Ц.Хосбаяр: Бид олимпын аварга төрүүлнэ

Оны эхэнд спортын салбарынхан улсын аваргуудаа тодруулах гээд тун завгүй. Тухайлбал, маргааш чөлөөтийнхөн Орхон аймагт улсын аваргуудаа шалгаруулна. Тамирчдын хувьд жилийн ноён нуруу ямар байгаагаа сорьдог улсын аваргад “Алдар” спорт хорооны тамирчид бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сонирхсон юм. Дасгалжуулагчид улсын аваргад оролцох тамирчдаа удирдан Орхоныг зорьжээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр үлдсэн тамирчдынхаа бэлтгэлийг хангаж, тэдэнтэйгээ сагсан бөмбөг тоглож байгаатай таарсан юм. Насанд хүрэгчдийн улсын аваргад оролцоход нас нь хүрээгүй тамирчдаа зоригжуулж “Дараа жил, түүний дараагийн жил бэлтгэлээ сайн хийвэл ах эгч нар шигээ улсын аваргад өрсөлдөнө” хэмээн шавь нараа хурцлах хашир дасгалжуулагчидтай ярилцлаа. 

Чөлөөтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө бидний ярилцлага өрнөж байна. Шинэ оны эхний тэмцээний өнгө ямар байх төлөвтэй байгаа талаар танаас асууж ярилцлагаа эхэлье.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид өнгөрсөн оны эхээр Монголын чөлөөт бөхийн холбооныхонтой эв түнжин хагарч “Аваргууд” академийг байгуулан өрх тусгаарласан. О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр нартайгаа “Алдар” спорт хороонд төвлөрөн бэлтгэл хийсэн. Энэ эрчээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд бүгдэд нь “Аваргууд” академийнхан бие дааж оролцсон юм. Тамирчдын хувьд бэлтгэл тасраагүй учир тэмцээнд оролцоход бэлэн байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийнхан тусдаа оролцоно.

-Энэ жилийн улсын аваргад бэлтгэсэн битүү бөх бий юү?

-Тэмцээнд Г.Мандахнаран, П.Орхон, Б.Номин зэрэг гавьяат тамирчин хүч үзнэ. Залуу тамирчдаас хоёр удаагийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Б.Болор- Эрдэнэ болон Н.Азжаргал нар зодоглоно. Ер нь насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас медаль авч байсан тамирчид үндсэн баг буюу “Алдар” спорт хорооны нэрийн өмнөөс оролцох юм.

-Олимпын цикл эхэлсэн үед тамирчид зорилгоо аль хэдийнэ тодорхойлчихоод бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна уу?

-Энэ жилээс чөлөөтийнхөн 10 жинд өрсөлдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, тэмцээнд өмнөх жилүүдээс олон тамирчин оролцоно гэсэн үг. “Алдар” спорт хороо олон тамирчинтай, 2-3 багтай учир үүнд санаа зовохгүй байна. Олимпын эрхээ дөрвөн тэмцээнд оролцсон үзүүлэлтийг харгалзан авдаг байсан бол одоо тэмцээний шагналын оноогоор өгдөг болсон. Жүдогийнхон шиг шагналын оноо цуглуулна гэсэн үг л дээ. Гэхдээ тэмцээний хувьд цомхон. Жилд дөрвөн тэмцээнд оролцож оноо цуглуулна. Хамгийн түрүүнд улсын аваргад түрүүлж Азийн аваргад амжилттай оролцох ёстой. Түүний дараа олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцож эрхийн оноо цуглуулна. Тиймээс тамирчдын хувьд улсын аварга шалгаруулах тэмцээн ач холбогдлоороо нэгд эрэмбэлэгдэж байна. Энэ тэмцээний дараа “Алтан Гран-при” болно. Түүнд улсын аваргад сайн оролцсон тамирчид зодоглоно. Улсын аваргад түрүүлсэн тамирчин олон улсын тэмцээнд оролцохдоо улсын зардлаар явдаг. Бусад нь хувийн зардлаар тэмцээнд оролцох боломжтой. “Алтан Гран-При”-д бид нийт баг бүрэлдэхүүнээрээ оролцоно гэдэгт итгэлтэй байна. Үүнээс бидний бэлтгэл ямар байгааг мэдэж болох байх. Улсын аваргын нийт 20 жингээс дор хаяж наймд нь манай бөх түрүүлнэ гэж бодож байна.

-Манай эмэгтэй бөхчүүдийн амжилтын буухиа үргэлжилсээр байгаа. Тэр дундаа таны дасгалжуулсан бөхчүүд сүүлийн үеийн тэмцээнүүдийг өнгөлж байна. Энэ нь таны тамирчнаа дасгалжуулах арга барилтай холбоотой байх. Ер нь чөлөөтийн сайн тамирчин болох хүүхдээс ямар шинж харагддаг юм бол?

-Эцэг эхчүүд манай спорт хороонд хүүхдээ дагуулаад ирдэг. Зарим нь манай Цогоо /Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр/ шиг оргож ирээд шалгуулдаг. Тухайн хүүхдийг шууд хараад ямар бөх болохыг нь мэдэхгүй. Дор хаяж 14 хоног бэлтгэл сургуулилт хийлгэхэд аяндаа бүх зүйл харагддаг. Хөдөлмөрөөрөө бөх болсон тамирчин бий. Төрөлхийн авьяастай, үүн дээр сайн хөдөлмөрлөсний дүнд бөх болж нэрээ дуудуулж яваа тамирчин ч байна. Тэгэхээр тамирчдын амжилтад хүрэх гол зам хөдөлмөрлөх юм. Хэчнээн авьяастай байлаа ч барилдах чин сэтгэлгүй бол бэлтгэлийн явцад өөр спорт сонирхож эхэлдэг. Үүнийг би буруу гэж байгаа хэрэг биш. Сайн бөх болох хүн чин сэтгэлээрээ бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй гэж боддог.

-Спортоор хичээллэсэн хүн хазгай гишгэдэггүй. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэхэд бие даах чадвар, зохион байгуулалт гээд бүх зүйлд суралцдаг гэдэг?

-Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэх маш олон талын ач холбогдолтой. Манай спорт хорооныхон нас насны ангиллаар өдөрт таван ээлжээр хичээллэж байна. Бид ингэж залуу үеэ бэлтгэдэг болохоор “Алдар”-аас хэдэн ч баг тэмцээнд оролцох боломжтой байдаг юм. Шавь нар маань бэлтгэлээ таслалгүй хийдэг.

 

-Таны шавь дэлхийн аварга С.Цэрэнчимэд сүүлийн үед бэлтгэлдээ ирж байгаа юу. Тэмцээн уралдаанд харагдахгүй юм?

-С.Цэрэнчимэд маань ээж болсон. Хүүхдээ төрүүлээд удаагүй байна.

 

ЦОГОО БИД ХОЁРТ КАТАРААС ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАХ УРИЛГА ИРСЭН

-Таны ярианаас тамирчид бэлтгэл сургуулилтаа “Алдар” спорт хороонд төвлөрөн хийж байгаа юм шиг санагдлаа. Монголын чөлөөт бөхийн холбооноос ингэж хөндий байх нь тамирчдад халгаатай биш үү?

-Бид Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэй шигшээ багт тамирчдаасаа явуулж бэлтгэл сургуулилт хийлгэх гэж үзсэн. Дэлхийн аварга П.Орхоныг гурван жил шигшээ рүү явуулсан. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг болон Ш.Түмэнцэцэг, Б.Шоовдор, Э.Гантуяа, О.Насанбурмаа нартай олимпын үеэр ганц ч удаа бэлтгэл хийлгээгүй. Гурван жил болоход П.Орхоныг Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй нэг ч удаа бэлтгэл хийлгээгүй. Ийм шигшээ багийн бэлтгэл гэж байх уу. Ийм байхад ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс бид “Алдар” спорт хороонд бэлтгэлээ хийгээд байгаа юм.

