Бид шатахууны хэрэглээгээ ангилах цаг болсон

Өнөөдөр нийгмийг бү­хэлд нь бухимдуулж бай­гаа олон асуудлын тэр­гүүнд шатахууны үнэ ханш, хүрэлцээ орж байна гэхэд буруудахгүй. Манай улсын импортоос шууд хамааралтай бензин шата­ хууны жилийн хэрэгцээ нэг сая тонноос дээш байдаг аж. Тухайлбал, 2016 онд 1.27 сая тонн шатахуун им­ портолж байсан бол өнгөр­ сөн онд 1.5 сая тонныг оруулж ирсэн тухай албаны эх сурвалж хэлж байна. 2009 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед төр, засгаас шатахууны “галзуурсан” үнийг дарахын тулд импорт­ логч компаниудад татаас олгох, цаашдаа татварын бодлогоор дэмжих арга хэмжээ авснаар сүүлийн 10-аад жил ханшийг “барьж” ирсэн байдаг. Гэвч энэ байдал одоо оргил цэгтээ хүрч “тэсрэхэд” ойрхон болсныг эдийн засагчид анхааруулах боллоо.

Улмаар хэдхэн жилийн өмнө 10 орчим байсан шата­ хуун импортлогч компани, аж ахуйн нэгжийн тоо 80 гаруй болж бүл нэмснээр иргэдийн хэрэгцээнд дөрөөлж, төр, засагт шахалт үзүүлж асууд­ лаа өөрийн талд ашиг­ тайгаар шийдүүлэх боломж бололцоо нь улам нэмэгдэж хүчирхэгжсэн бололтой.

Түүний хамгийн сүүлчийн жишээ нь, өнгөрсөн онд байгуулсан Шатахууны үнийн зөвлөлөөс энэ сарын 18-нд зөвлөмж гаргасан явдал байлаа. Тус зөвлөлийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын гарын үсэг бүхий зөвлөмжид дизель түлш болон Евро- 5 стандартын шаардлага хангасан автобензиний жижиглэн борлуулалтын үнийг хэрэглэгчдэд дарамт багатайгаар тодорхой хугацаанд үе шаттайгаар өөрчилж, цаашид зах зээлийн горимд аажмаар шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байхаар тусгажээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн ажлын хэсэг манай улсад нэгдүгээр сарын 25- нд ирж, хөтөлбөрийн санхүүжилттэй танилцах гэж байгаатай холбогдсон түр зуурын арга хэмжээ гэж дүгнэх хэсэг ч байна. Тиймээс эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Шатахууны үнэ ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүнд УУХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Лхагважав нар оролцож, мэдээлэл өгснөөс гадна сэтгүүлчидтэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцав.

Албаны хүний мэдээлжбайгаагаар шатахуун импортлогч компаниуд гурван хувийн марж (цэвэр ашиг)-тай байхыг эрмэлздэг ч одоогийн байдлаар литр тутамд 100-200 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Мөн манайхан үнийн хойноос хөөцөлдөх нь элбэг ч шатахууны чанарын тухайд төдийлөн анхаардаггүй юм байна. Тодруулбал, өнгөрсөн онд оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний 10 хүрэхгүй хувь нь евро стандартад тэнцэхүйц чанартай байжээ. Тимээс шатахууны октаныг дээшлүүлэхийн тулд напта, керосин зэрэг шатах, тослох туслах бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан аж. Үүний улмаас дээрх бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдэж, 130 мянган тонн болсон байна. Тиймээс эдгээрт ногдох татварыг нэмэгдүүлэхээр болжээ.

