УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь өртэй

 

        Жил бүр АТГ-аас гаргадаг албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг иргэдийн анхаарлыг ихээр татдаг. Дээрх жишгийн дагуу төрийн түшээдийн хөрөнгө, мөнгө хийгээд хувьдаа орон сууцгүй, унах унаагүй гишүүдийн тухай шуугиан иргэдийн дунд хэтрүүлж хэлбэл хээр тавьсан түймэр шиг газар авч байна. Энэ тухай мэдээллийн хэрэгслүүд ч “Онцлох” гэдэг булангаараа танилцуулж эхэллээ. Тийм учраас арай өөр сэдэв барьж авахыг оролдъё.

 

Энэ удаагийн парламент маш олон онцлогтой. 76 гишүүн нэгэн зэрэг тангараг өргөсөн түүхэн тохиолдлоос эхлээд 39 хүн анх удаа УИХ-ын гишүүн болж, Төрийн ордны дугуй танхимд сууж буй. Харин З.Энхболд даргатай өмнөх жилийн “төгсөлтөөс” 44 хүн өөрчлөгдөөд байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн талаас дээш хувийн хөрөнгө иргэдийн хувьд шинэ мэдээлэл болох нь ойлгомжтой. Хөрөнгө орлогын мэдүүлгийн шинэ тайлангаас үзвэл жилд хамгийн их орлого олдог гишүүн нь Ж.Ганбаатар болж байна. Түүний хувьд 10 тэрбум 304 сая 620 мянга гэж орлогоо мэдүүлжээ. Энэ нь аман хүзүүнд яваа Б.Дэлгэрсайханаас 2.5 дахин их орлого болж байна. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд дөрвөн тэрбум 736 сая 885 мянган төгрөгийн орлоготойгоор өнгөрсөн жилийг үдсэн байх нь.

 

Тэгвэл 2014 онд Л.Болд гишүүн 33.1 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан түүхтэй. Тодруулбал, нэг жилийн хугацаанд түүнээс өндөр орлоготой ажиллаж байсан гишүүн одоогийн байдлаар үгүй юм. Харин энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр Л.Болд гишүүн 138 сая 594 мянган төгрөгийн орлого олдог гэж мэдүүлсэн байх юм. Өнгөрсөн жил хамгийн их орлоготой гишүүнээр Ж.Энхбаяр /3.5 тэрбум төгрөг/ бусдыгаа хошуучилж байв. Харин энэ жил Ж.Энхбаяр гишүүний орлого өсч, дөрвөн тэрбум 253 сая 773 мянга болжээ. Хураангуйлбал, жилдээ тэрбум төгрөгөөс дээш орлого олдог гишүүн 10 орчим бий. Энэ цуваанд Ц.Гарамжав /3.9 тэрбум/, Б.Ундармаа /нэг тэрбум/, Н.Цэрэнбат /2.5 тэрбум/, С.Бямбацогт /4 тэрбум/, Б.Чойжилсүрэн /1.3 тэрбум/ нар багтаж байна. Б.Ундармаа гишүүний хувьд нэг тэрбум гэдэг үзүүлэлтээр энэ хэсгийн сүүлийг мушгиж буй.

 

Тэгвэл энэ удаагийн УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь өртэй байна. Тодруулбал, 25 гишүүн арилжааны банкинд зээлтэй байгаа юм. Н.Амарзаяа ХААН, Хас банкинд давхар зээлтэй. Мөн Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар, Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар, Ж.Батзандан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин тэргүүтэн энэ эгнээнд багтаж байна. Мэдээж тэрбум төгрөг дансандаа байршуулсан гишүүн цөөнгүй. Жилийн орлогоороо ангийн нөхдөө тэргүүлсэн Ж.Ганбаатар гишүүн дансандаа 13 тэрбум 231 сая 635 мянган төгрөгтэй. Энэ нь мөн л бусдаасаа илт давуу үзүүлэлт болж байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нам дансандаа хоёр тэрбум төгрөгтэй. Харин Ц.Гарамжав гишүүн дансандаа 12 тэрбум, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэрбум төгрөгийн хадгаламжтай байна.

