П.Орхон: Монгол хүн дэлхийд ноёрхож чадна

 

“Аваргууд академи”, “Бат сол” ХХК-аас дэлхийн аварга П.Орхонд “Ланд 200” машин, түүний дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байрны түлхүүр өчигдөр гардуулан өглөө. Энэ үеэр П.Орхонтой цөөн хором ярилцлаа.

 

-Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Медалийн тавцанд зогссон торгон мөчөөсөө хуваалцана уу?

 

-Баярлалаа. Аваргын төлөөх барилдаанд ялж, төрийн далбаагаа мандуулан, дэвжээ тойрон гүйсэн мөч үнэхээр сайхан байлаа. Дэвжээн дээр багштайгаа баярт мөчөө хуваалцан зогссон минь миний амьдралд тохиосон хамгийн дурсамжтай, сэтгэл хөдөлгөсөн мөч юм. Дэлхийн аваргын барилдаанууд амаргүй байсан. Ганц хором анхаарлаа сулруулах юм бол оноо алдчих гээд байв. Гэсэн ч бэлтгэл сургуулилт сайн байсан болохоор өөртөө итгэлтэй байж санасандаа хүрлээ.

 

-Улсын баяр наадмын үеэр “Бат сол” компанийн захирал Н.Батсайхан таныг “Дэлхийн аваргад амжилт гаргавал шагнана” гэж амласан юм билээ. Энэ амлалтдаа хүрч танд “Ланд 200” машин гардууллаа?

 

-Бид хоёр Улсын баяр наадмын үеэр үндэсний бөх, чөлөөт бөхийн тухай ярилцаж байгаад нэгэндээ амлалт өгсөн юм. Би дэлхийн аваргад амжилт гаргана гэж амласан. Харин Н.Батсайхан ах намайг амжилт гаргахаар шагнана гэсэн юм. Бид хоёулаа амлалтдаа хүрлээ. Гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж, шагнаж урамшуулж байгаа “Бат сол” компанийнхандаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Энэ шагнал миний цаашид гаргах олон амжилтыг бэлгэшээж буй гэж бодож байна. Тиймээс гаргасан амжилтаа ахиулах өндөр хариуцлага хүлээж байна. Монголынхоо ард түмний итгэлийг алдахгүйг хичээнэ. Тамирчин хүний амжилтын нууц нь багш, дасгалжуулагч байдаг. Өнөөдөр/өчигдөр/ багштайгаа хамт шагнал авч байгаа нь их сайхан байна. Урьд өмнө нь багш тамирчин хоёрыг хоёуланг нь ингэж шагнаж байгаагүй. Цаашдаа ийм сайхан жишиг тогтоосой гэж хүсч байна.

 

 

-Дараагийн зорилго тань юу вэ?

 

-Миний зорилго дэлхийн аваргын ганц түрүүгээр хязгаарлагдахгүй. Би монгол хүн Японы бөхчүүд шиг дэлхийд олон удаа түрүүлэн, ноёрхож чадна гэж боддог. Японы алдарт бөх С.Ёшидагийн 13, К.Ичогийн 10 түрүүлсэн амжилтыг бид шинэчилж чадна гэж боддог. Яг тэдэн удаа түрүүлнэ гэж багцаалахад амаргүй ч Токиогийн олимп хүртэл зорилгодоо хүрэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилна. Дэлхийн аварга цол хүртсэн болохоор жижиг, том ямар ч тэмцээнд тааруу амжилт гаргах эрх надад байхгүй.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)