Токио-2020: С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Риогийн олимпийн эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай Батцэцэг 1:1-ээр ялж (сүүлийн оноог авсан тул) байв. Харин энэ удаа нигери бөх Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад дахин хоёр оноо авчихав. Онооны харьцаа 4:0. Дараа нь хонгодож хоёр оноо, дэвжээнээс түрж гарган нэг оноо авснаар онооны зөрүү 7:0 болон холдсон юм.

Батцэцэгийн хувьд барьцандаа хүрч чадвал том мэхээр бүхэл оноо авдаг онцлогтой бөх. Гэвч бяртай нигери бөх маш сайн хамгаалж, хүссэн барьцыг нь өгүүлсэнгүй. Батцэцэг сүүлд ард нь гарч хоёр оноо авсан ч цаг хугацаа биднийг хүлээсэнгүй.

Оборудуду финалд шалгарснаар олимпоос медаль хүртсэн Нигерийн анхны чөлөөт бөхийн тамирчин болжээ. Нигерүүд өмнө нь хөнгөн атлетик, хөлбөмбөг, бокс, хүндийг өргөлт, таеквондо гэсэн таван төрлөөр олимпоос медаль аваад байсан бол энэ удаа чөлөөт бөх гэсэн төрөл нэмэгдэж байна.

Батцэцэгийн хувьд маргааш хүрэл медалийн төлөө Азербайжаны Э.Манолова (ДАШТ-ий хүрэл медальт), Кыргызстаны М.Жуманазарова (Азийн наадмын мөнгөн медальт) нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдах болно. Медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)