Б.Мягмарсүрэн: Салхины хурдыг тооцож уралдах нь дугуйчныг амжилтад хөтөлдөг

“Дугуйн уралдаан багийн спорт учир замаа амжилттай дуусгаж чадах эсэх нь бүх гишүүнээс шалтгаална. Тиймээс тамирчид нэг хүн шиг сэтгэж, бие биеэ сайн ойлгож байх ёстой” гэж дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн хэллээ. Тэрбээр багийнхны хамт “Гранфондо Юннан” олон өдрийн тэмцээнд хурд хүчээ сорьж, нийлбэр дүнгээр тэргүүлээд ирсэн юм . Уг олон улсын уралдаан 3200 метр өндөртэй ууланд болсон бөгөөд гурав дахь жилдээ манай дугуйчдын ялалтаар өндөрлөсөн. Тамирчдын тэвчээр хатуужил,бэлтгэл сургуулилт ямар байгааг таньж мэдэх сорил болдог уг уралдааны талаар Б.МЯГМАРСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Бэлтгэлээ сайн хангаж гурав дахь жилдээ уралдаанд түрүүлсэн танай багийнханд баяр хүргэе. Аян замын тоосноосоо салж амжаагүй байхад бидний ярилцлага өрнөж байна. Хэн сайн тактиктай нь түрүүлдэг гэж хэлж болох дугуйн олон өдрийн уралдааны сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. “Гранфондо Юннан” уралдаанд 2014 онд анх оролцсон. Тухайн үед туршлагагүй, багийнхантайгаа ажиллах чадвар дутуу байлаа. Уралдаанд түрүүлэх боломж бидэнд байсан ч амжилт гаргаж чадаагүй нь намайг туршлагажуулсан. Хэдийгээр 2005 оноос дугуйн спортоор хичээллэсэн ч энэ уралдааны дараа би өөртэйгөө илүү ажиллах хэрэгтэйг ойлгосон юм.

Ер нь энэ спортод амжилт гаргахад сайн баг бүрдүүлэх ёстойг ойлгосон хэрэг. Тиймээс “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөртэй уулзаж, багаа бүрдүүлсэн. Үүний дүнд 2015 оноос хойш оролцсон олон өдрийн тэмцээнд багаараа сайн уралдаж, гурав дахь жилдээ түрүүлж байна. Дугуй багийн спорт. Энэ утгаараа олон улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн нь багийнхны минь амжилт юм. Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Т.Төгөлдөр, Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц, Б.Наранхүү болон спортын мастер Б.Идэрболд нар олон өдрийн уралдааны замыг амжилттай дуусгаж чадсаныг онцлон хэлмээр байна. Нэгнийхээ төлөө өөрийгөө золиослох үйлдэл багийн спортод гардаг. Энэ удаагийн уралдаанд С.Жамбалжамц маань манлайлах боломжтой байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тактикийн уралдаан хийлээ.

-Багийн тамирчид бүгд мэргэжлийн дугуйчид уу?

-Зэрэглэл, төвшин гэж бий. Монголд дугуйн спорт хэрхэн хөгжиж байгаа билээ. Анхаарал хандуулж чадаж байна уу гэж асуумаар санагддаг юм. Манай багийн хувьд мэргэжлийн гэхээсээ баг гэсэн байдлаар уралдаанд оролцдог. Ур чадвар, туршлагын хувьд бид аль ч улсын тамирчдаас дутахгүй. Гэхдээ зэрэглэл, төвшний хувьд мэргэжлийн гэж хэлж болохгүй. Мэргэжлийн болоход олон зүйл шаардлагатай. Сүүлийн гурван жил дугуйн спорт харьцангуй сайн хөгжиж байгаа болохоор ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна. Хамгийн гол нь амжилт гаргасан тамирчдаа дэмжиж, хөгжихөд хөшүүрэг болох зүйл хэрэгтэй байгаа юм.

-Та аль спорт хороонд харьяалагддаг вэ?

-Одоогоор аль нэг спорт хороонд харьяалагдаагүй байна. Хэдэн сарын өмнөөс Хятадын багт уралдаж эхэлсэн. Тэмцээн уралдаанд оролцоход спонсорлодог учир бага зэрэглэлтэй уралдаанд Хятадын тамирчидтай уралддаг юм. Уг нь манай дугуйн холбооныхон сайн ажилладаг ч биднийг дэмжих хүн ховор байна. Үүнээс болж ур чадвар, авьяастай тамирчид өөрийгөө нээн харуулах боломж олдохгүй байна гэж би боддог. Дугуйн спортыг хятадууд бодлогоор хөгжүүлдэг. Тиймээс тамирчдынх нь хангамж ч сайн байдаг.

