УИХ хаврын чуулганы хугацаанд 163 хууль, тогтоомж баталжээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын чуулган 75-аас дээш өдөр хуралдахаар заасны дагуу УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган 83 өдөр хуралдаж ийнхүү өндөрлөв.

Цар тахлын нөхцөл байдалтай энэ хүнд цаг үед УИХ хуралдааны хэлбэрээ өөрчилж, цахим хэлбэрээр хуралдаж, 163 хууль, тогтоомж баталжээ. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ хаврын чуулганы хугацаанд олон нийтэд хүлээлт үүсгээд байсан, улс оронд нэн шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлан гаргаж үүргээ биелүүлж ажилласан гэж хэлж болох юм. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөдөлмөрийн тухай, Өршөөлийн тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 2021 оны улсын төсөвт тодотгол хийж, баталлаа. Мөн энэ удаагийн чуулганы сорилт нь дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал байсан. Энэ утгаараа УИХ цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгаа дэмжих талаар тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэж ажилласан. Тухайлбал, Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг хоёр ч удаа сунгаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг захиран зарцуулалтыг шуурхай болгох талд өөрчлөлт оруулж, Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан юм.

Ийнхүү УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, энэ удаагийн чуулган хүний эрх, ардчилалыг бэхжүүлэхэд чиглэсэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрх зүйн хувьсгал хийх зорилгодоо томоохон алхам хийсэн, иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хангасан, халамжаас хөдөлмөрт шилжих шинэ харилцааг дэмжсэн, соёл урлагийн салбараа сэргээн хөгжүүлэхэд анхаарсан чуулган болсныг онцолсон юм. Мөн тэрбээр энэ оны улс төрийн чухал үйл явдал болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилээр, зөвхөн нэг удаа ажиллах Ерөнхийлөгчийг сонгосон болохыг тодотгон хэлж байлаа. Ийнхүү УИХ-ын дарга цар тахалтай хэдий ч чуулганы завсарлагааны хугацаанд цахим технологи болон бусад арга хэрэгслийг ашиглан баталсан хууль тогтоомжийг олон нийт, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг гишүүдэд чиглэл болгосоноор УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өндөрлүүллээ.

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар Монгол Улсын 1.1 сая ажил хөдөлмөр эрхлэгч, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулжээ. Мөн олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байсан ч Өршөөлийн тухай хуулийг олон нийтийн санаа бодолд нийцүүлэн сайжруулж баталж чадсаныг дурдах хэрэгтэй. Тус хуулиар өршөөлд хамруулахаар тусгасан Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлэхээр болсон. Мөн тодорхой төрлийн гэмт хэргүүд тус бүрээс хоёр жилийг хасч өршөөн хэлтрүүлнэ. Тодорхой төрлийн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд тухай ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгасан нь олон хүнд өршөөл үзүүлэх боломжийг олгож байгаа юм.

Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын энэ үед 2021 оны улсын төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. Тиймээс УИХ чуулганаа завсарлуулахаас өмнө төсөвт тодотгол хийж баталсан. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд төсвийн тодотголыг чиглүүлсэн. Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, зарлага, төсвийн тэнцлийг Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас өөрчлөхгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 12 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нийт зарлагыг 15 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.4 хувь, алдагдлыг 3.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцүү байхаар тооцсон юм.

Хаврын чуулганаар баталсан хамгийн онцлог хуулиуд нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль байв. Учир нь, эдгээр хуулиуд нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах чухал хуулиуд. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш нэг л удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр гар хүрээгүй байсныг шинэчлэн баталснаараа онцлог болов. Ийнхүү олон нийтэд хүлээлт үүсгээд байсан олон хууль, тогтоомж, тогтоолыг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар эцэслэн баталж, шийдвэрлэснээр УИХ-ыг амжилттай завсарлууллаа.

Харин ирэх аравдугаар сард нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар улс оронд хэрэгтэй олон хуулийн төслийг хэлэлцэхээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолд тусгалаа. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төсөлд хууль санаачлагчдын саналыг тусгаснаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчны багц хуулийн төсөл, Газрын багц хуулийн төсөл, Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Мөн коронавирусийн халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрд нь хэлэлцэх, мөн тухай бүрд нэн шаардлагатай бусад хууль, тогтоомжийг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 

М.ЭНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)