоглолт эхлээд 10 минут өнгөрч байхад Унгарын баг гоолын салхийг хагалсан. Үүнээс хойш эхний хагаст гоол орсонгүй. Хоёрдугаар хагаст ч унгаруудын хамгаалалт сайн байсан бөгөөд хашир баг 66 дахь минутад тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Гэтэл уг гоолоос ердөө хоёрхон минутын дараа Унгарын залуус хариуг нь барьснаар 2:1-ээр дахин тэргүүлж эхлэв. Улмаар Германы шигшээ өрсөлдөгчийнхөө хамгаалалтын жижигхэн алдааг ашиглан 86 дахь минутад тэнцээний гоолыг оруулснаар эвийн гэрээ байгуулав. Унгарууд хэдхэн минут хамгаалж чадсан бол немцүүд хэсэгтээ “хомоол хамж” нутаг буцах байлаа. Унгарын хувьд хэсгийн дөрөвдүгээр байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн ч дэлхий, Европын аваргуудтай маш ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Хэрвээ зарим тоглолт нь арай өөр дүнгээр өндөрлөсөн бол тэд хэсгийн нөхцөл байдлыг яаж ч өөрчилж, ямар ч сенсаацыг дэгдээхэд бэлэн байлаа. Өөр хэсэгт орсон бол хасагдах шатны томоохон өрсөлдөгч байх байсан гэдгээ Унгар нотлон харууллаа.

Португал 2:2 Франц

Гоол: Роналду 30 дахь минут, Бензема 45 дахь минут, Бензема 47 дахь минут, Роналду 60 дахь минут

Хоёр багийн тоглолт олны анхаарлыг татаж байсан нь тодорхой. Хэсгээс гарах нь тодорхой байсан Франц тэргүүлэхийн тулд дор хаяж тэнцэх шаардлагатай. Харин португалчууд хожигдох эрхгүй. Ингээд өмнөх 2016 оны Еврогийн финалын тоглолт энэ Еврод дахин явагдаж 2:2-оор тэнцлээ. Португалын талаас Роналду хоёр удаа торгуулийн цохилтоос гоол оруулсан бол Францаас Бензема мөн л хоёр гоол оруулжээ. Ингэснээр португалчууд хэсгийн гуравдугаар байраар шалгарч, Бельгийн шигшээ багтай шөвгийн 16-д тоглохоор болж байна.

Тэмцээний дүрмийн дагуу хэсэг тус бүртээ эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн 12 баг хасагдах шатны шөвгийн 16-д шалгарлаа. Үүнд:

A хэсэг: Итали, Уэльс

B хэсэг: Бельги, Дани

C хэсэг: Нидерланд, Австри

D хэсэг: Англи, Хорват

E хэсэг: Швед, Испани

F хэсэг: Франц, Герман.

Түүнчлэн хэсгүүдийн гуравдугаар байрт орсон зургаан багаас хамгийн сайн үзүүлэлттэй дөрөв нь шөвгийн 16-д шалгарав. Үүнд:

F хэсэг: Португал 4 оноогоор

A хэсэг: Швейцар 4 оноогоор

D хэсэг: Чех 4 оноогоор

С хэсэг: Украин 3 оноогоор

Хасагдах шатанд Бельги-Португал, Англи-Герман, Хорват-Испани гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна.

Уэльс – Дани. 6-р сарын 26, Амстердам

Итали – Австри. 6-р сарын 26, Лондон

Нидерланд – Чех. 6-р сарын 27, Будапешт

Бельги – Португал. 6-р сарын 27, Севилья

Хорват – Испани. 6-р сарын 28, Копенгаген

Франц – Швейцар. 6-р сарын 28, Бухарест

Англи – Герман. 6-р сарын 29, Лондон

Швед – Украин. 6-р сарын 29, Глазго

 

Б.МӨНХЗУЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)