Г.Төгсөө: Багш нар хүүхдийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй

Монголын сурагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөө өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, багш нар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдсэн ч ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаад талархаж, хүүхдийн язгуур эрх ашгийг нэн түрүүнд тавих учиртайг санууллаа. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын эрх ашгийн төлөө тэмцэж байгааг ойлгож байгаа. Гэхдээ багш нар ажил хаясны улмаас олон мянган хүүхэд гэртээ хараа хяналтгүй үлдэж, эрх ашгийг нь ноцтой зөрчиж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон. Ер нь томчуудын үл ойлголцлоос болж Монголын ирээдүй болсон сурагчид хохирох ёсгүйг анхааруулсан юм. Мөн цаашдаа багш нар өөрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд анхаарч, хүүхдийн байгууллагадаа урьдчилан мэдээлж, харилцан санал солилцож байхыг мянга мянган сурагчдынхаа өмнөөс хүслээ. Тэрбээр “Багш нарын нөхцөл байдлыг бид дэмжээд хүндэтгэж байсан нь үнэн. Гэвч хугацаагүйгээр ажил хаяна хэмээн хэлж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд цалгардуулсанд манай холбооны зүгээс эмзэглэж энэхүү мэдэгдлийг хийж байна. Багш нарын ажил хаялтаас үүдэн хүүхдүүд маань эрсдэлд орох магадлал нэмэгдсэн. Хичээл орохгүй цагийг яаж үр дүнтэй өнгөрөөх талаар хүүхдүүд томчууд шиг ухамсартайгаар шийдэж чадахгүй. Үүнээс болж компьютер тоглоомын газраар явж, гэмт хэрэгт санамсаргүйгээр өртөх магадлал бий болсонд бид эмзэглэсэн юм. Бага насны хүүхдүүдээ эцэг, эхчүүд ажилдаа хөтлөөд яваад байх боломж тэр бүр байхгүй. Тиймээс л бид багш нарын ажил хаялтыг хүүхдүүдийг үл хайхрах, бараг хүчирхийллийн хэмжээнд хүрэх гээд байна гэж дуу хоолойгоо илэрхийлж байгаа маань энэ. Эцэг эхчүүд ч гэсэн багш нарыг ажил хаяхад хүүхдүүдээ хичээлээсээ хоцрогдчихвий гэж эмээж байгаа. Энэ бүх нөхцөл байдалтай уялдан хүүхдийн эрх ашгийг хамгаалахын төлөө сүүлийн арав гаруй жил үйл ажиллагаагаа чиглүүлсэн манай холбооны хамт олон цаашид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах талаар олон ажил зохион байгуулж, холбогдох газруудад дуу хоолойгоо хүргэнэ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-нд Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Азидаа ийм хуультай орон Монголоос өөр байхгүй гэж цээжээ дэлддэг хэрнээ бодит амьдрал дээр хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдал ямар байгааг анхааран ухамсарлах хэрэгтэй байна” гэсэн юм.

Б.ДААРИЙМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)