Олимпод оролцсон тамирчдын энгэрийн тэмдгийг гардууллаа

 

        МҮОХ-ны хурлын танхимд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Тус ёслолд олимпод оролцсон Монголын нийт 42 тамирчнаас боксын спортоос олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Х.Энх-Амар, Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Ган-Эрдэнэ, чөлөөт бөхөөс Ж.Чулуунбат, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга, байт харваанаас Ж.Гантөгс, хүндийг өргөлтөөс М.Анхцэцэг, усанд сэлэлтээс Б.Дөлгөөн, хөнгөн атлетикиас Л.Отгонбаяр, таеквондогоос П.Тэмүүжин нар ирсэн байлаа. Тус ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУСЯ-ны спортын бодлогыг зохицуулах газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нарын удирдлагууд хүрэлцэн ирэв. Монголын баг тамирчид 13 удаагийн зуны олимпийн наадамд спортын 11 төрөлд нийт 259 тамирчинаа оролцуулсан билээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн баатар, гаваьяат тамирчин О.Гүндэгмаа зургаа, Х.Баянмөнх таван удаа оролцож, тус тэмдгийг хамгийн олон хүртсэн байна. Сонирхуулахад тус энгэрийн тэмдгийг анхны олимпийн наадмаас хойш таван тивийн 186 мянган гаруй тамирчин хүртжээ.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)