Үндсэн хуулийг тойрсон үнэн ба худал

Эрхийн философи, үндсэн хуулийн эрхийн мэдлэг гэхээр юмгүй хүмүүс (зарим нь бүр доктор цолтон) манай 1992 оны үндсэн хуулийн талаар ичмээр, зовмоор худлаа ярьцгаасаар 25 жил боллоо. Худал мэдэмхийрч буй хүн нэг бүрээр илтгэл бэлдүүлээд 30-40 минут яриулж дараа нь хэлсэн санаа бүрийг нь нэг бүрчлэн шүүн хэлэлцэж яг хэрэг дээрээ бол “юуг юу болгож” худлаа, өнгөц бурсныг нь өөрт нь нотлоод өгөх юмсан гэж бодогдох юм. Үнэн байдлаа ойлгоод ичих нүүртэй зарим нь эндүүрч явснаа ухаарах байх. Гэхдээ олонхи нь алдаагаа ойлгох чадваргүй байж ч мэдэх юм.

Үндсэн хуульт Бүгд найрамдах улсуудын хувьд төрийн тогтолцоо нь хоёрхон янзаар л байгуулагддаг. НЭГДҮГЭЭРТ, сонгогчдын олонхийн санал авсан ерөнхийлөгч засгийн газраа тэргүүлж кабинетээ өөрөө бүрдүүлдэг. ХОЁРДУГААРТ, парламентын сонгуулиар олонхи болсон улстөрийн намын дарга засгийн газраа тэргүүлж кабинетээ бүрдүүлдэг. Парламентын үндсэн үүрэг бол хууль хэлэлцэж батлах. Олон шаттай шүүхүүд хууль зөрчсөн хүмүүс, байгууллагын гэмт үйлдлийг шүүн тогтоож ял, зэмлэл оноодог. 

Төрийн эрх мэдлийг үндсэн бүрэлдэхүүнээр нь гурав хувааж өөр өөрийн чиглэлээр дээд эрхийг эдлэх ёстой гурван институцийг байгуулаад гурвууланд нь ганцхүү, зөвхөн хуулийн дагуу ажиллах, үндсэн хуулийг чанадаар мөрдөж үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгодог. Аль нэг нь үндсэн хууль зөрчжээ гэж тогтоогдвол нөгөө хоёр нь хэлэлцэж зөвшилцөөд буруутныг огцруулдаг. Ийм ерөнхий зарчмаар 4-5 жил ажиллаад дараачийн сонгуулиар ард түмнээс үлдэж ажиллах, эсвэл огцрох талаар үнэлгээ авдаг. Төрийн амьдралын энэхүү процессыг л үндсэн хуулийн “төрийн тогтолцоо” гэсэн бүлэгт хуульчлан зааж өгдөг. Үндсэн хуулиудын бусад бүлэгт тусгагдсан зүйлүүд ерөнхийдөө ижилхэн шахуу...

Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй орон бүгд л үндсэн хуультай. Өөр өөрийн онцлогт тохируулаад, бас түүхэн уламжлалаа тусгаад (зарим нь хаантай, вантай, эсвээс бэлгэдлийн гэгдэх ерөнхийлөгчтэй, зарим нь парламентын дээд, доод танхимтай г.м) 80-90 хувь нь үндсэн хуулиа өөрсдөө боловсруулж өөрсдөө баталжээ. Ямар нэг шалтгаанаар төв төргүй болсон цөөн улсад үндсэн хуулийг нь эзэн гүрэн нь, байлдаж ялсан тал нь бэлдэж, баталж өгсөн баримт бас бий...

Монголчууд бол төв төрийн, үндсэн хуулийн нэн эртний уламжлалтай ард түмэн. Дэлхийн хэмжээгээр үзэх аваас үндсэн хуульт хаант төр 1206 оноос Монголд, 1215 оноос Англид анх буй болсон гэж үзэх үндэстэй. Үндсэн хуулийн эрэмбэ, зиндааны хууль, эрхэмжийн бичиг, гэрээг зохиож, баталж, мөрдөж ирсэн баримтууд монголчуудын хувьд сүүлийн 800 жилийн туршид олон бий. 

Улстөрийн намын уламжлал, түүх ч гэсэн мөн зуу илүү жилийн настай болжээ. 1991, 1992 оны түвшинд ярих аваас Монгол улс нийгмийн шинжлэх ухаанаар мэргэжсэн хүмүүсээ гадаадын их, дээд сургуулиудад бэлтгэдэг, дотооддоо ч бэлтгэдэг, эрдмийн зэрэг, цол ч дотооддоо олгодог болчихсон, Философи, социологи, төр эрхийн хүрээлэн байгуулагдаад 30 шахам жил ажиллачихсан, эрх хэмээх обьектив, хууль хэмээх субьектив зүйлүүдийн талаарх онолын мэдлэгийг орчин үеийн нь түвшинд судалж таньсан эрдэмтэдтэй болчихсон цаг байв. Том, томоохон орнуудын үндсэн хуультай танилцсан, төрийн тогтолцооны дарангуйлагч болон либераль ардчилсан дэглэмүүдийг аль нэгэн хэмжээгээр судалчихсан хүмүүс ч цөөнгүй байжээ. 1924, 1940, 1960 оны үндсэн хуулиудын ололт, дутагдал, жишээ, туршлага ч судлаачдад тодорхой болчихсон цаг үе билээ. 

