"Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр 200 гаруй иргэнээс 10 тэрбум төгрөг залилжээ
- 4 цаг 15 мин
- Нийгэм
- 0
Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувь буюу 15,628 нь залилах гэмт хэрэг байна. Эдгээр хэргийн 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн бөгөөд иргэд цахим худалдаа, бараа үйлчилгээний захиалга, бусдын цахим хаяг ашиглах, автомашин болон сэлбэгийн захиалга, Telegram сүлжээ, онлайн сугалаа, мөрийтэй тоглоом зэрэг хэлбэрээр хамгийн их хохирч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12,851 хэрэг буюу 82.2 хувийг шийдвэрлэсэн байна. Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлжээ.
- Нийт цахим залилангийн хэргээс бараа, үйлчилгээний захиалгатай холбоотой 3798,
- Бусдын цахим хаяг ашигласан 2060,
- Тээврийн хэрэгсэл болон сэлбэгийн захиалгын 1447,
- Telegram сүлжээг ашигласан 1367,
- Лайв худалдаа, сугалаа, мөрийтэй тоглоомтой холбоотой 1289 хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн "онлайн алтны захиалга" нэрээр баталгаат сорьцтой алтан эдлэл хямд үнээр зарна хэмээн зар байршуулж, 200 гаруй иргэнээс 10 тэрбум төгрөг залилсан хэрэг мөрдөн шалгалтад байгаа бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ гэж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөг залилсан хоёр бүлэг, таван иргэнийг тогтоон шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас богино хугацаанд өндөр ашиг амласан саналд автахгүй байх, аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гүйлгээнд урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс өмнө мэдээллээ нягталж шалгахыг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл (0)