АНУ татварын шинэчлэл хийхээр боллоо

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим татварын шинэчлэл хийх тухай хуулийн төслийг баталлаа. Төлөөлөгчдийн танхимын 227 гишүүн татвар бууруулах хуулийн төслийг дэмжиж саналаа өгсөн бол Бүгд Найрамдах намын 13 гишүүн эсрэг санал өгчээ. Вашингтоны эрх баригчид сүүлийн 30 жилд анх удаа татварын орчноо шинэчлэхээр боллоо. Цагаан ордны тэргүүний амлалтын дагуу боловсруулсан энэхүү хуулийн төслийг Бүгд найрамдах нам энэ сарын эхэнд танилцуулж Талархлын баяраас өмнө батлахыг санал болгосон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлэхээр зорьж буй татварын шинэчлэлээр хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй татварын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Татварын шинэчлэлийг эхлүүлснээр ирэх арван жилд АНУ-ын төсвийн алдагдал 1.4 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг баталсны дараа "Татварыг бууруулах чиглэлд иргэдийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхэд чухал алхам хийлээ" гэж Дональд Трамп твиттер хуудастаа жиргэсэн байна. "Энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр орлогын аль ч төвшинд багтаж буй АНУ-ын дундаж гэр бүлийн татварын дарамт буурна" гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан онцолсон байна. "Бидний өмнө маш урт зам байна. Энэ бол тэр замын маш чухал хэсэг нь. Бидний хувьд энэ оны эцэс гэхэд татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилтдоо хүрнэ гэж харж байгаа. Одоо Сенатын гишүүд хуулийн төсөлд анхаарал хандуулан ажиллах болно. Бид хууль батлах үйл явцад сэтгэл хангалуун байна. Учир нь, АНУ-ын олон сая иргэн татварын шинэчлэл хийхийг хүлээж суусан. Миний бие тэдний өмнөөс баяртай байна. Тэд өөрсдийнх нь амьдралыг сайжруулах боломжийг бидэнд олгосон. Харин өнөөдөр тохиосон үйл явдал амлалтаа биелүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм" гэж тэр мэдэгдлээ.

Харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Нэнси Пелоси түүнээс эсрэг саналтай байгаагаа санал хураалтын үеэр мэдэгдсэн юм. Нэнси Пелоси "Татварын шинэчлэл хийх нь ажлын байр бий болгож, цалинг нэмэгдүүлэхгүй. Харин энэ нь зөвхөн өндөр орлоготой иргэдэд ашиг тусаа өгнө. Бүгд Найрамдах намын санаачилсан татварын шинэчлэл Засгийн газрын өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, ирээдүй хойч үеийнхнийг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулна" гэжээ. Цагаан ордны захиргаа “Эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх зорилтын хүрээнд нэгдсэн улсын түүхэнд томоохонд тооцогдох татварын шинэчлэл хийхээр боллоо” хэмээн зарласан юм. Бизнесийн орчны татварын шинэчлэл нь жижиг компаниудад дэмжлэг үзүүлэх ба чинээлэг иргэдэд үзүүлж байсан татварын хөнгөлөлтийг хүчингүй болгож, өндөр орлоготой иргэдэд давуу тал олгохгүй гэдгийг АНУ-ын Сангийн сайд онцолжээ. "Бидний зорилт бол АНУ-ын бизнесийн орчныг дэлхийд хамгийн өрсөлдөөнтэй болгох. Тиймээс бизнесийн орчны татварыг их хэмжээгээр бууруулан, татварын шинэчлэл хийж, зохицуулалтыг хялбар болголоо. Ерөнхийлөгч эдийн засгийн өсөлтийг бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгохыг зорьж байгаа. Уг татварын төлөвлөгөөний хүрээнд татварыг их хэмжээгээр бууруулж, худалдааны хэлэлцээрүүдийг дахин хийх болно. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр улсын эдийн засгийн өсөлтийг эргүүлэн гурван хувьд хүргэж чадна гэдэгт бид итгэлтэй байна" гэж Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдлээ. Татварын шинэчлэлээр АНУ- ын өндөр орлоготой иргэдийн татварыг 39.6 хувиас бууруулан 35 хувьд хүргэсэн байна. Мөн одоо хэрэгжиж буй хувь хүний татварын долоон төрлийн сонголтыг бууруулан гурван хувь болгохоор төлөвлөсөн гэж Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Гари Кон мэдэгдлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэчлэл хийх санаачилгыг гаргаж, Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд дэмжсэн” гэжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)