-Энэ байдал тамирчдын дараа дараагийн хамтын бэлтгэл сургуулилтад чөдөр болох юм биш биз?

-Нэг жингийн тамирчид хоорондоо бэлтгэл хийж байж ур чадвар нь сайжирдаг. Гэтэл манай тамирчдыг шигшээ багийнхантай бэлтгэл хийлгэхгүй байгаа нь зөв үү. Ийм байхад тамирчид эвтэй байх уу. Эргүүлээд танаас асуумаар байна.

-Чөлөөтийн эрэгтэй тамирчдын амжилт цойлон гарч ирэхгүй байгаа нь үүнтэй холбоотой юу?

-Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар шигшээгийн ахлах дасгалжуулагч байхдаа цугларалтад багадаа 60-70 хүнийг авч гардаг байсан. Гэтэл яг ийм зардлаар эмэгтэй 20 хүүхдийг авч гарч байна. Ялгаа нь л энэ. Энэ баг удирдаж байгаа дасгалжуулагчтай холбоотой.

-Та Монголын чөлөөт бөхийн ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Ер нь бид хурлаа хийгээд нэг талдаа гарах ёстой. Хамгийн гол нь албан тушаалын төлөө тэмцээгүйг ойлгох хэрэгтэй. Дасгалжуулагчаа хийе л гэж Монголын чөлөөт бөхийн холбооныхонд хандаж байна. Бидэнд хийх ажил олдохгүйдээ ингэж зүтгээд байгаа юм биш. Бүх зүйлийг байр байранд нь оруулах гэж л хичээгээд байгаа хэрэг юм. Цогоо бид хоёрт Катараас дасгалжуулагчаар ажиллах урилга ирсэн. Үүн дээр нэмээд надад Хятадаас урилга ирсэн ч бид саналыг нь хүлээж аваагүй. Мөнгөний тоог хэлбэл та нар биднийг зэмлэж магадгүй. Гэхдээ бидний зорилго тодорхой байгаа учир замаасаа хазаймааргүй байна. Цогоо бид хоёр дэлхийн аварга “төрүүлнэ” гэсэн чадлаа. Одоо олимпын аваргатай болмоор байна.

 

АХ ДҮҮ ГУРАВ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦООД ХОЁР НЬ ОЛИМПЫН ЭРХ АВААД ИРЭХЭД ААВ ЭЭЖ МААНЬ БАЯРЛАСАН

 

-Та хэрвээ дасгалжуулагч болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ. Энэ талаар бодож байсан удаа бий юү?

-Би арван жилийн сургуулиа төгсөөд Худалдааны техникумд нягтлангаар нэг жил сурсан. Нягтлан болох ёсгүй байсан юм байлгүй, удалгүй чөлөөт бөхийн спорт миний амьдралын нэг хэсэг болсон. Үүнийгээ би маш азтайд тооцож, дуртай ажлаа хийж яваадаа баярладаг. Дээр нь ах дүүсээрээ бөхийн спортоор овоглуулж явах ховор хувь тавилан юм. Ах дүү гурвуулаа олимп, дэлхийн аваргад оролцоно гэдэг тийм ч олон хүнд тохиохгүй хувь заяа гэж бодож байна.

-Таны сонгосон зам зөв байсан учир дүү нар тань спортод сонирхолтой болсон болов уу?

