Б.Чимэдцэрэн: ПАУЭРЛИФТИНГ тэсвэр хатуужил, эр зоригийн шалгуур болсон спорт

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэнтэй ярилцлаа.

Түүний гаргасан амжилтыг Олон улсын пауэрлифтингийн холбооноос 120- кг- ын жингийн дээд амжилтад бүртгэсэн байна. -Спортын энэ төрлөөр хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?

-Би бодибилдинг пауэрлифтингийн спортоор хичээллээд 20 орчим жил болох гэж байна. Эр хүний тэсвэр хатуужил, эр зоригийн шалгуур болсон спортын төрөл учраас анх хичээллэсэн. Ямар ч зүйлийг эхэлж хийхэд амаргүй санагддаг. Гэхдээ дурлаж хийсэн зүйл хэцүү байсан ч үр дүнг нь үзэхийн төлөө хичээдэг шүү дээ. Тиймээс 2000 оноос өнөөдрийг хүртэл пауэрлифтингийн спортоор тасралтгүй хичээллэсэн байх.

-Ер нь хэдэн жил пауэрлифтингээр хичээллэж байж үр дүн бодитоор харагддаг вэ?

-Намайг энэ спортоор хичээллэж эхлэх үед пауэрлифтинг Монголд хөгжөөгүй байсан. Хэдхэн жилийн өмнөөс л хүмүүс сонирхон хичээллэж эхэлсэн дээ. Тэгэхээр пауэрлифтингийн спортыг одооноос дэлхийн бусад улс орнуудын адил хөгжиж байна гэж боддог. 2000 онтой өнөөдрийг харьцуулахад туршлагатай дасгалжуулагч болон сонирхон суралцагч олширсон байна. Энэ утгаараа пауэрлифтингээр хичээллэж эхэлж байгаа хүмүүс мэргэжлийн төвшинд, багшийн заавар зөвлөгөөний дагуу хичээллэх бүрэн боломжтой гэсэн үг. Хүн өөрөө л хичээх юм бол 2-3 гурван жилийн дотор хэн нэгэнтэй өрсөлдөх хэмжээнд хүртлээ биеэ хөгжүүлэх боломжтой.

-Саяхан та шинэ амжилтын эзэн боллоо. Энэ амжилтад хүрэхийн төлөө хэрхэн бэлтгэл сургуулилт хийв?

-Баярлалаа. Дэлхийн дээд амжилт тогтоох амаргүй байлаа. Сүүлийн хоёр жилийн уйгагүй хөдөлмөрийн дүнд шинэ амжилтын эзэн болсон гэж бодож байна. Мөн мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээсэн хэрэг. Өмнө нь 356 кг- ыг герман тамирчин эзэмшиж байсныг би 357.5 болгосон. Сүүлд тэмцээнд оролцохдоо 362.5 болгож шинэчлэн тогтоосон юм. Энэ амжилтын эзэн болоход тусалж дэмжсэн “Strong” клубийнхэн болон Монголын пауэрлифтингийн холбооны хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.

-Амжилтаа нэг, хоёр шатаар ахиулах бодол байгаа байх. Ер нь та сургуулилтынхаа үед хэдэн кг-ыг өргөдөг вэ?

-Ирэх онд миний тогтоосон шинэ амжилтыг шинэчлэх нь гадаадын улс орнуудын тамирчдын зорилго болсон байх. Би ч гэсэн “Одоо боллоо” гээд сэтгэл ханахгүй, амжилтаа ахиулах бодолтой байна. Ер нь бэлтгэл сургуулилтын үед дээд тал нь 370 кг-ыг өргөдөг.

-Та дэлхийн аваргаас хараахан алтан медаль зүүж амжаагүй яваа. Магадгүй таны дараагийн зорилго дэлхийн аварга болох болов уу?

-Тийм шүү. Миний дараагийн том зорилго- дэлхийн аварга болох юм.

-Спортын энэ төрлөөр хичээллэхэд нас харгалздаггүй. Өөрөөр хэлбэл, хэдэн ч нас хүрсэн бэлтгэл сургуулилт хийх боломжтой байдаг шүү дээ. Таны хувьд?

-Пауэрлифтингийн спортоор хичээллэхэд нас харгалздаггүй. Энэ нь монгол хүнд илүү тохирсон гэж боддог. Спортын энэ төрөл Монгол Улсад хөгжөөд удаагүй ч бид аль хэдийнэ дэлхийн алт, мөнгө, хүрэл медальтай болжээ. Энэ нь бидэнд ямар их нөөц боломж байгааг харуулж байгаа хэрэг юм. Миний хувьд одоогоор спортоо орхих бодолгүй байна.

-Гарын шавь бэлтгэж байна уу. Сүүлийн үед эмэгтэйчүүд энэ спортоор хичээллэх болжээ?

-Том зорилго тавьсан учраас шавьтай болох талаар бодоогүй л явна. Сүүлийн үед эмэгтэйчүүд бодибилдинг пауэрлифтингийн спортоор хичээллэж байна. Тэдгээрээс Өвөрхангай аймгийн тамирчин Д.Орхонтуул тэмцээнд амжилттай оролцож, олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж байгаа юм. Түүнээс үлгэр дуурайл авч олон сайн тамирчин гарч ирнэ гэдэгт итгэж байна.

-Одоо оролцохоор төлөвлөж буй тэмцээн бий юү?

-Ирэх оны нэгдүгээр сарын дундуур хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд хэрхэн оролцохоос дараагийн бүх зүйлс шалтгаална. Олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Тиймээс эртнээс бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн.

-Тамирчдын хувьд тэмцээнд оролцох зардал мөнгийг шийдэх нь гол асуудал болдог. Таныг тэмцээн уралдаанд оролцоход ивээн тэтгэдэг байгууллага байдаг уу. Эсвэл зардлаа бүгдийг нь өөрөөсөө гаргадаг уу?

-Би тэмцээнд оролцох болон бусад зардлаа бүгдийг өөрөөсөө гаргадаг. Бусад нь ч гэсэн зардал мөнгөө өөрсдөө зохицуулж тэмцээнд оролцдог.

-Манайхан олимпын төрлийн спортод түлхүү анхаарал хандуулдаг. Түүнээс шалтгаалж зарим нь амжилт гаргасан ч төдийлөн ойшоодоггүй нь худал зүйл биш. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?

-Засгийн газраас гаргасан тогтоол нь олимпын төрлийг олимпын бус спортын төрлөөс арай өөрөөр үнэлдэг. Гэхдээ пауэрлифтингийнхан Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хяналтад байдаг. Цаашдаа пауэрлифтинг олимпод багтах боломжтой спортын төрөл учир дэлхийн хэмжээнд гаргасан амжилтыг тодорхой хэмжээнд үнэлдэг. Одоогоор Монголын пауэрлифтингийн тамирчдыг дотоодод гэхээсээ гаднынхан хүндэлж, харилцаж байна. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)