М.Энхболд: Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж байж гэрээ босгоно

Улс төрийн ууган хүчин МАН-ын 28 дугаар Их хурал аймаг, сум, дүүргээс сонгогдсон 1100 төлөөлөгчтэйгөөр өнөөдөр эхэллээ. Энэхүү түүхэн Их хурлаар МАН-ын болон УИХ-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан нь хурлын төлөөлөгчид төдийгүй олны анхаарлыг татаад буй. Тиймээс МАН-ын даргын илтгэлээс онцолж байна. 

Юуны өмнө тэрбээр МАН-ын Их хурал болгон Монгол орны хөгжил дэвшил, ирээдүйд хандсан түүхэн хуудас болсор ирснийг илтгэлийнхээ эхэнд дурдсан бол өнөөдөр МАН-д ус агаар шиг хэрэгтэй болоод буй эв нэгдлийн талаар тодорхой зүйлсийг онцолсон юм. Ингэхдээ, манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Эв нэгдэл хэмээх үнэт зүйлийнхээ ачаар түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв зүйтэй дүгнэн шийдэж ирсэн уламжлалтай бөгөөд бусад улстөрийн хүчнүүдтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгож ирсэн нь хамгийн том давуу тал гэдгийг дурдсан. Түүгээр ч зогсохгүй намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтойн зэрэгцээ эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв гэдгийг онцолсон юм.

Энэ бол олон жил төрд зүтгэж, МАН нам хэмээх их айлыг хоёр ч удаа олонхи гишүүдийнхээ дэмжлэгээр удирдаж ирсэн туршлагатай улстөрчийн олж харсан зөв санаа шийдэл гэдгийг хурлын төлөөлөгчид дэмжиж байгааг хурлын танхимын уур амьсгалаас харж болно. Үүнээс гадна аливаа улстөрийн хүчинд хамгийн нэн чухал зүйл бол шинэчлэл мөн. Тиймдээ ч М.Энхболд дарга хэлэхдээ намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг онцлохын зэрэгцээ шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш учраас  байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц гэдгийг хэллээ. 

Илтгэлд дурдахгүй өнгөрч болохгүй нэг чухал зүйл бол МАН-д удаа дараа илтгэл үзүүлж ирсэн сонгогч түмэн, тэдэнд өгсөн амлалт гэдгийг хэрхэвч мартаж болохгүй биз ээ. Тэгэхээр МАН-ын даргын хувьд ч энэ туай тодорхой дурдсан. Дурдахдаа бид буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн учраас засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.

Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн  үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллах тухай дэлгэрэнгүй дурдсан.  

Харин тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал,  Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг тууштай баримталж сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна гэдгийг онцолсон юм. 

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай