П.Орхон: Олимпын аварга болох зорилготой байна

 

“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын алтан медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин олон улсын хэмжээний мастер П.Орхон өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын зар­ лигаар Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх нэр хүндтэй цол тэмдгийг гардан авлаа.

Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 43 дахь гавьяат тамирчин болж буй бөгөөд эмэгтэй бөхчүүдээс энэхүү цол тэмдгийг хүртсэн ес дэх тамирчин болж байна. Түүнээс өмнө эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал, Д.Нармандах, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг нар гавьяат тамирчин болж байжээ.

Төрийн ордны гадна түүний ээж, ах, эгч, дүү, хамаатан садан, найз нөхөд, чөлөөт бөхийн үе үеийн тамирчин багш дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны хамт олон хүрэлцэн ирж, баярт мөчийг нь хуваалцсан юм. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонслоо.

 

-Гавьяат тамирчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өөрийн хүч, хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ их баярлаж байна. Цаашдаа өөрийн гаргасан амжилтаа бататгаж, олимпын аварга болохыг зорьж байна.

 

-Энэ жилийн хувьд амжилт дүүрэн өнгөрч байна. Ойрын үед оролцох ямар тэмцээн байгаа вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт энэ оны сүүлчийн тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ тэмцээндээ мөн амжилт гаргахыг хичээж байгаа.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)