Б.Мөнх-Оч: Хүн нэг байрандаа 2-3 цаг суугаад заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой

 

Хүн эрүүл байвал ихийг хийж бүтээдэг. Тиймээс эрүүл мэнд-эрхэм баян гэж ярьдаг бизээ. Дэлхийн хүн амын дийлэнх хувьд мэдрэлийн гаралтай өвчин зонхилдог судалгаа бий. Тэр дундаа нуруу, толгой өвдөх шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Тиймээс мэдрэлийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн эмчлэх талаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч, дэд хурандаа Б.Мөнх-Очтой ярилцлаа.

 

-Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар хилийн анги, салбараар явж хилчдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа. Хилчдийн дунд  мэдрэлийн гаралтай ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт үйлчлүүлэгчдийнхээ дунд судалгаа хийж үзэхэд захын мэдрэлийн өвдөлт, тэр дундаа нугалмайн шалтгаантай нурууны өвдөлтүүд их байна. Энэ нь цэргийн алба хаагчид биеийн хүчний ажил их хийдэгтэй холбоотой. Мөн хилчид хүйтний улиралд морь унаад хилд олон цагаар явдгаас үүдэн нуруу өвдөх зовиурууд их илэрдэг.  Харин суугаа ажилтай хүмүүс нэг хэвийн байрлалд удаан хугацаагаар сууснаас үүдэж нуруу өвдөх нь их. Эсвэл өмнөх гэмтэл бэртэл нь сэдэрч, тархи толгой, нуруу өвдсөн зовиурууд дийлэнх нь байна.

Манайхан нуруу өвдөхөөр бөөр гэж оношлоод дотрын эмчид хандах нь бий. Мэдрэлийн гаралтай өвчний хүнд илэрч буй анхны зовиур нь нурууны өвдөлт. Цаанаа нурууны яс, үеэнд өөрчлөлтүүд гарсан байж болно. Эсвэл булчин нь чангарсан ч байж болно. Өвдөлтийн эх сурвалж нь олон янз байдаг. Хилчдэд илэрч буй өвчлөлийг эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын хэлбэлзэл өндөртэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа хойд хилийн дөрвөн отрядын цэргийн алба хаагчдын хэмжээнд авч үзэхэд дараах өвчлөл зонхилж байна.

Тус дөрвөн отрядын 1026 цэргийн алба хаагчдад хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийг графикаар харуулъя.

Шүдний өвчлөл 417 байгаагаас цоорол 195, чулуу буйлны үрэвсэл 132, ёзоор 90, дотрын 211 өвчлөлөөс ходоодны үрэвсэл 46, бөөрний үрэвсэл 52, цөсний үрэвсэл 34, даралт ихсэх 39 бусад 40, нүдний 184 өвчлөлөөс хугарлын гажиг 86, зовхины үрэвсэл 47, зовхины тосны булчирхайн үрэвсэл 31, бусад 20, арьс харшилын 123 өвчлөлөөс хавьтал харшилын арьсны үрэвсэл 37, харшлын шалтгаантай арьсны үрэвсэл 28, батгашил 42, хайрьст үлд 11, нөсөөжих эмгэг 5, гэмтэл, мэс заслалын 105 өвчлөлөөс шамбарам 48, хөлийн хөх судасны өргөсөл 32, парапроктит 8, цөсний чулуу 6, мөрний сурмаг мултрал 4, бусад 7, мэдрэлийн 75 өвчлөлөөс нурууны өвдөлт 39, толгойн өвдөлт 19, мэдрэл сульдал 17, эмэгтэйчүүдийн 125 өвчлөлөөс умайн дотор салстын үрэвсэл 42, үтрээний үрэвсэл 39, умайн хоргүй хавдар 28, цэвэршилт 16 тохиолдож байна. Үзлэгт хамрагдсан нийт цэргийн алба хаагчдын дундаж нас 30-33 байгаа юм.

 

-Манайхан удаан хугацаагаар суугаа ажил хийх нь элбэг. Тэгвэл нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дасгал хөдөлгөөн чухал. Ажлын байран дээр хийж болох олон дасгалууд байна. Булчин хэдий чинээ сайн сунана тэр хэрээр сайхан амардаг. Заавал стандарт дасгал хийх албагүй. Өөртөө тохирсон дасгалыг л сонгож хийх хэрэгтэй. Манай эмнэлэг дээр мэргэжлийн физик эмчилгээний сувилагч нар ажиллаж байна. Ирээд дасгал заалгаад хийсэн ч болно. Хүн бүр дасгал хөдөлгөөнийг зуршил болгох ёстой. Ингэж байж нурууны өвчнөөс сэргийлнэ.

 

-Хүн нэг байран дээрээ хэр удаан суугаад босч дасгал хөдөлгөөн хийж байх ёстой юм бэ?

