Э.Очирсүрэн: Манай хоёр ч тамирчин олимпын эрхээ биелүүлсэн

Пёнчаны олимп хаяанд ирсэн энэ цагт өвлийн спортынхон эрх авах сүүлчийн тэмцээнүүддээ оролцож байна. Тухайлбал, Монголын цанын холбооны тамирчид Өмнөд Солонгост болж буй олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Тус холбооны тамирчдаас одоогоор хоёр нь цагаан олимпын эрх өвөртөлжээ. Ингээд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.ОЧИРСҮРЭНТЭЙ ярилцсанаа хүргэе.

-Монголын цанын холбооны зарим тамирчин “Пёнчан-2018” олимпын эрхээ авсан сайхан мэдээ сонслоо. Одоогоор хэн, хэн ямар тэмцээнд оролцсон амжилтаараа хилийн дээс алхахаар болоод байна вэ?

-Монголын цаначид 1964 онд Австри улсын Инсбрук хотноо зохион байгуулсан IX олимпын наадамд анх оролцсоноос хойш “Пёнчан-2018”-д 13 дахь удаагаа гүйлтийн цанын төрлөөр оролцох гэж байна. Одоогоор манай тамирчдаас олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах нар онооны чансаагаараа олимпын эрх авах боломжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, олимпын эрхийн болзол биелүүлсэн гэж ойлгож болно.

-Цагаан олимпыг зорих тамирчдын тоо эцэслэж гараагүй байна. Дээрх тамирчдаас гадна олимпод оролцох боломжтой тамирчин бий юү?

-Манай үндэсний шигшээ багт эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр тамирчин дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, А.Энхтуул нар Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангадаг. Туслах дасгалжуулагчаар спортын мастер Ж.Халиунаа, багийн эмчээр Ш.Болормаа нар ажиллаж байна. Олимпын болзлоо хараахан биелүүлээгүй байгаа тамирчдын Пёнчаныг зорих эсэх нь удахгүй тодорхой болно.

-Монголын цанын холбооны тамирчид Өмнөд Солонгост зохион байгуулж буй чухал сорил тэмцээнд оролцож байна. Тэмцээний талаарх мэдээллээс хүргэнэ үү? 

-Тамирчид нэгдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ыг зорьсон. 2018 оны эхний тэмцээн нь нэгдүгээр сарын 6-ны өдөр Сөүл хотод ойрын зайн уралдаанаар эхэлсэн. Тэмцээнд Герман, БНСУ, Энэтхэг, Тайвань, Норвеги, Австрали улсын эрэгтэй 45, эмэгтэй 24 тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг мөнгөн медаль, А.Энхтуул хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн энэ сарын 11-нд өвлийн олимпыг зохион байгуулах Пёнчаны цанын баазад эрхийн уралдаанд эмэгтэй таван км сонгомол техникээр зургаан орны 30 тамирчнаас Ч.Отгонцэцэг долоо, А.Энхтуул 11 дүгээр байр эзэлсэн. Тэмцээнд өрсөлдсөн эрэгтэй 45 тамирчнаас Б.Ачбадрах 10, С.Дүүрэнбаяр 16 дугаар байрт шалгараад байна.

-Дээрх тэмцээний гүйх зам нь олимпын үеэр тэмцээн зохион байгуулах газар учир тамирчдын хувьд чухал юм байна?

-Тамирчид олимпын наадамд уралдахаасаа өмнө зам дээрээ очиж тэмцээнд оролцоно гэдэг урьд өмнө байгаагүй азтай, давуу тал юм. Өмнө нь олимпын наадамд оролцож байсан тамирчид цаг тухайд нь очиж байсан болохоос энэ жил шиг зам дээрээ урьдчилан уралдаж байсан түүх байхгүй.

-Ер нь Пёнчаны олимпын бэлтгэлийг та бүхэн хэзээнээс эхлүүлсэн бэ?

