С. Магнайсүрэн: Хариуцлагатай байж амжилтад хүрнэ

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Ерөнхий сайдаас яам, төрийн захиргааны байгууллагуудад “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар хүргүүлжээ. Албан даалгаврын дагуу танай яам ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 26- ны өдөр “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргаж Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж тухайн сайд, Засаг дарга бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад танилцуулж, хэрэгжилтэд нь анхаарахыг даалгасан. Албан даалгаварт хэд хэдэн асуудлыг анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Нэгдүгээрт, төсвийн шууд захирагч нар жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үзэж алдаа дутагдал гаргасан албан хаагчдадаа хариуцлага тооцож ажиллахыг анхааруулсан; Хоёрдугаарт, шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах, авлигын хяналтыг сайжруулж, төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүрт таслан зогсоож авлига, хүнд суртал, шударга бус байдалтай тэмцэх; Гуравдугаарт, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн алдаа гаргасан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцон ажиллах; Дөрөвдүгээрт, төрийн албаны үр ашгийг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хангаж төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зэрэг уг албан даалгаврыг хүлээж аваад яамны аппаратын төвшинд танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, сар бүр хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээг дотооддоо хийж ажиллахаар боллоо. Харьяа байгууллагууддаа ч мөн адил албан тоотоор хүргүүлж, хэрэгжилтийг хангаж, дүн мэдээг сар бүр ирүүлж байхаар чиглэл болгоод ажиллаж байна. Ер нь бол ажлаа хууль журмын дагуу улам чамбайруулж, ингэхдээ сахилга, хариуцлагыг илүү сайжруулах ёстой гэсэн зарчим гэж ойлгож болно.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног ирэх оны нэгдүгээр сард болно. “100 хоногийн төлөвлөгөө” гаргаад ажиллаж байгаа гэсэн. Танай яамнаас Засгийн газар байгуулагдсанаас хойш хийгээд байгаа томоохон ажлаасаа дурьдвал?

-Засгийн газрын 100 хоногт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн яг ямар зорилтыг хийж гүйцэтгэсэн талаараа олон нийтэд тодорхой мэдээлэхийг шинэ сайд нарт чиглэл болгож байгаа. Тиймээс яам болон харьяа байгууллагууд хамтран хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулаад дор бүрнээ хэрэгжүүлээд явж байна. Юуны өмнө Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажыг эхлүүлэх, ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлыг шуурхай авч үзэж байна.

-Иргэдийн хамгийн ихээр сонирхож буй ипотекийн зээлийн талаар тодруулж хэлж өгөхгүй юу?

-Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд 4 их наяд төгрөгөөр санхүүжүүлж, 92.0 мянган иргэн зээлд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээгээр зээлийн бүтцэд жин дарж, төдий хэмжээний өрх айл орон сууцтай болсон буюу орон сууцны нөхцөлөө сайжруулсан гэсэн үг. Зээлийн чанар маш сайн байгаа. Яг өнөөдрийн байдлаар Засгийн газар ОУВС-тай хамтран өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор ипотекийн зээлийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзээд Монголбанкнаас санхүүжүүлэхийг хязгаарласан. Тиймээс 2017 оны улсын төсөвт 110 тэрбум, 2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар тус тус тусгасан. Үүнийг өнөөдрийн загвараар хөтөлбөрийг үргэлжлүүлсэн тохиолдолд 1765 иргэний асуудлыг шийдэх бөгөөд энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал хэд дахин бага үзүүлэлт юм. Тиймээс яам уг хөтөлбөрийг үр ашигтай байж болохуйц хэд хэдэн хувилбарыг судалж байна. Үр дүнд нь зөв шийдлийг гаргах учиртай. Хувилбаруудаас дурдвал, хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэддээ нэг удаагийн татаас өгөх, ипотекийн зээлийн зарим хэсгийг зээлийн сан бүрдүүлэх зорилгоор ТОСК ТӨҮГ-т тодорхой нөхцөлөөр шилжүүлэн зээлдүүлэх зэрэг хувилбарууд судалж байгаа юм. Ойрын үед эцэслэн шийдвэрлэнэ.

-Хямд өртөгтэй орон сууц, мөн түр суурьшуулах 1000 айлын орон сууц барих ажил ямар шатандаа яваа вэ. Энэ мөн л удаан хугацаанд хүлээгдэж буй ажил?

-БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах” зорилгоор нэгдсэн бодлого боловсруулах, иргэдийн орлогод нийцсэн “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд БНХАУ- ын талаас ажлын хэсэг ирж судлаад хэрэгжүүлэх боломжтойгоо мэдэгдсэн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт загвар зураг батлагдсан, ажлын зураг бүрэн хийгдсэн. Төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр хоёр тал ярилцаж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэж, ирэх оны хавар ажлыг эхлүүлчих юмсан гэж хичээж ажиллаж байна. Нөгөө нэг асуудал бол ТОСК ТӨҮГ-аас санаачлан хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны төслийн асуудал байгаа юм. Эхний ээлжид бид 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа 972 айлын орон сууцаа ашиглалтад оруулахаар зорьж байна. Хавар дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлж 9-10 дугаар сард ашиглалтад өгөхөөр тооцож байгаа. Одоогоор эхний ээлжид шаардлагатай 36.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх асуудал ид яригдаж байна. Ашиглалтад орсон энэ орон сууцаас 50 хувийг нь Төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, үлдсэн орон сууцыг зорилтот бүлгийн иргэд, төрийн албан хаагчдад урьдчилгаа төлүүлж урт хугацааны зээлд хамруулахаар тооцоолж байгаа юм. Мөн Төрийн түрээсийн санд шилжсэн орон сууцны төлбөрт жилд 1.8 тэрбум төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлж Хөгжлийн банкны зээлийн хүүгийн төлбөрт зарцуулах зэргээр тулгамдсан асуудал бүрт шийдлийг олж ажил хэрэг болохоор ажиллаж байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хэр ахицтай байна вэ. Санхүүжилт нь гацаанаас гарч байгаа дүр төрх харагдаж эхэлсэн?

-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төв /Сервис центр/- үүд байгуулах төсөл болон инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлын жагсаалтыг 2017 оны зургаадугаар сарын 20-нд Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлуулсан. Тогтоолын хавсралтад батлагдсан нийт зургаан бүлгийн 55 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, тооцооллыг хийж бэлтгэл ажлыг хангаж байна. Уг ажлыг БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ. Мөн л айлын талтай ярьж, ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Танай яам одоогоор, хот байгуулалтын чиглэлээр өнгөрсөн хугацаанд харагдаж байгаагүй тод томруун ажил хийх болсон гэсэн үнэлгээг олон нийтээс өгөх болсон байна?

-Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн ажил нэлээд эрчимтэй өрнөж байна. Донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр илүү нарийвчилсан судалгаа дээр ажлаа төлөвлөж ажиллах болсон. Мөн “Аэро сити” дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Говь трэвел” ХХК гүйцэтгэгчээр шалгарч зураг төслөө боловсруулж эхлээд байна. Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын асуудлаар хамтран ажиллах, салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах ажлын хэсгийг Дэд сайд ахалж ажиллаж байна. Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн зөвлөл шат, шатны хурлаар хэлэлцэж санал зөвлөмжөө тусган магадлалын дүгнэлт гарган баталгаажуулж улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Мөн шинэ хотын статусын асуудлыг судалж эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг шат дараалсан олон ажил хийгдэнэ. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газартай хамтарсан Ажлын хэсгийг мөн байгуулж, хүч тавьж ажиллахаар тохирсон.

-Ерөнхий сайд танай яаманд онцгойлон нэг даалгавар өгсөн. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд онцгой анхаарал тавихаа зарлаж, Барилга, хот байгуулалтын сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Энэ ажлын явц ямар байна?

-Манай яамны өмнө тулгамдсан нэг гол асуудал Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал бөгөөд энэ төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олохоор манай Сайд зургаан улсын Элчин сайд, олон улсын есөн байгууллагатай уулзалтууд зохион байгуулаад байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхсон улс орон, хувийн хэвшлийнхэн цөөнгүй ч цаг хугацаа давчуу байна, нарийн судалгаа хийх хэрэгтэйг бараг бүгд хэлж байгаа юм. Хүн амыг аюулгүй, эрүүл орчинд амьдруулах, байгаль орчинд ээлтэй энэ төслийн ач холбогдлыг Ерөнхий сайд өндрөөр үнэлж, хавар гэхэд ажил эхлэхэд бэлэн болгох чиглэл өгсөн учраас БХБ-ын Сайдаар ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын болон өөрийн тулгамдсан нөхцөл байдлыг уялдуулсан зөв шийдэл олохоор бүх боломжоо дайчлан ажилласны үр дүнд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэж, 2.5-3 жилд багтааж барьж дуусгахаар урьдчилан төлөвлөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулаад ажиллаж байна. Энэ талаар ойрын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

-Олон сайн мэдээг иргэддээ дуулгах болсондоо баяртай байна. Засгийн газрын 100 хоногт та бүхний барих бэлэг, Ерөнхий сайдын хүргүүлсэн албан даалгавар хоорондоо хэр нийцтэй байна гэж та үзэж байгаа вэ?

-Засгийн газрын 100 хоног гэдгийг яг таг тоолсон хоног өдрүүд, ёс жаяг мэтээр улиг домог, эсвэл шоу болгох бус гар, сэтгэл нийлж ажиллах их ажлын гараа гэж үзэх нь зохимжтой гэж би хувьдаа үздэг. Манай салбарын хувьд Засгийн газрын 100 хоногт бид Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэх, ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, хилийн гол боомт-Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд хүч бололцоогоо дайчлан ажиллана. Дээр нь нэмж хэлэхэд ажлын сахилга бат, хариуцлага, үр дүнг чухалчилж ажиллана. Төрийн албан хаагч бүр ёс зүйг эрхэмлэж, төрийн алба хүнд сурталтай гэдэг имижийг өөрчилж хурдтай, шударга, сэтгэлээсээ хандаж, хамгийн гол нь хариуцлагатай байж амжилтад хүрнэ гэсэн зарчимтайгаар манай хамт олон ажиллаж байна.

У.ОД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)