-Хоёр цаг тасралтгүй суусан үед 10 минут босоод дасгал хийнэ. Компьютерийн дэлгэц, сандал хоёр яг ижил тэгш хэмд байх ёстой. Хүний буруу суултаас үүдэж  нуруу өвдөх нь бий. Тиймээс ажил амьдралын зөв дэглэм хамгийн чухал. Ядаж гутлаа үдэхдээ хүртэл шууд огцом тонгойж болдоггүй. Гуяны булчингаа ашиглаж доош бөхийх хэрэгтэй. Энэ дашрамд хилчиддээ нуруу, хэвлийн булчингаа чангалах дасгал хийж хэвшээрэй гэж хэлмээр байна.

 

-Нуруу өвдөлт юунаас болж байгааг хэрхэн оношлох вэ?

-Нуруу өвдөх шалтгаан олон янз. Ажлын стрессээс болж булчин чангарна. Мөн мэдрэлийн, гэмтлийн гаралтай өвчнүүд байна. Бүр цаашлаад ясны бүтцэд өөрчлөлт орсон үед өвдөнө. Нурууны өвдөлттэй өвчтөнүүд эмчилгээ хийлгэхэд 30-60 хувь нь долоо хоногийн дотор, 90 хувь нь зургаан сарын дотор өвдөлт арилдаг.

 

-Хүмүүс дур мэдэн нуруунд суулт үүссэн байна гээд татлага хийлгэдэг. Энэ зөв үү?

-Үүнийг мэргэжлийн эмчээр оношлуулаад шалтгааныг нь олж тогтоох ёстой. Түүнээс дур мэдэн эмчилнэ гэж байхгүй. Хэр хэмжээний суулт нурууны аль үеэнд өгсөнийг тогтоож байж эмчилгээг нь хийдэг.

 

-Толгойны өвдөлтийн тухайд?

-Эмнэлзүйн практикт хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдэг бол толгой өвдөлт. Халуурч ханиад хүрэх, хоолой өвдөх үед хүртэл толгой өвддөг. Толгой өвдөлтийн 90 хувь нь анхдагч толгой өвдөлт байдаг. Тухайлбал, толгой тойрсон эрхтнүүдээс болж өвдөнө. Нүд, чих, эрүү нүүр, шүдний өвчлөлийн үед толгой өвдөх нь бий. Мөн дотор даралт ихдэх үед толгой өвдөх нэг шалтгаан болдог. Толгой өвдөх үед нь манайхан эм уугаад шинж тэмдгийг нь дарчихдаг. Энэ бол буруу. Юунаас болж толгой өвдөж байгааг нарийн олж тогтоох ёстой.

 

-Хүмүүс толгой таллаж өвдөөд байна гэж их ярьдаг.  Яагаад ингэж өвддөг юм бэ?

-Толгой өвдөлт нь маш олон шалтгаантай. Дэлхийн судлаачдын гаргаснаар толгой өвдөлтийг үүсгэдэг 50 гаруй өвчин эмгэг байдаг. Цусны даралт ихсэх өвчин, судас хатуурал, цус багадалт чих, хамар, хоолойн өвчин, ханиад томуу, аливаа хордлого, эмийн гаж нөлөө гэх мэт олон янзын шалтгаанаар толгой өвдөх шинж илэрнэ. Ер нь толгой өвдөх нь бие махбодь хэвийн бус байгааг илтгэж байгаа толь юм. Иймээс толгой өвдөх тохиолдол бүрийг мэдрэлийн өвчинд хамруулан авч үзэхгүй. Гэвч толгой хүчтэй тэлэгдэж өвдөх, бөөлжих, халуурах эсвэл толгой гэнэт тэсвэрлэхийн аргагүй өвдөж, ухаан балартах зэрэг нь ноцтой өвчний шинж болохыг анхаарч, энэ тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авбал зохино. Харин мэдрэлийн бие даасан толгой өвдөх эмгэгийн бүлэгт хүн амын дунд олонтоо тохиолдох нь “мигрень” хэмээн нэрлэгдэх толгой таллах үечилсэн өвдөлт, сэтгэлийн шалтгаант толгойн архаг өвдөлт хамаарна. Толгой өвдөх ийм хэлбэрийн эмгэгийн үед лаборатори, аппарат багажийн шинжилгээгээр тархинд ямар нэг эмгэг өөрчлөлт илэрдэггүй онцлогтой.

 

-Толгой таллах өвчний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Толгой таллах өвдөлт (мигрень) энэ нь үе үе толгой таллаж өвдөх шинжээр илэрдэг. Зонхилон эхийн талаас удамших хандлагатай, толгойн гаднах болон доторх судасны агшилт, тэлэгдлийн тэнцвэр үе үе алдагдсантай холбоотой үүсдэг өвчин юм. Толгой өвдөх үед бид эм уух унтахад өвчин намдсан байдаг. Өвдөлтийн дахилтаас сэргийлэхийн тулд ажил, амралтын дэглэмийг сайтар мөрдөх, агаарт явах, нойр бүрэн байх, хоол хүнсээ тохируулан, архи дарс хэрэглэхгүй байх нь чухал.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)