Залуучуудын УАШТ-ний нээлтийн ёслол боллоо

Сүхбаатар дүүргийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14:30 цагт Мон-Алтиус БТДС-ийн зааланд боллоо. Нээлтийн ёслолд Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, МУГД Д.Жаргалсайхан, Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга М.Алтангэрэл, МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн “Холч Жинчин” ХХК-ны ерөнхий захирал Х.Отгон, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, МГХ-ны ЕНБД Д.Энэбиш нар оролцож баг тамирчдад баяр хүргэж үг хэллээ. МГХ, СБД-ийн БТСХороо энэхүү тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулахаар болжээ.

            Нээлтийн үеэр МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн “Холч Жинчин” ХХК-ны ерөнхий захирал Х.Отгоныг гандболын спортод оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын үндэсний олимпийн хорооны Олимпийн алдар медалиар шагнажээ.

Тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж  Гандболын спортын мастер, улсын шүүгч С.Ригдэндагва, тамирчинг төлөөлж 2016 оны 07 сард Хонконг улсад зохион байгуулагдсан Олон улсын цомын тэмцээнд амжилттай оролцсон Дархан багийн тамирчин Б.Сувд-эрдэнэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тамирчин Б.Тэмүүжин нар өргөсөн юм.

Үе тэнгийн оюутан залуучуудаа төлөөлөн Мон-Алтиус БТДС-ийн оюутнууд тэмцээнд оролцож байгаа тамирчдад зориулж ая дуугаа өргөн барьжээ. Энэ удаагийн тэмцээнд 16 байгууллагын нийт 350 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний аваргууд 10 сарын 28-ны өдөр тодроно.

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин