Зимбабве улсад цэргийн эргэлт эхэллээ

Зимбабве улсын төрийн зөрчил хямрал буун цэргийн эргэлт гарах хэмжээнд хүргэжээ. Тус улсын нийслэл Хараре хотод армийн нөлөө бүхий удирдагчид өнгөрсөн лхагва гарагт цэргийн эргэлт хийхээр завдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ явдлаас өмнөхөн Зимбабве улсын армийн жанжин генерал Константино Чивенга, Ерөнхийлөгч Роберт Мугабен удирддаг эрх баригч намынхныг цэвэрлэхээ зарласан билээ. Тус улсад үүссэн улс төрийн хямралыг Ерөнхийлөгч Роберт Мугабе дэд Ерөнхийлөгчөө халснаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Дэд Ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва нь Мугабег залгамжлах магадлалтай байв. Гэвч түүнийг төрийн эргэлт хийхийг завдсан гэх шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт үүрэгт албаас нь чөлөөлснөөр тэргүүн хатагтай Грейс Мугабе Ерөнхийлөгч болох боломжтой болжээ. Роберт Мугабе 93 настай бөгөөд улсынхаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн албыг 37 жил хашчээ. Тэргүүн хатагтай Грейсийг төрийн тэргүүн болгох боломжоор хангахын тулд Мугабе Мнангагваг огцруулсан гэж ажиглагчид үзэж байна.

Энэхүү үйл явдал нь эрх баригч намыг хагаралд хүргэсэн юм. Зимбабве улсын армийн жанжин, генерал Константино Чивенган тушаалаар зэвсэглэсэн танкууд, цэргийнхэн Хараре хотод цөмрөн орж, Ерөнхийлөгчийн ордон руу гал нээжээ. Цэргийнхэн парламентын ордон, төв телевиз, засаг захиргааны байруудыг өчигдөр өглөө эзлэн авсан тухай ТАСС агентлаг уламжлав. Армийн удирдлагууд “Ерөнхийлөгч Мугабег тойрон хүрээлсэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцэж байна” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ нийслэл Хараре хотод буун дуун тасрахгүй, цэргийн анги нэгтгэлүүдээс хуягт техникүүдийн цуваа нийслэл хотыг чиглэн хөдөлсөн тухай гаднын эх сурвалжууд мэдээлж, Зимбабвед цэргийн эргэлт эхэлсэн тухай таамаглал дэвшүүллээ. Өмнөд Африкийн хамгийн буурай хөгжилтэй улсын оршин суугчид 1980 оноос Мугабен төмөр нударган дор ядуу тарчиг амьдарч байгаа билээ. Тиймээс төрийн эргэлт хийхийг олон арван жил хүлээсэн гэхэд буруудахгүй. Тус улсын армийнхан Зимбабвен нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авч, улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг үүсгэсэн Мугабег тойрон хүрээлэгчдийг устгахаа онцолсон юм.

Тэд Мугабег эхнэрийнх нь хамт гэрийн хорионд оруулснаа зарласан билээ. Цэргийн эргэлтийг командлагч Константино Чивенга “Хувьсгалын ололтыг нураахыг хүсч байна” хэмээн мэдэгджээ. Харин тус улсын Африкийн үндэсний намынхан буюу эрх баригч намынхан түүний цэргийнхэн улс төрд орж намын дотоодод болж байгаа хууль бус үйлдлүүдэд шийдвэртэй хариу өгөхөд бэлэн гэснийг нь эрс шүүмжилж байсан юм. Ийнхүү тус улсын нийслэлд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Цэргийнхэн байлдааны зэвсэг техникээ нийслэлд төвлөрүүлсэнтэй холбоотой зарим улсын дипломат төлөөлөгчийн газрууд иргэддээ хандаж аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг зөвлөж байна. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас тайван жагсаал цуглаан ч эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй тул олон хүн цугласан газраас хол байхыг анхааруулжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)