Сэтгэл даллах торгон хилийн зүг

 

 Цэрэг эрсийн хийморийн салхитай торгон хилийг зорих сэтгүүлчид энэ сарын 3-ны өглөө эртлэн нар угтан дорнын говийг зорин хөдөлсөн билээ. Хил хамгаалах ерөнхий газраас “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд энэ жил “Гэрээт хилчдийн гурван үеийн уулзалт-2017” арга хэмжээг Монгол Улсад гэрээт хилийн алба үүсэн байгуулагдсны 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм.

САЛХИН ЧИМЭЭТЭЙ САЙНШАНДЫН ТАЛ

Сэр сэр салхинаас нь таана, хөмүүл үнэртсэн Сайншандын тал. Зэрэглээ ирвэлзсэн уудам салхилах гэж ирдэг байсан домогтой буурал талд асар майхан дэрвүүлэн, үлээвэр хөгжимийн эгшиг цуурайтуулан Дорноговь аймаг дахь хилийн цэргийн дугаар ангийнхан аяны багийнхныг угтан авлаа. Цэргийн аяны майхан, төмөр таваг бүхий л зүйлс нь цэргийн гэсэн тодотголтой энэхэн орчинд орж ирэлгүй хэдэн жилийг үдсэн юм бэ. Дэндүү дотнохон дасал болсон цэргийн алхаа, гүйх чимээ, тушаал, товч тодхон хариулт. Ийнхүү хотоос гарсан сэтгүүлчид “хилчид, цэрэг” гэсэн орчинд уусч эхэллээ. Дорноговь аймгийн зөөврийн музей үзэж, цэрэг эрстэй хамт дугаарлан төмөр саванд хоол идэж, цэргийн нөхөдтэй Сулинхээрийн отрядыг зорилоо. Саяхан л шатаах шахам ээж байсан наран гэнэт талд шингэж үдшийн бүрий нөмрөв. Холын чимээ ойрхон мэт сонсогдож, энхэл донхолтой замд автомашин саатах нь энүүхэнд. Сүүлдээ төв замаасаа гажиж элсэнд автобусаа суулгасан ч олон цэрэг эрс дор нь түрээд гаргах. Шөнийн талд” будилж” явсаар тус аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангид ирлээ. Тэнгэр нь хүртэл арай л уужим юм шиг санагдах говийн тунгалаг өглөө. Анх харж буй хүн уулга алдам нар мандсан энэ сарын 4-ны өглөө “Гурван үеийн Гэрээт хилчин” уулзалтын нээлтийн ажиллагаа хилийн цэргийн 0168 дугаар ангийн жагсаалын талбайд боллоо. Ёслолын хөгжим, цэргийн парад, отрядын байлдааны туг залах. Говийн хээлд байх энэхүү отрядад болсон үйл ажиллагаа тэнд байсан бүх хүний сэтгэл, зүрхэн дээр болсон. Бахархал, омогшил, хүндэтгэн зогсох тэр мөч. Хүндэтгэлийн арга хэмжээ өндөрлөхөд ангийн дарга, хурандаа Р.Батбилэг ёслолын ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн Хил Хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэнг урилаа. Тэртээ Алтайн хязгаарт хил дээр өсч, хилийн цэргийн байлдагчаас генерал болтлоо энэ албанд зүтгэж буй тэрбээр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хилчид бол хүндтэй алба хаагчид” гэдгийг онцолсон юм. Ангийн дайчдын хийморь генерал ирсэн тэр жилдээ өнгөлөг гэсэн үг байх. Тус ангийн хамт олон уулзалтад ирсэн аяны багийнханд зориулж үзүүлэх тоглолт хийв. Мөн сэтгүүлчид бүтээн байгуулалт, түүхчилсэн танхим, гэрээт хилчдийн амьдарч буй байр, гал тогоо, соёл амралтын тэнхим, номын сантай танилцсан юм. Бүрээн дуу говийн аараг толгодыг цочоон дуурсч Сулинхээрийн отряд хил давах тушаал авсан нь 1945 оны наймдугаар сарын 9-ны өглөө. Эх орноо хамгаалах үйлсэд үеийн үед нэр төртэй үүргээ гүйцэтгэж ирсэн тус отрядынхан гурван жилийн дараа 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ отрядад хил манасан цэргүүд үүрийн гэгээг 77 жил угтаж, эх орондоо “Монгол Улсын хил тайван” хэмээн илтгэсэн байна. Улсын хил даван отрядын дарга Э.Халтарын удирдлага дор үүрэг гүйцэтгэхдээ байлдааны фронтын баруун жигүүр болж Өвөрмонголын долоон хошууг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлжээ. Тухайн үед штабын даргаар нь ажиллаж байсан Ж.