Манай улс шатахууныхаа нийт хэрэглээний 90 хувийг Оросын “Роснефть” компаниас авч, түүний ихэнхийг жижиглэн худалдаагаар хэрэглэгчдэд борлуулдаг. Тодорхой хэмжээний нөөц байгаа ч зарим компани тодорхой бус шалтгаанаар шатахуун түгээх станцаа хаах, Үнийн зөвлөлийн зөвлөмжөөр өдрийн цагаар хотын дотор шатахуун тээвэрлэхийг хориглосон зэрэг шалтгаанаар хомсдол үүсч, хязгаарлалт хийх, дугаар ихсэх гэхчлэн зарим нэг сөрөг үр дагавар гарч байгаа аж. Эдгээр мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцогч албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шатахуун болон шатах, тослох материалын хэрэглээг ангилж болдоггүй юм уу. Ингэснээр үнийг ялгавартай тогтоох боломж бий юү?

С.ЛХАГВАЖАВ: -Манай улсын шатахууны нийт хэрэглээ сүүлийн арван жилд 1.6 тэрбум ам.доллар болсон. Түүний хэдэн хувийг уул уурхайд зарцуулж байгааг тооцож, тэнд арай өөр үнэ ханш барьж болмоор санагддаг. Нийтийн хэрэгцээний бензин шатахуунд татвараар дамжуулан зохицуулалт хийж болох саналыг бид холбогдох газарт хүргүүлж байсан ч үр дүнд хүрэлгүй мартагдсан. Өнөөдөр үүнийг сэргээхэд болохгүй гэх газаргүй. Одоо манай ямар их баялаг маш бага зардлаар гадагш гарч байна. Бид хэрэглээгээ ангилахгүй, бүх салбарт ганцхан үнэ ханш барьж байгаад л их асуудал оршдог. Хэрэглээгээ ангилаад үнийг чөлөөтэй болговол нэг хэсэгтээ шок үүснэ. Гэхдээ нийлүүлэлт сайн байх юм бол хэсэг хугацааны дараа үнэ буурна. Яг л махны үнэ өсч буурдаг шиг.

 

-“Роснефть” компани манайд өөрийн сүлжээ 100 ШТС-ыг байгуулах санал тавьж байсан. Ер нь гаднын ийм сүлжээг оруулж болдоггүй юм уу?

Ч.ЧУЛУУНБАТ: -Газрын тосны тухай хуульд манай шатахууны нийт хэрэглээний 30-аас доошгүй хувийг дангаар нийлүүлдэг компанийг жижиглэн худалдаанд оролцуулахгүй байх тухай заалт байдаг. Тиймээс энэ нь боломжгүй.

С.ЛХАГВАЖАВ: -Онцгой лиценз эзэмшиж байгаа 80 гаруй компанийг 160 болгож яагаад болохгүй гэж. Нийлүүлэлт сайн байвал өрсөлдөөн жинхэнэ утгаараа бий болно. Хэрэв тэд хэрэглэгчдэд дарамт учруулаад байвал өөр арга замаар зохицуулж болох юм. Ер нь зөвшилцлийн гол үндэс нь эрэлт, нийлүүлэлт түүнээс улбаатай үнэ гэдгийг бид ойлгосон гэж бодож байна.

 

-Нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих талаар сүүлийн үед эрчтэй яригдаж, хөрөнгийн эх үүсвэрийг ч шийдсэн гэж ойлгож байна. Харин ажлын явц ямар байгаа бол?

Ч.ЧУЛУУНБАТ: -БНЭУ- ын Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Энэ хөрөнгийг нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихад зарцуулах саналаа бид уламжилсан байгаа. Энэ дагуу “Индиа инженеринг” компани төслийг боловсруулна. Боловсруулах үйлдвэрт шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн.

С.ЛХАГВАЖАВ: -Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ажлыг гардан хариуцаж ажиллахаа сая БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдэж байсан. Тиймээс ажил хэрэг болно гэж найдаж байна. Манай танхимаас Монгол Улсын 10-15 томоохон төсөл хөтөлбөрийг зарлаж, ажлынх нь явцад хяналт тавина гэж бодож төлөвлөж байгаа юм. Түүний дотор энэ хөтөлбөрийг багтаана.

 

Д.Мөнхжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)