Дэлхийн удирдагчид МАНИЛАД чуулж байна

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ийн 31 дүгээр чуулга уулзалтын нээлт Манила хотноо өчигдөр эхэллээ. Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нарын 19 орны төр, Засгийн тэргүүн оролцож байна. Дээд хэмжээний уулзалтыг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нээж, үг хэлжээ. Тэрбээр Марави хотыг террористуудаас чөлөөлөхөд дэмжлэг үзүүлсэн Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад талархал илэрхийлээд терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэж, бүс нутагт тогтвортой байдал сахиулахыг уриаллаа. АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлгүүд зохион байгуулдгаараа онцлогтой. Энэ удаагийн бизнесийн салбарын дээд хэмжээний уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

Цагаачдын нийгмийн хамгааллыг сайжруулна

АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хэт туйлшрах үзэл, эдийн засгийн интеграцчилал, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцэнэ. АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтад Азийн тэргүүлэх арван орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа учраас энэ тивийн тулгамдсан асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Тухайлбал, бага хурлын үеэр цагаачдын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах тогтоолыг батлах ажээ. Энэхүү тогтоол нь Зүүн өмнөд Азийн орнуудын цагаач иргэдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажээ. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Манилагийн уулзалтад оролцохоос гадна Филиппин улсад таван өдрийн албан айлчлал хийнэ. БНХАУ-ын төрийн дээд албан тушаалтны айлчлалын зорилго нь бүс нутгийн чанартай хэд хэдэн асуудлыг хэлэлцэхэд оршино. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев дээд хэмжээний уулзалтад илтгэл тавих юм байна.

Филиппинчүүд Д.Трампыг эсэргүүцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлал Манила хотод өндөрлөж байна. Цагаан ордны тэргүүн Вьетнамд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаа дуусгаад Манилаг өнгөрөн ням гарагт зорьсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц Филиппиний Кларк нисэх буудалд газардсан бөгөөд Дональд Трампыг эсэргүүцэгчид Манила хотод жагсаал зохион байгуулжээ. АНУ-ын төрийн тэргүүнийг Филиппинд айлчлахыг эсэргүүцсэн иргэд тус улсын Элчин сайдын яамны байр руу нэвтрэхийг завдсан байна. Жагсагчид АНУ, Филиппиний хооронд цэргийн хамтын ажиллагаа тогтоохыг эсэргүүцэж Д.Трампыг эх орондоо хөл тавиулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ. Манила хотын хууль сахиулагчид даралтат ус шүршиж жагсагчдыг тараасан байна.

Манила аюулгүй байдлаа чангатгалаа

Манила хотноо хүрэлцэн ирсэн дэлхийн удирдагчдын аюулгүй байдлыг хангахаар цагдаа, цэргийн 60 мянган алба хаагч ажиллаж байна. ТАСС агентлагийн уламжилснаар, гол уулзалт болох зочид буудлуудыг тусгай хамгаалалтад авчээ. Мөн үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад тусгай бороохой, бамбай олгосон байна. Хотод замын түгжрэл үүсгэхээс урьдчилан сэргийлж зарим өргөн чөлөө, гудамжны автозамын хөдөлгөөнийг чөлөөлжээ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр Манилагийн оршин суугчдын төвлөрлийг бууруулахын тулд энэ сарын 13- 15-ныг ажлын бус өдөр болгож зарласан ба хотын төвд байрлах олон нийтийн газруудыг түр хугацаагаар хаажээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)