Ядмаа одоо ч амьд сэрүүн аж. Гэрээт цэргийн алба хаагчдаар эгнээгээ өргөтгөөд буй тус анги нэн шинэ түүхээ бүтээж явна. Тус ангийн захирагч Р.Батбилэг Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн захирагч байсныг нь миний бие мэдэх. Цэргийн хүн хаана ч очсон тушаал дор үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хүнийхээ хувьд нэг л зангаараа байдаг нь хилчдийн бас нэг онцлог. Тус ангид алба хааж буй гэрээт хилчид орчин үеийн тохилог байранд байрлаж, хувцас, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Хоёр жил алба хаагаад дансандаа 10 гаруй сая төгрөгийн хуримтлалтайгаас гадна алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцно. Гэрээт цэргийн албыг шинээр нээж байхад залуусыг бараг л гуйх шахуу явуулдаг байсан цаг саяхан. Гэтэл одоо залуусын тоо нэмэгдэж үүнийгээ дагаад шалгуур үзүүлэлт нь нарийн болсон байна. “Гэрээт хилчин-Гэрэлтэй алба” уриан дор болсон энэхүү уулзалтад ангиасаа шалгарсан залуус цуглаж, туршлага солилцож, уралдаан тэмцээн зохион байгууллаа. Сулинхээрийн отряд шинэ бууринд төвхнөж халуун ус, дэлгүүр, цэцэрлэг, орон сууц, үсчин, эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг отрядын хүн бүхний хүчин зүтгэлээр бий болгосон байна. Ая тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө манай отрядын хүүхэд, хөгшин, эр, эмгүй бүгд зүтгэсэн. Хичээвэл болохгүй юм гэж алга хэмээн тус ангийн захирагч Р.Батбилэг өгүүлэх. Намар үнэртсэн торгон өдрүүд говийн уудамд налайж, сул хөглөрсөн зэрэглээ талын хээлэнд орооцолдоно. Суунаг татсан говийн уудамд ирсэн замаа эргээд харахад тэртээд Сулинхээрийн отряд, Хатанбулаг сумын төв зэрэглээн дунд газарт нэг, тэнгэрт нэг хөвөрч, хөөрч, газар тэнгэрийн завсарт харагдана. Тэнгэрийн нутаг, говийн их хээлд орших Сулинхээрийн отряд дахь торгон хилийн хязгаарт “Сэтгүүлчид торгон хил дээр” аяны хүрээнд “Гурван үеийн гэрээт хилчид 2017” уулзалтад оролцоод дараагийн газар руу явж буй энэхэн агшинд говь нутаг, хилийн хязгаар нутагт өөрийн эрхгүй сэтгэл хоргодон байлаа. Дэндүү уудамхан тал нутаг минь. Эхлэлгүй атлаа төгсгөлгүй юм шиг үргэлжлэх монгол нутгийн торгон хил. Сэтгүүлчид торгон хил аяныхан гурван үеийн гэрээт хилчдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоо хэмээн баруун хойноос зүүн урагш сунан тогтсон хайрхан дээр ирэв. Нэгэн цагт их далайн усан хаялга эрэгдэн цохилж, аварга өвсөн идэшт динозаврууд сүрэглэн бэлчиж явсан үүх түүхээ хөрсөн дороо хадгалсан сүрлэг хайрхан. Өдгөө ч аясын салхи газрын хөрсийг нь илбэх төдийд ил гарах ул мөр нь хэвээрээ. Хошууран мөргөцөг гарган тогтсон Эргэл хайрханы урд зоонд том овоо байх бөгөөд аян зам, алс хэтээ даатган эргэл, мөргөлчид залбиран сүсэглэсээр ирсэн аж. Эндээс цаашлан бид аянаа үргэлжлүүлж хилийн цэргийн 0143 дугаар ангийг зорилоо. Говийн уудамд элчилгүй холыг зорин явах замд уул толгод дүрсээ түмэнтээ сольж, намрын өнгөөр гоёсон говь нутгийн үзэмжийг бахдаад ханашгүй. Уг нь бидний туулах 165 километр хатуу хучилттай замаар хоёрхон цаг давхиад орох газар. Говийн энхэл донхол, дэржигнүүртэй замд хагас өдрийг баран байж зорьсон газраа ирэв. Аян замд хулангийн сүрэг дайралдаж, тоосных нь үзүүрт өртөөд өнгөрөв. Харагдах нь ховордсон хулан энэ удаад 300 гаруй тоо толгойтой сүрэглэн давхихыг харах нь үнэхээр бишрэм. Салхи өлийн залгилж, тоос татуулан ханаран эргэж, улам цаашлан одох хулангийн сүрэг бараа алдарч, тоосны үзүүр нь л эндээс тэднийг зулран одсоныг гэрчлэн үлдэв.

