Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужин туршжээ

ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 15 /Kyodo/. Умард Солонгос ням гарагт дуунаас хурдан цэнэгт хошуу бүхий дунд зайн тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг амжилттай туршсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.

 

Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

 

 

Умард Солонгос ням гарагт Японы тэнгис рүү дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан нь энэ оны анхны ийм ажиллагаа болсон тухай Өмнөд Солонгосын арми өмнө нь мэдэгдсэн юм. Японы Засгийн газраас мэдэгдсэнээр, уг пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.

 

Солонгосын хойгт хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед Умардын тал хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин харваснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа дээрх туршилтыг хийжээ.

Пёньян саяхан Өмнөд Солонгостой маргаантай байгаа баруун тэнгисийн хилийн ойролцоо их буугаар буудсан бөгөөд хариуд нь Сөүл цэргийн сургуулилалт хийсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)