Жудогийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

 

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн цэргийн спортын 'Зүүн Азийн жүдо бөхийн аварга' шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэмцээнд оролцогч орнуудын төлөөлөгчид оролцлоо.

Тус тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна. Монгол Улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй эмэгтэй 2 баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтангууд оролцож байгаагаас гадна Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа нь тэмцээний нэр хүнд, ач холбогдолыг өндөрт өргөж байгаагийн зэрэгцээ манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа үүсэн байгуулагдсан, 136 орныг эгнээндээ нэгтгэсэн улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой 'Friendship through Sport' уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Монгол Улс Дэлхийн цэргийн спортын холбоонд 1992 онд гишүүнээр элссэн. Зэвсэгт хүчний 'Алдар' спорт хороо Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулсан тэмцээн, уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцож өндөр амжилтуудыг гаргаж ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан VI их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний 'Алдар' спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр оролцож 6 алтан медаль, 12 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртэж, дэлхийн 117 орны баг тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан. 2015 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбооны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 алтан медаль хүртэж, эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн, 2016 оны Катар улсад зохиогдсон буудлагын тэмцээн, Швейцарь улсад зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 2 хүрэл медаль хүртэж, эрэгтэй багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.

Эх сурвалж: БХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)