МОРИН ДЭЭР ЁСОЛСОН ЦЭРЭГ ЭРС

Нар ташиж, жин үдийн халуун буух цагаар тов толгод, аараг бүхий нугачаат хэр барагтайд ил харагдаад байхгүй газарт байрлах Сайн-Сүүжийн застав. Бригадын генералаар ахлуулсан аяныхныг тэд мориныхоо дөрөөн дээр өндийн зогсч, ёслон хүндэтгэн угтлаа. Олон жил ирээгүй гэртээ ирж буй мэт нэг л дотно. Цэргийн төмөр цагаан ор, заставын намхан байшин, жагсаалын жижигхэн талбай. Оройхон тус заставын туслах хилчин М.Машбат эгчийнд очив. Хүүхдүүд нь шуугилдаж хүү, бэрүүд нь ирээд хөл ихтэй байгаа аж. Орон нутгийн хил орчмын иргэд застав болон хилийн цэргийхэнтэй хамтран ажиллаж туслах хилчний үүрэг гүйцэтгэдэг энэхүү уламжлал хэдэн зууны түүхтэйг хэн ч эс мэднэ. Хил орчмын иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хилчидтэйгээ хамтран ажилласаар ирсэн түүхэн хэлхээ цаашид ч улам батжин үргэлжлэх биз ээ. Туслах хилчин боллоо гээд цалин, хангамж эдэлдэггүй, эрх ямба горьдоогүй эгэл боргилхон малчид хилчдийн хамгийн сайн түшиг тулгуур болсоор ирсэн нь харин маргах аргагүй үнэн. Хилээ манаж улсдаа зүтгэснийг нь шагнадаггүй юм гэхэд урмын мялаалга хүртээх л ёстой хүмүүс. Үдшийн бүрий нөмрөх цагаар заставын буйдхан суурин хөл хөгжөөнөөр дүүрч, ХЦДБЧ-ынхан ая дуугаа өргөж, гэрээт цэргүүд, хилийн туслах хилчид, тус заставын цэргүүд хийгээд торгон хилээ эргэж яваа сэтгүүлчдийн уулзалт арга хэмжээ эхэллээ. Тус ангид алба хааж буй хилчидтэй яриа өрнүүлэн суухад эгэл боргилын туйл гэгч энд л байдгийг мэдэрнэ. Манай хил, миний хил л гэж ярих. Хил гэдэг амь гэсэн үгтэй энд дүйнэ. Хилээ, орон нутгаа, газар орчноо мэдрэх, ах дүү болон дотносох, удаан хугацаанд алба хааснаар мэргэших, хилийн манаанд гарахдаа сонор сэрэмж, дадал суух зэрэг номоор заахгүй олон зүйлийг сурдаг аж. Өнгөрсөн 10 жил гэрээт цэргийн албанд шилжсэнээр Хил хамгаалах байгууллага алдсангүй харин ч оносон нь их аж. Тиймээс энэ алба улам төгөлдөржиж, мэргэжлийн цэргээс бүрдсэн хил хамгаалах байгууллага болон улам өнөржих болтугай. Өглөөний хөх униар говийн уудамд хөхөрч, нарны туяа талд шингэн ээнэ. Үдийн дуниартах наран дор цэрэг асрын өмнүүр Сайн сүүжийн заставын хилчид гардан тулаан болон морин сургалтын үзүүлбэр үзүүлэв. Ийнхүү хоёр өдөр зохион байгуулсан “Гурван үеийн гэрээт хилчдийн уулзалт -2017” үйл ажиллагаа өндөрлөж гэрээт хилчид застав, застав руугаа хөлгийн жолоо заллаа.

