Ш.Ёндондаш: Дугуйгаар долоо хоногийн дотор 900 км зам туулна

 

        Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ш.Ёндондаш энэ сарын 24-нд аялалд гарахаар болжээ. “Таван хуруу” багийн гишүүн тэрбээр энэ удаад Хөвсгөл аймаг руу дугуйгаар явахаар бэлтгэж байна. Түүнтэй удахгүй хийх аяллынх нь талаар ярилцлаа.

 

-Хаврын эхэн сар гарахтай зэрэгцэн та аялалдаа гарах юм байна. Аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?

 

-Хөвсгөл руу унадаг дугуйгаар долоо хоногийн дотор 900 км зам туулж хүрэхээр төлөвлөж байна. Далай хүртэл засмал замтай. Цаг агаарын хувьд сайхан байгаасай гэж найдаж сууна. Хөвсгөлийн цасны баярын үеэр тэнд хүрэх зорилго тавьсан. Мөн дэлхийг дугуйгаар тойрсон “Таван хуруу” багийнхныхаа үйл хэргийг сурталчилж, хувь хүний зүгээс 25 жилийн ойдоо зориулан хийж байгаа аялал юм.

 

-Та хэдэн насыг зооглож байна вэ?

 

-Би ирэх сард 68 нас хүрнэ. Гэхдээ өөрийгөө өндөр настай гэж хэлэхгүй. Насандаа захирагдахгүй гэж боддог.

 

-Аялалд гарахын өмнө бэлтгэл хийж байна уу?

 

-Өдөр болгон бэлтгэл хийдэг. Бас долоо хоногийн ням гаригт ууланд авирдаг. Ер нь хүн эрүүл амьдрах нэг нөхцөл нь хөдөлгөөнтэй байх юм шүү дээ. Хийж байгаа зүйлдээ дуртай, идэвхтэй амьдарч байгаа хүн л сэтгэл хангалуун амьдарна. “Таван хуруу” багийн нэг зорилго ийм аяллуудыг зохион байгуулах байсан ч багийн ахлагч маань бурхан болж завсарласан. Тиймээс бид ярилцаж байгаад энэ аяллыг хийхээр болсон. Үүнээс гадна бид “Таван хуруу” багийнхаа байгуулагдсан ойд зориулж ном бичиж, баримтат кино хийх бодолтой байгаа.

 

 

-Өнгөрсөн хугацаанд дугуйгаар хэдэн км аялсан бэ?

 

-Дэлхийг дугуйгаар тойрох аялалд 1992 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарч байлаа. 1993 оны нэгдүгээр сарын 31-нд аяллаа дуусгаад Сүхбаатарын талбайд ирсэн. Ингэж 23 мянган км дугуйгаар аялахдаа 20 гаруй орноор явсан байдаг. Тухайн үед манай багийн ахлагч асан Г.Жаргалсайхан бүхий л зүйлийг хариуцаж, зохион байгуулдаг байсан юм. Бид нийслэлд дугуйн замтай болох санаачлагыг анх дэвшүүлж, баруун дөрвөн замаас явган хүний замыг хуваан шугам хүртэл татаж байлаа. Энэ дашрамд, Г.Жаргалсайхан агсны гэр бүлд мэнд дэвшүүлье.

 

-Танд дугуйн цуглуулга бий юү?

 

-Унадаг дугуй борлуулдаг дэлгүүртэй. Бас засварладаг багахан газартай. Манайд унадаг дугуйн нарийн эд ангиуд бий. Надад байгаа дугуйнуудын хамгийн эртнийх нь 1980- аад оных. Энэ дугуйг дэлхийг тойрон аялахдаа унасан. Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн загвартай унадаг дугуйнууд ч бий.

 

-Дугуйн спортоор хичээллэх нь ямар ашиг тустай вэ?

 

-Хүний бүх бие эрхтэнг ажиллуулдаг. Жингээ барихад хамгийн тустай спорт юм. Мөн цаг хугацаа болон санхүүгийн асар их хэмнэлттэй. Би хүмүүст “Өдөрт 15 минут л дугуй уна” гэж хэлдэг юм. Энэ нь эрүүл мэндэд маш ач тустай.

 

А.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)