-2015 оноос олимпын эрх авах бэлтгэлээ эхлүүлсэн. Өнгөрсөн 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэл олимпын эрх олгох тэмцээнүүд нээлттэй байдаг. Манай тамирчид өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлхийн оюутан залуучуудын наадам Казахстанд болоход оролцсон. Түүнээс хойш дэлхийн аварга, ОХУ-д болсон олон улсын уралдаан, Олон улсын цанын холбооны эрхийн оноотой тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.

-Цагаан олимпод өрсөлдөх тамирчдын хувьд бэлтгэл хийхэд хүндрэлтэй зүйл байна уу?

-Манай тамирчдыг улс, БСШУСЯ- наас дэмжин бэлтгэл сургуулилт, цанын хэрэгсэл, хувцас зэргийг шийдвэрлэж өгдөг. Мөн Монголын цанын холбооны зүгээс тамирчдын зардал, ар гэрийн хангамжийг анхааран ажилладаг нь маш их тус болдог. Энэ нь тамирчдын хувьд чансаагаа ахиулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Манай орны эрс тэс уур амьсгал тамирчдын бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлдөг. Мөн стандарт бааз байхгүй нь хамгийн том бэрхшээл юм.

-Цаначид маань олон улсын тэмцээнээс ирээд бэлтгэлээ хаана үргэлжлүүлэх бол?

-Хандгайтад “Олимп” бэлтгэлийн баазад хангахаар төлөвлөн ажиллаж байна.

-Олимпод “тийм амжилт гаргана” гэсэн урьдчилсан таамаглал байгаа юу?

-Мэдээж тамирчид маань улсын амжилтаа шинэчлэх, медалийн тавцанд зогсохын төлөө хичээнэ. Бидний амжилт шууд ахидаггүй. Тодорхой хугацааны дараа бага багаар ахидаг тэвчээрийн спорт юм. Яг одоо миний харж байгаа прогнозоор 2022 оны олимпын наадамд манай цаначид 40, 30-р байранд орох амжилт үзүүлэх боломжтой нь харагдаж байгаа. -Саяхан тамирчдад Олон улсын олимпын хорооны тэтгэлэг гардуулсан нь ач тусаа өгч байгаа болов уу? -Тэгэлгүй яахав. Тамирчин гэлтгүй хувь хүнд санхүүгийн боломж нь ахихаар өнөө үед хэнд ч гэсэн таатай байх болно. Дашрамд хэлэхэд, энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгсөн Монголын үндэсний олимпын хорооны хамт олондоо талархлаа илэрхийлье.

-Энэ спортын төрлийг хөгжүүлэхийн төлөө цанын холбоо ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Энэ жилийн онцлох үйл явдлаас дурдвал саяхан манай холбооноос зохион байгуулсан өсвөрийн тамирчдын багш дасгалжуулагч нарын сургалт зөвлөгөөнөөр бид 14 аймгийн 35 багш дасгалжуулагчид жил бүрийн есдүгээр сараас 3-наас сар хүртэл өвлийн улиралд нэмэгдэл цалин олгохоор шийдвэрлэсэн. Ер нь манай холбоо цасны улирлаар төлөвлөгөөгөө батлан ажилладаг. Төлөвлөгөөний дагуу орон нутаг даяар тэмцээн уралдаан, цасны баяр, өдөрлөг, хамтарсан бэлтгэл сургуулилт, сургалт семинар тогтмол зохион байгуулдаг юм.

-Тамирчид хаана төвлөрч бэлтгэлээ хийж байна. Хувцас хэрэглэл тал дээр асуудал бий юү?

-Манай тамирчид бусад өндөр хөгжилтэй орны тамирчдаас дутахааргүй хэрэглэл материал ашиглаж байна. Үүнийг Ц.Шаравжамц дарга, Биеийн тамир, спортын газрынхан Үндэсний шигшээ багийн хамт олон маань шийдвэрлэж өгсөнд баярлаж байгаагаа илэрхийлье.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)