 

Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН КОМПАНИАСАА АВЛАГАТАЙ

 

Бусдад мөнгө зээлүүлсэн авлагатай УИХ-ын гишүүд бас бий. Б.Батзориг гишүүн “Би Ван”, “Ти Би Групп”, “Тээвэр Ачлал” зэрэг компаниас авлагатай бол М.Билэгт “Монлаа”, Г.Солтан “ЖиЖиСиЭм” компаниас авлагатай гэнэ. Харин А.Сүхбат, А.Ундраа, О.Баасанхүү нар хувь иргэнээс авцаатай аж. Б.Наранхүү гишүүн л гэхэд өөрийн хувь эзэмшдэг “Дүнжингарав”, “Дүнжингарав Секьюрити” компаниас мөнгө авах ёстой аж. Үүнээс гадна түүнд иргэн н.Содбаатар, н.Сарантуяа нар өртэй гэж мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн хувь эзэмшдэг “Монполимет”, Б.Цэрэнбат өөрийн “Герман Стандарт” компаниудаас авлагатай юм байна.

 

ОРОН СУУЦАНД АМЬДРАХАА БОЛЬСОН ЭРХМҮҮД

 

УИХ-ын гишүүн хувьдаа орон сууцгүй байна гэдэг сонин үзэгдэл. Үнэндээ итгэмээргүй ч юм шиг. Ийм итгэмээргүй дүр зураг энэ парламентад ч бий. Гэвч орон сууцгүй байна гэдэг орох оронгүй гэсэн үг биш. А.Сүхбат гишүүн л гэхэд хувьдаа ямар ч орон сууцгүй гэж мэдүүлжээ. Түүнтэй яг ижил шалтгаан М.Билэгтэд бий. Түүний хувьд 750 сая төгрөгийн үнэтэй нэг хаустай бол А.Сүхбат 920 сая төгрөгийн үнэтэй гурван хаустай. Харин залуу гишүүн Д.Гантулгад байр, хаус аль нь ч байхгүй. Харин Өвөрхангай аймгаас сонгогдсон Б.Тогтохсүрэн гишүүн хаусаа 30 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Тэгвэл эсрэгээрээ хамгийн олон орон сууцтай гишүүдийн жагсаалтыг Л.Энхболд таван орон сууцтай гэсэн мэдүүлгээр тэргүүлж байна. Харин Ц.Гарамжав, Н.Учрал, С.Бямбацогт нарын мэдэлд дөрвөн орон сууц байдаг гэнэ. Сонирхуулахад өмнөх УИХ-д ч таван орон сууцтай гэдгээр С.Одонтуяа энэ жагсаалтыг хошуучилж байв. Мөн УИХ-ын гишүүдээс Б.Батзориг, Б.Баттөмөр, Д.Гантулга, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ж.Батзандан, Лу.Болд, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар автомашингүй гэж мэдүүлжээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН Ч ӨРГҮЙ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн орлого нь 88233.9 мянган төгрөг ажээ. Тэрбээр хоёр орон сууцтай ч машингүй. Мөн эзэмшил газаргүй гэж мэдүүлжээ. Харин хувьдаа 28 адуу, найман үхэр, таван ямаа, 25 хоньтой. Түүнчлэн, 635000.0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэйгээс гадна хадгаламждаа 57454.03 мянган төгрөгтэй ажээ. Үүнээс гадна хаана ч зээлгүй бөгөөд “Муштааг”, “Анх Эрдэнэ”, “Либерти” дээд сургууль , “АСУ, “Женко тур бюро”, “Ремикон” компани зэрэг байгууллагад хувьцаа эзэмшдэг юм байна.

 

УИХ-ЫН ДАРГА 300 АДУУТАЙ

 

УИХ-ын дарга М.Энхболдын нийт орлого 39573,6 мянган төгрөг. Хоёр орон сууц, хоёр машинтай юм байна. Тодруулбал, Mercedes benz S350L, Toyota Land Criuser 200 машинтай, 300 адуутай. Үүнээс хурдан удмынх 60 байдаг гэнэ. Мөн 1300 м.кв ашиглах газартай, 290000,0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 336300.0 мянган төгрөгний хадгаламжтай ажээ. “Говь” “Зоос гоёл”, “Авто импекс” “Женко тур бюро” “Эрдэнэс Таван толгой”, “Технологийн дээд сургууль” зэрэг байгууллага, компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

 

ЕРӨНХИЙ САЙД ГУРВАН МАШИНТАЙ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нийт орлого 99974.0 мянган төгрөг. Тэрбээр гурван байртайгаас гадна Toyota Highlander,Toyota Land Cruiser 105, Lexus 570 маркийн гурван машинтай аж. Түүнчлэн, мал сүргийн тоо толгойн хувьд 22 адуу 22, 232 хонь, 32 үхэр, нэг хурдан удмын адуутай бөгөөд 0.07 га эзэмшил газартай, 71 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, хадгаламждаа 21952.95 мянган төгрөгтэй гэнэ. Харин “Сүүтэй”, “Хэрх-Илч”, “Хэрх-Өргөө”, “Гүн сан эрдэнэс” ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

 

Д.Булган

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин