АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
- 1 цаг 29 мин
- Нийгэм
- 0

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.
Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн.
Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.

Сэтгэгдэл (0)