-Түрүүнд яваа нь зөв алхам хийх ахын үүрэг. Гэхдээ манай Цогоо, талийгаач Энхбаярыг бөхөөр хичээллэхэд аав ээж тийм ч дуртай хүлээж аваагүй. Нэг удаа би өсвөрийн улсын аваргад оролцох болж “Баянгол” зочид буудалд байрлахад аав минь ирж үзсэнээс хойш гэр бүлийнхний бодол арай өөрчлөгдсөн гэж боддог. Тухайн үед аав маань улсын эмийн баазын ерөнхий нягтлан, намын үүрийн дарга байсан. Ингэж ах дүү бид нэг жил бөхийн секцэд орсон. Би 1982 оны өсвөрийн улсын аваргаас медаль авч, дараа жилийнх нь хүнд хөнгөн жингийн улсын аваргад 21 настай залуустай барилдсан. 38 кг-ын жинд өсвөрийн улсын аваргаас хүрэл авсан хүн 45 кг-д жин өгсч ороод залуучуудын улсын аваргад түрүүлж байлаа.

-Бөхийн дэвжээн дээр дүү нарынхаа хэн нэгэнтэй барилдаж байв уу?

-Нэг удаа талийгаач Тэгшбаяртайгаа дэвжээнд гарч мастер болгохын тулд бууж өгч байсан. Тухайн үед би мөнгөн медаль хүртэж, дүү маань түрүүлсэн. Бид ах дүү дөрвүүлээ хүртэл барилдаж байсан юм. Манай гэр бүл олуулаа, би эхээс наймуулаа шүү дээ. Таван эрэгтэй, гурав нь эмэгтэй. Тухайн үед эмэгтэйчүүд барилддаг байсан бол дүү нар маань барилдах ч байсан юм бил үү /инээв/.

-Гэр бүлд барилддаг хүн байсан учир ах дүүсээрээ бөхийн спортоор хичээллэсэн байх?

-Бид бөхийн удамгүй ч багахан авьяастай. Дээр нь манай аав ээж маш хөдөлгөөнтэй хүмүүс байсан юм. Аав маань Б.Олзод багшийн шавь гэдгээрээ бахархан ярих дуртай байсан даа.

-Аав ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулсан гэж боддог вэ?

-Ах дүү гурвуулаа “Монгол говь” тэмцээнд түрүүлчихээд гурвуулаа нэг нэг ноосон цамц бариад очсон. Тэр үед гурван хүүхэд нь тэмцээнд түрүүлсэн гээд жигтэйхэн баярлаж билээ. Олон улсын нэг тэмцээнд түрүүлэхэд 800, мөнгөн медаль хүртэхэд 600 төгрөг авдаг байсан санагдаж байна. Би Европын цуврал тэмцээнүүдээс ихэвчлэн мөнгөн медаль хүртсэн. Энхбаяр, Цогоо хоёр хэд хэдэн удаа түрүүлж байсан. Ер нь аав ээжийгээ баярлуулж ч байсан, гомдоож ч явсан байх. Ах дүү гурав дэлхийн аваргад оролцоод хоёр нь олимпын эрх авч шагналт байрт ороход аав ээж болон ард түмнээ баярлуулж байсан болов уу.

-Ц.Цогтбаяр дасгалжуулагч та хоёр “Алдар”-аар овоглож явна. Энэ спорт хорооны дасгалжуулагч хэрхэн болж байсан тухайгаа дурсахгүй юу?

-1984 онд Худалдааны техникумд нэг жил сурчихаад цэргийн комиссоор орохдоо бараг тэнцэхгүй байх гэж бодсон. Тэр үеийн хүмүүс нэрэлхүү, шоолуулахаас эмээдэг байж. Би цэргийн комиссоор ороод тэнцэхгүй бол насаараа доог тохуу болно гэж бодсон хэрэг. Харин азаар цэрэгт явахаар болж намайг Зүүнбаянд хуваарилсан. Очоод танкийн хороонд буудагч боллоо. Тэнд зургаан сар болсны дараа “Алдар”-т намайг Д.Лодой багш авсан. Багш төд удалгүй өөд болж, С.Магсар дасгалжуулагч ирсэн. Энэ хүнээс би их олон зүйл сурсан. Дараа нь шигшээ багт ирэхэд Ч.Дамдиншарав, А.Басхүү зэрэг багш солигдоход дасгалжуулагчийн ур чадварын хувьд их олон зүйл сурсан юм. Хүн болгонд нэг сайн тал байдаг. Түүнийг олж харах, суралцах хэрэгтэйг тэр үед ойлгосон.

-Та дасгалжуулагч болох шийдвэрээ хэзээ гаргасан юм бэ?

-1989 онд “Алдар”-т ахлагч болчихсон явж байлаа. Тэгсэн Багшийн дээд сургуульд дасгалжуулагчийн анги нээснийг сонсоод манай хорооноос нэлээд хэдэн хүн бригад болж шалгалтад бэлтгэсэн. Олонх нь шалгалтад тэнцэж, оюутны ширээнд суусан. Төгсөөд 1993 он хүртэл шигшээ багт харьяалалтай явлаа. Хамгийн сүүлд 30 настайдаа улсын аваргаас хүрэл авсан. Ер нь 48 кг-ын хүн 30 хүртлээ барилдана гэдэг нэлээд бэрх шүү. Түүний дараа ханьтайгаа учирч аав болсон. Урьд нь хүүхдийн “Солонго” өргөө гэж байхад дасгалжуулагчаар орж найз нөхдийн тусаар бэлтгэгдсэн хүүхдүүд хүлээн авсан юм. Тэгээд хэдэн хүүхдээ аваад 2000 оны үед “Алдар” спорт хороонд ирсэн. Тэр үед манай Цогоо тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байв. 2005 оноос бэлтгэсэн хүүхдүүд маань амжилт гаргаж эхэлсэн. Оюутны дэлхийн аваргаас Б.Одончимэг мөнгөн медаль авсан. Ингэж “Алдар”, Батлан хамгаалах яам надад өгөөжөө өгсөн юм. Хорооны маань үе үеийн удирдлагууд бидэнд тусалж, ажиллах боломжоор хангаж байсан учир өнөөдөр бид өдий зэрэгтэй явна.

-Та бусад дасгалжуулагчаас юугаараа ялгардаг вэ?

-Өглөөнөөс орой хүртэл дөрөв, таван ээлжээр тамир­чид, өсвөрийнхнөө дасгалжуулж ачаалал дааж ажиллаж байгаа дасгалжуулагч Монголд цөөхөн. Энэ миний онцлог болох байх. Ийм маягаар “Хасу мегастарс”-ын Ц.Баярсайхан багш ажилладаг.

-Ингэж ачаалалтай ажиллаж байгаа хөдөлмөрөө бүрэн үнэлүүлж чадаж байна уу?

-Гомдох зүйлгүй ажиллаж байна. Бэлтгэсэн тамирчдаас маань дэлхийн аварга төрлөө. 2013 оноос хойш, Г.Мандахнаранг олимпын медаль авсан гэж тооцвол дэлхийн аваргаас завсаргүй медаль авч байна. 2017 онд манай тамирчид дэлхийн чанартай тэмцээнээс есөн медаль авсан. Энэ амжилт миний хувьд хамгийн том шагнал юм.

-Харамсдаг зүйл бий юү?

-Олимп. Тэр үед Д.Дагвадорж аварга барилдаан үзээд сууж байсан бол Г.Мандахнаран медаль авах байсан. Монголын багийг ахалж байсан хүн Б.Баяраа, Цогоо хоёрын хувцсыг тайлуулахгүй зангаргаа харуулж суугаад хүсэлтээ бичгээр өгөх ёстой байсан юм. Эсвэл үйлдлээрээ арга хэмжээ авахуулах шаардлагатай байсан гэж боддог. Г.Мандахнарангийн ялагдлыг одоо хүртэл Д.Дагвадорж аварга болон Б.Төмөрбаатарт бурууг нь өгдөг. Мандахнаран барилддагаараа барилдсан, зугтаагүй. Гэхдээ бид энэ алдааг 2020 оны Токиогийн олимпод амжилттай оролцож нөхнө.

