Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ус цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.ДААРИЙМААГААС дараах зүйлийг тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Энэ байдал хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Тиймээс малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

-Нийт нутгаар цаг агаар ямар байх вэ?

-Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд хангайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймаг, 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43, өдөртөө 28-33 хэм хүйтэн байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 33-38, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна. -Цасны зузаан хөдөө орон нутагт ямар байна вэ? -Өнгөрсөн долоо хоногийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-35 см зузаан цастай байсан. Үүнээс хамгийн зузаан нь Өвөрхангай аймгийн Бүрдэд 35 см байна. Завханы Тэс, Өвөрхангайн Зүйлд 25-30 см цасан бүрхүүлтэй байна. Харин Говь-Алтайн Халиун, Жаргалант, Архангайн Хашаат, Хотонт, Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Ба­руунхайрхан, Булганы Могод, Төв аймгийн Мөнгөнморьт, Бүрэнд 11-16 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)