-Бэлтгэл сургуулилтынхаа зардлыг хэрхэн зохицуулдаг юм бэ?

-Тэмцээнээс авсан шагналын мөнгөөрөө л бүх зүйлийг зохицуулдаг. Монголдоо харьяалагддаг байгууллага байхгүй учир бэлтгэлийнхээ хажуугаар аар саар зүйл хийдэг. Ажилд оръё гэхээр бэлтгэл сургуулилт хийх хугацаагүй болно. 12 жилийн хөдөлмөрөө үр дүнгүй болгохгүйн тулд хичээж л байна. Энэ байдал ч миний амжилтад нөлөөлж байгаа гэж боддог. Тэмцээнд амжилттай оролцохоос өөр сонголт надад байхгүй учир маш их хичээдэг. Дээр нь эхнэр хүүхэд маань намайг хүлээж байгаа гэж бодохоор урам зориг авч, хүч нэмэгддэг юм.

-Та бэлтгэл сургуулилтаа Хятадад хийдэг үү?

-Уралдаан хэзээ болохоос шалтгаалж бэлтгэл хийдэг. Энэ жилийн хувьд он гартал Монголд байна. Ер нь багштайгаа ярилцаж байгаад хаана бэлтгэл хийх нь тодорхой болох байх. Энэ жил тэмцээнээс тэмцээний хооронд явсаар гэртээ тогтсонгүй. Гэр бүлийнхэнд маань амаргүй л байсан байх. Тиймээс одоо цаг зав гарсан дээр тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлнэ дээ.

-Дугуйн спортоор хичээллэхэд зардал ихтэй. Тухайлбал, та уралдаанд оролцохдоо өөрийнхөө дугуйг авч явдаг уу, эсвэл...?

-Спонсоргүй байхдаа хувийн дугуйгаа авч явдаг байсан. Одоо үүнд санаа зовохоо больсон. Ер нь энэ тал дээр манайхан дутагдалтай ханддаг. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улс дугуйн спортын дэлхийн аваргатай болоход хэрхэн угтсан бэ. Бусад спортын төрлийнх шиг хүлээн аваагүй. Нутгийн зөвлөлийнхөн нь баяр хүргэж, нэг сая төгрөг өгсөн байдаг. Тэгэхээр спортын төрлүүдийн үнэлгээ ямар ялгаатай нь үүнээс харагдаж байгаа юм. Манай улсад мэргэжлийн төвшинд хүрэх ирээдүйтэй тамирчин олон бий. Тэдэнд ганцхан анхаарал дутагдаж байгаа юм. Ер нь дугуйн спорт хүний хөгжил, эрүүл мэндэд маш их ач тустай. Энэ спортоор хичээллэсэн эрчүүд зүрх, түрүү булчирхайн ямар ч асуудалгүй байдаг. Үүнийг дугуйгаар олон жил хичээллэсэн хүмүүсээс харж болно.

-Багийн спортод хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Танайхан уралдааны тактикаа хэрхэн боловсруулдаг вэ?

-Уралдааны зам, тамирчин, цаг агаар гэсэн гурван зүйлээс бүх юм шалтгаална. Ер нь дугуйчны хамгийн хүчтэй өрсөлдөгч нь салхи. Салхины хурдыг тооцож уралдах нь дугуйчныг амжилтад хөтөлдөг. Үүн дээр багийн хамтын ажиллагаа сайн бол барианд ороход арай хялбар байдаг.

-Олон улсын дугуйн уралдаанд түрүүлсэн тамирчин хэдий хэмжээний шагнал авдаг вэ. Яг энэ тал дээр манай үнэлгээ ямар байдаг юм бол?

-Манай улсын аварга болсон хүн 300 мянга орчим төгрөгийн шагнал авдаг. Хятадын бага зэрэглэлтэй уралдаанд түрүүлэхэд 5000 юань өгнө. Уралдааны зэрэглэл ахих тусам шагнал өндөрсдөг. Эндээс дугуйн спортыг хөгжүүлэхэд яаж дэмжиж байгаа нь харагдах болов уу.

-Спортын энэ төрлөөр хичээллэж байгаа тамирчин нас ахих тусам туршлагаждаг. Иймээс ирэх жилүүд таны хувьд карьерын оргил үе байх болов уу?

-Би 26 настай. Гуч гараад дугуйчдын хувьд оргил үе эхэлдэг. Дугуй бол туршлага, тэвчээрийн спорт гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд таны зорилгыг асууя. Алдрын оргил өөд тэмүүлж яваа танд бодож, төлөвлөсөн зүйл олон байгаа байх?

-Өмнө хэлсэнчлэн манай улсад ирээдүйтэй тамирчид байна. Тэднийг мэргэжлийн тамирчин болох хүртэл нөлөөлж, дэмжих нь миний зорилго юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)