1960 оны үндсэн хуулийн дагуу байгуулагдаад ажиллаж байсан төрийн тогтолцоо бол улстөрийн нэг намын системийн нөхцөлд, ганц үзэл суртлын ноёрхол дор, өмчийн ганц маягийн ноёрхол дор, ээлж халаагүй олон арван жилийн турш нам, төрийн дээд эрхийг атгасан нэг хүний авторитар удирдлагын дор л болохоос биш хэлбэрийн хувьд Парламентын засаглалтай бүгд найрамдах улс байлаа.

 

Парламент гэж болохоор Ардын Их Хурал бараг бүхэлдээ МАХН-ын гишүүд, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга нь бэлгэдлийн ерөнхийлөгчтэй адилавтар, МАХН-ын дарга нь ерөнхий сайд, кабинет нь бүхлээрээ МАХН-ын гишүүд, Улаанбаатар хот, аймгуудын дарга нар мөн л МАХН-ын гишүүд – Парламентын засаглалтай төрийн тогтолцоотой адилхан гэхээр. Хэрэв шинэ үндсэн хуулиар парламентын засаглалтай төрийн тогтолцоог сонгож авсансан бол 1992 оны дундуур яг л ийм төр, засаг эргээд буй болох байсан. Ялгаа нь 4 жилийн хугацаатай, бас цөөхөн хүнтэй сулавтар сөрөг хүчинтэй. Удаан хугацаанд ноёрхсон өмнөх уламжлалын хүч, МАХН-ын гишүүн УИХ-ын гишүүдээс бүрдсэн олонхийн үзэл бодол, байр суурь ардчилал, шинэчлэлтийн явцыг удаашруулж, бүр ухрааж ч чадах байлаа. Иймд улстөрийн амьдралын шаардлагаар аяндаа шахам буй болсон улсын ерөнхийлөгчийн үүрэг, ролийг хэвээр нь үргэлжлүүлэх, Улсын Бага Хурлыг өргөтгөж УИХ болгох, УИХ-д олонхи болсон нам засгийн газрыг бүрдүүлэхээр хуульчлах нь наанадаж 8-12 жилийн дотор Монголын нийгмийн улстөрийн амьдралыг харьцангуй тайван гольдролд оруулах ач холбогдолтой байв. Амьдралаас ургаж гарсан, шилжилтийн гэхээр төв төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг арай боловсронгуй болгож хуульчлах аваас яалт ч үгүй хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн (холимог) засаглал тогтохоор байлаа. Шинэ тутам үүссэн туршлагагүй намууд ба өөрчлөгдөж завдаагүй байсан МАХН-ын нөхцөлд тэдэнд аль алинд нь өсөх, туршлагажих, өөрчлөгдөх боломж, хугацаа өгөх нь нэн чухал байв. Энэнийг олж харж чадсан нь олзуурхууштай хэрэг юм. Одоо, 2017 онд ихэнх улстөрчдийн ярьж байгаачлан шууд л парламентын засаглалын сонгодог хэлбэрт шилжсэн бол цааш цаашдын улстөрийн амьдрал аль эсвэл үймээн самуун, байнгын сөргөлдөөн болж хувирах, аль эсвэл ард түмний саналаар төрийн бүх өндөрлөгт дахин гарч ирсэн МАХН-ын удирдах бүлэг эрхээ хэтрүүлэн эдэлж өмнөх дарангуй дэглэмийг шинэ нөхцөлд дахин тогтоож 1992-1996-2000 онд ардчилсан хүчнүүдийг “ногтолж, хазаарлаж, номхруулж” авч ч чадах байлаа. Ардчилсан хүчнүүд УИХ-д олонхи болж, парламентаас өөрийн гишүүнийг ерөнхийлөгчөөр сонгож, мөн намын дарга нь ерөнхий сайдаар томилогдож кабинетээ бүрдүүлж амжилттай ажиллах цаг хугацаа бүр 2004 он, 2008 оны сонгууль хүртэл ч хойшилж болох байв. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар ерөнхий сайд, ерөнхийлөгчийн сэнтийд суух боломжгүйгээр хэрэг явдал өөрөөр эргэж ч болох байлаа. Энэчлэн өөрөөр эргэх зүйл хот, хөдөөгүй л гарах байсан даа...