ЭЛС, НАРНЫ СОРИЛТТОЙ АЯНЫ ХАРГУЙ

Хил дээр нэгэнт ирснийх хилчид болон сэтгүүлчид хилийн 789 дугаарын багана дээр ирэв. Энэ багана Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас 40 гаруй километрийн зайд байрладаг аж. Хэдхэн өдөр хамт байсан ч хэзээний танил нөхөд мэт санагдах болсон Сулинхээрийн отрядын дарга, хурандаа Р.Батбилэг болон тус отрядынхантай дурсгалын зураг татуулж, дахин уулзахын ерөөл тавин үдлээ. Буцах замдаа автобусаа элсэнд суулгаж, түрж, гүйж, говийн элс, халуун наран хоёрын сорилтод орсон ч үдшийн бүрийгээр аян замаа саадгүй үргэлжлүүлж Замын- Үүдийн гэрлийн барааг харав. Говийн уудамд газарт буусан одод мэт Замын-Үүдийн гэрэл ойрхон мэт боловч их удаан явуулж байж хүрэв. Өнгөрсөн жил түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан өмнөд хилийн алтан босго Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар анги дээр ирж байрлав. Тэртээх 1926 оны тавдугаар сарын 1-ны өдрийн 17 тоот тушаалаар Байцаан өнгөрүүлэх салбар, УАБХЕГ-ын даргын тушаалаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, ХЦУГ- ын даргын тушаалаар 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалган нэвтрүүлэх анги болон өргөжсөн түүхтэй. Хоёр гэр, хэдхэн хүнтэй байгуулж байсан тус ангийг өдгөө бүрэн камержуулж 100 хувь дохиолол-телекамерийн хяналттай, бичлэгийн төхөөрөмж суурилуулсан орчин үеийн хил хамгаалах алба болон өргөжжээ. Манай хариуцсан хэсэг бусад ангийг бодоход хөл хөдөлгөөн ихтэй, зорчих хөдөлгөөн тасардаггүй газар. Хил дээр байгаа хүний сэтгэл зүрхэнд багтахгүй юм гэж байхгүй. Бидний ард эх орон минь байгаа болохоор бид асар их зүйлийг тээж явдаг хүмүүс. Эх орон амгалан, халдашгүй, бүрэн бүтэн байх үүргийг хүлээсэн үүрэгтэй хүмүүс хилчдээс өөр байхгүй. Бахархам, бахдам алба хэмээн тус ангийн захирагч хурандаа Д.Ганбаатар өгүүлсэн юм.

Тус ангийн ойролцоо байх “Монгол Улс 812” гэсэн багана бүхий толгод дээр гарав. Энэ газрын нэр уг нь өөр ч тэртээх 1943 оны есдүгээр сард БНМАУ- ын Хилийг хамгаалах албаны бага дэслэгч Жамбаа, байлдагч Данх, Дашаа, Чойсүрэн, Сундуй нарын бүрэлдэхүүнтэй манаа хил нэвтэрсэн зэвсэгт бүлгийг энэхүү толгод дээр угтан тосч, няцааж гавьяа байгуулсан түүхтэй. Тиймээс уг толгод дээр дурсгалын хөшөө босгож Данх толгой хэмээн олноор нэрлэж ирсэн нь өдгөө албан ёсных болон үлджээ. Алтай уулсад хил дээр төрж, хилийн цэрэгт байлдагч,мужаанаас ажлийн гараагаа эхэлсэн генерал Ж.Бямбасүрэн “Хилийн цэрэг доороос дээшээ шатлан өгсөх замаар дэвшиж, хилийн цэргийнхээ зовлон, жаргалыг мэддэг хүн л хаадаг алба. Нэр хүндтэй, тэр болгон аавын хүү хаагаад байдаггүй энэ албыг гэрээт цэрэгтэй болгосон нь мэргэжлийн хилийн цэргийн алба бүрэлдэн бий болоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бодлогыг цаашид ч тогтвортой үргэлжлүүлж, Монгол Улсын хил халдашгүй дархан байх ёстой” хэмээн онцолж байсныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Хилийн цэргийн ногоон фургон энхэл донхол газрыг эс ажран дэнжигнэн тал дундуур цахилна. Тэрхүү ногоон пургонд Хил хамгаалах албаны Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг, ХЦДБЧ-ын дуучин Хас болон өдөр тутмын дөрвөн сонины сэтгүүлчид аяны дөрөө нэгдсэн билээ. Хилийн зүг зурайх аяны харгуйд дахин нэгдэхийн ерөөлийг “Үзэгтэй хилчид” алдрын хамт өргөн дөрвөн өдрийг хамтдаа үдсэн багийнхан замын дундаас нэгнээ үдэж явсаар их хотын зүг хөдөлцгөөлөө.

Э.ЭРДЭМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.98.238)

    2017-09-20

    Эх орны хил дээр ажилладаг эрсийн цалинг нэмэх хэрэгтэй байна. Ахуй хангамж муу байна.