-Дээрх үйл явдалтай холбогдуулан Б.Баяраа, Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн эрхийг хассан хугацаа энэ оны таван сард дуусах уу?

-Дараа жил дуусна. Энэ явдал хоёр дасгалжуулагчийн сэтгэл зүйд их нөлөөлсөн.

 

“ЧАДНА” ГЭСЭН УЧРААС ЦАЛИН ГОЛОХГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

 

-Таны хүүг спортоор хичээллэдэг гэсэн. Аавынхаа залгамж халааг авах нь уу?

-Би хоёр хүү, нэг охинтой. Хоёр том нь “Хоромхон” клубт хөлбөмбөгөөр хичээллэж байгаад том нь Орос руу суралцахаар явсан. Дунд хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Хааяа хөлбөмбөг тоглодог юм. Охин 10 настай. Охиноо гимнастик эсвэл шатраар хичээллүүлэх бодолтой байна. Одоо уран зургаар хичээллэж байна.

-Ер нь өдрийн ихэнх цагийг “Алдар” спорт хороонд өнгөрүүлж байгаа таныг гэр бүлийнхэн тань хэр ойлгодог бол?

-Миний ажлыг гэр бүлийнхэн ойлгож байж тамирчидтай олон цагаар ажиллана. Шигшээ багийн дасгалжуулагч бол улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцоно. Даанч тийм биш учир бүх зардлаа өөрсдөө хариуцах шаардлагатай болдог. Одоо “Аваргууд” академийн хэдэн сайхан залуу бидэнд тусалж байна. “Алдар”-аас дэлхийн аваргад оролцоход тусалсан.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг болоод тэмцээний зардлаа гаргаад бусдад туслаад байгаа юм бэ?

-Би 600 орчим мянган төгрөгийн цалинтай. Тамирчдын шагнал урамшууллаас гадна хувиараа багахан ажил хийдэг учраас л тэгж яриад байгаа юм. Түүнээс биш ганцхан дасгалжуулагчийн цалингаар болгоно гэвэл худлаа. Дээр нь сайн санаатай хүмүүс их тусалдаг. Сагсан бөмбөгийн Д.Батцолмон, Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Ганболд, “Дорнын өргөө” компанийн Ж.Батсайхан, “Батсол” компанийн Н.Батсайхан, манай Цогоод хоёр өрөө байр өгсөн Бямбадорж гээд олон хүн биднийг тусалж дэмжиж байхад итгэлийг нь алдаж болохгүй биз дээ.

-“Аваргууд” академийнхан 2020 оны олимпын бэлтгэлээ эхлүүлснийг таны ярианаас мэдлээ. Тамирчдынхаа бүрэлдэхүүнийг өөрчилж, бэлтгэлээ эрчимтэй эхлүүлэх байх?

-Улсын аварга болсон тамирчдаа түлхүү анхаарна. Тамирчид “Монголиан опен” тэмцээнд сайн оролцож байж олимпын оноогоо нэмэх ёстой. Үүний дараа тэднийг Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Тиймээс энэ талаар ярихад эрт байна.

-“Аваргууд” академийнханд цаашдаа гаднаас дасгалжуулагч авчирч номын дуу сонсгох төлөвлөгөө бий юү?

-Бидэнд дасгалжуулагчийн нөөц хангалттай бий. Тиймээс гаднаас хүн авчрах шаардлагагүй, тийм санхүүгийн боломж ч байхгүй. Энэ хэдэн багшийг шигшээ багтай ажиллуулахад эрэгтэй шигшээ багийг дахиад л гаргаад ирнэ. Тэгэхээр бид өөрсдөдөө л найдах хэрэгтэй. Олимпын аварга төрүүлнэ гэж зоригтой хэлээд байгаагийн шалтгаан нь энэ юм. “Чадна” гэсэн учраас би цалин мөнгө голохгүй ажиллаж байгаа юм.

 

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)