Цэвэр парламентын засаглалын нөхцөлд эрх баригч намын дарга, эрх баригч намын нөлөө тун ч ихээр өсдөг жамтай. МАХН-ын тэр үеийн удирдлага хойд, урд хоёр хөрштэйгээ нягт хамтран ажиллаж 1992 оны хямралт байдал, хомсдлыг богино хугацаанд амжилттай даван туулсан нөхцөлд УИХ-д олонхи болох боломж Ардчилсан нам, хүчнүүдийн хувьд тун ч бага болж үлдэх байлаа. Энэ байдлыг өнөөдөр олон улстөрчид эргэж тооцохгүй, таньж мэдээгүй хэвээрээ л байцгаана. Улстөрийн амьдрал бол тун ч ороо бусгай, ээдрээтэй, санамсаргүй байдлаар яаж ч эргэж хөрвөж болдог зүйл билээ. Сонгогч олон түмэн хэдэн ч удаа “ходоодоороо санал өгч” болох юм.

Шинэ үндсэн хууль тэр үеийн шинэ ба хуучин нам, хүчинд үйл ажиллагааны тэнцүүхэн гэхээр боломж олгож чадсан нь үнэн юм. Цааш цаашдын амжилт нь зөвхөн өөрсдөөс нь бүрэн хамаарахаар гарааны тэнцүү нөхцөл, үйл ажиллагааны өргөн боломж, өсөх ба өөрчлөгдөх боломжит хугацаа тэдэнд өгөгдсөн гэж хэлж болно. Ийм болох учир л 420 орчим депутат 76 хоногийн туршид хардах ба итгэхийг хослуулан хэлэлцсээр эцэс сүүлдээ баталсан билээ. Тэд (өөрсдийн нь ярьж байснаар) үндсэн хуулийн төслийг үндсээр нь өөрчлөх, бас Бямбасүрэнгийн засгийн газрыг огцруулах зорилго өвөртөлж ирцгээсэн байв.

 

АИХ-ын чуулган 420 шахам депутатуудын бүрэлдэхүүнтэйгээр үндсэн хуулийн төслийг 76 хоног хэлэлцээд (асууж, тайлбарлуулж, шүүмжилж, маргалдаж, гол төлөв хоосон шуугиан дэгдээсээр) уг төсөлд 5 хувийн ч өөрчлөлт оруулж чадаагүй, эцэсдээ баталж салсан юм. Засгийн газрыг ч огцруулж чадаагүй билээ. Гэхдээ огцруулах оролдлого их хийсэн юм шүү...

Шинэ үндсэн хуулийн эх сурвалжууд бэлхнээ байсан билээ. Үндсэн хуулийн зэрэг, зиндааны хуулиуд баталж мөрдөж ирсэн түүхэн уламжлал, өмнөх гурван үндсэн хуулийн үлдээсэн сургамж, 1990-1991 онд амьдралаас ургаж гарсан улсын ерөнхийлөгчийн алба, Улсын Бага Хурал, шинээр бүрэлдсэн олон намын систем, олон ургальч үзлийн бодит орчин, ардчилал шинэчлэлийн төлөө хөдөлгөөний үндэсний хийгээд олон улсын практик, төр эрхийн талаарх үндэсний сэтгэлгээ, томоохон улс орны үндсэн хуулиуд гэх мэтийн эх сурвалж, жишээ, тэдгээрийг судалж шинжлэх үүрэг хүлээж цөөнгүй жилээр ажилласан 40-60 настай судлаачид – энэ бүхэн бол чамламгүй чадавх, потенциал мөн болно. 

Олон намын систем, олон ургальч үзэл, хүний эрхийн тунхаглал, ардчиллын түгээмэл шаардлага, зарчмууд зэргийг сайтар бодолцож, тооцож хасалт, нэмэлт, өөрчлөлт хийхэд л 1960 оны үндсэн хууль маань шинэ үндсэн хуулийн төсөл болчихоор байв. Томоохон орнуудын үндсэн хуулиудаас жишээ, төсөө аван мөн дээрх шаардлага, зарчмуудыг тусгаж шинэ бичвэр хийлээ гэхэд ч мөн л ойролцоо төсөл гарах нь тодорхой юм. Ази, Европ, Африк, Америк, Австрали тивийн улс орнуудад хутга, хайч, халбага, сэрээ, хөрөө, сүх мэтийн багаж бүгд л адилхан байдагтай энэ нь зүйрлэхүйц үзэгдэл мөн болно. Хутгыг бүтээж, ашиглаж, боловсронгуй болгож ирсэн үйл явц ба үндсэн хуулийг бүтээж, ашиглаж, боловсронгуй болгож ирсэн үйл явц үндсэндээ адилхан юм. Энд хуулсан, будаа идсэн, монтажилсан, бусдыг дууриасан, өөрийн хөрснөөс ургуулаагүй гэх мэтийн шүүмжлэл бол гол төлөв л шүүмжлэх гэж шүүмжилсэн, шүүмжлэн хэлж байгаа утга, санаагаа шүүмжлэгч өөрөө ч ойлгохгүй байгаагийн жишээ, илрэл мөн болно.

1992 оны үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Үндсэн хуулийн өөр хувилбарыг туршиж үзэхэд илүүдэх юм ер үгүй. Гэхдээ дээрдүүлж л, чанаржуулж л өөрчлөх юмсан даа!

Судлаач, профессор Д.Чулуунжав

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)