Цэвэр шоколад тогтмол идвэл таргалахгүй

Таргалахыг хүсэхгүй байгаа, жингээ барьж байгаа эмэгтэйчүүдийн идэхээс татгалзах ёстой зүйлүүдийн нэг нь шоколад гэж ярьдаг. Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд байнга шоколад иддэг хүмүүс энэ амттаныг тэр бүр идээд байдаггүй хүмүүсээс илүү туранхай байдаг нь тогтоогджээ. Энэ нь шоколаданд дуртай хүмүүсийн хувьд тун чихэнд чимэгтэй мэдээ юм. Шоколад ихээр иддэг хүмүүс их илчлэг авч чаддаг учраас бусад хүнсийг бага хэрэглэдэг, тиймээс таргалдаггүй байх гэж зарим хүн бодож магадгүй. Судлаачдын хэлж байгаагаар тийм биш гэнэ. Калифорнийн их сургуулийн судлаач Беатрис Голом хэлэхдээ “Байнга шоколад иддэг хүмүүсийн биеийн жингийн индекс бага байдаг нь судалгаагаар нотлогдсон, энэ нь бага илчлэг авснаас шалтгаалж байгаа хэрэг биш, харин ч шоколад идэж байгаа хүмүүс их илчлэг авдаг, мөн дасгал хөдөлгөөн сайн хийдэгтэй ч холбоогүй” гэжээ. Зарим эмч нарын хэлдгээр шоколаданд агуулагддаг антиоксидантууд хүний биеийн эсийн энерги үүсгэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Доктор Беатрис Голомын судалгааны баг 20-85 насны 1.000 гаруй хүнээс судалгаа авчээ. Тэд оролцогчдоос ямар хүнс хэрэглэдэг талаар нь асуусан байна.Харин зарим мэргэжилтнүүд тэдний мэдээллээ цуглуулсан аргыг шүүмжилжээ. Жишээ нь судалгаанд оролцсон зарим хүмүүс иддэг шоколадны хэмжээгээ буруу тооцоолсон байж магадгүй юм. Тиймээс доктор Голом шоколад байнга хэрэглэдэг хүмүүс болон шоколад иддэггүй хүмүүсийг харьцуулсан шинэ судалгаа явуулахаар төлөвлөжээ. Ямартай ч шоколад таргалуулдаггүй гэдэг нь нотлогдсон ч бай аливаа зүйлд туйлшралгүй, дундыг баримтлах нь зүйтэй юм. Мэргэжилтүүдийн хэлснээр 28 гр шоколаданд л гэхэд 200 гаруй калори илчлэг бүхий элсэн чихэр, өөх тос агуулагддаг байна. Тэгэхээр бүсгүй та үнэхээр жингээ барихыг хүсч байгаа бол өдөрт 28 гр–аас их шоколад хэрэглэж болохгүй нь. Гэхдээ жинхэнэ цэвэр шоколад бол хамгийн эрүүл хүнснүүдийн нэг билээ.

 

Шоколадыг гаргаж авдаг какао нь Фенилэтиламин (PEA), Анандамид , Теобромин, антиоксидантууд, Флавоноид, болон бусад витаминууд гэх мэт жин хасахад тустай бодисуудаар маш баялаг. Цэвэр шоколад идсэнээр хүний сэтгэл сэргэдэг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагаанд ч сайн нөлөө үзүүлдэг байна. Харамсалтай нь бидний худалдаж авдаг ихэнх шоколад худалдахад зориулсан, элсэн чихэр ихтэй “зөөлөн чихэр” юм. Тиймээс та хар шоколад, цэвэр шоколад хэрэглэх нь зүйтэй. Та шоколад худалдаж авахаасаа өмнө найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Какаоны орц 60 хувиас дээш байвал сайн. Ийм шоколад чихэрлэг биш, бага зэрэг гашуувтар байдаг.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)