“Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сургалт эхэллээ

ХБНГУ-ын Бавари мужын Би Эф Зэт (BFZ) сургалтын төв, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо (МБЗТЗХ), Монголын Барилгын үндэсний Ассоциаци (МБҮА)  нар хамтран  “Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сэдэвт сургалтыг 7 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо. Сургалтын нээлтийн үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн юм.

Энэ сургалт 2 онцлогтой байна.

 

Нэгдүгээрт:

Би 2017 оны 12 дугаар сарын 28-нд 215 дугаар тушаалаар “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт” эрхлэх чиг үүргийн салбарын ТББ-уудын түншлэлд гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу анхны сургалтыг өнөөдөр эхэлж байна.

 

Хоёрдугаарт:

ХБНГУ, Монгол улс бүх талын найрсаг харилцаатай ажилладаг. Өнөөдөр Германы мэргэжилтнүүд нарлаг Монгол оронд, барилга байгууламжид нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах тухай баялаг туршлагаасаа хуваалцахаар ирсэн нь хамтын ажиллагааны шинэ хуудас болж байна.

Герман технологийг Монгол оронд нутагшуулахад манай инженерүүд цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг бид бүх бололцоогоороо дэмжинэ.

Монгол орон жилд 300 шахам хоног нартай байдаг тул барилгад ашиглах өргөн боломж байна. ялангуяа гэр хорооллыг барилгажуулах ажилд нарны энергийг ашиглах асуудлыг зориуд судлахыг хүсье.

Нийт сургалтанд оролцогч Герман, Монгол инженерүүддээ амжилт хүсье.

Герман зочиддоо манай оронд тавтай морилохыг хүсье” гэв.

Энэхүү сургалтаар эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлт, нарны эрчим хүчийг цахилгаан, дулааны эрчим болгон тооцоход барилгын хэлбэр, нарны тусгал, байгалын хүчин нөлөөлөл, тооцоолол зэргийг Монголын 50 гаруй инженерт мэдлэг олгох сургалт болж байна.

Уг сургалтын нээлтийн арга хэмжээнд МУ-ын УИХ-ын Гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга, УИХ-ын гишүүн, БХБСайд Х.Баделхан, ХБНГУ-ын ЭСЯ, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, МХБХТанхимын  Ерөнхийлөгч  М.Батбаатар, МБЗТЗХ-ны ерөнхийлөгч Н.Дорж, МБҮА-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Сургалт нийт таван өдрийн туршид болох бөгөөд “тэг” эрчим хүчний хэрэглээтэй барилга, нарны тусгал, тооцооны онолын үндэс, амжилттай хэрэгжүүлсэн төслийн туршлагад үндэслэн Монгол улсын цаг уурын нөхцөл, нарны эрчим хүчний системийн тооцоог тооцох, программчлал дээр ажиллаж сурах цаашид энэхүү сургалтыг Монголын инженерүүд бусад инженерт заах арга барил дадлага эзэмших, сургалтыг тогтмол явуулах нөхцөл бүрдэх хэмээн мэргэжлийн инженер, техникийн ажилчип онцолсон юм.

Дашрамд дурьдахад Нарны эрчим хүч гэдэг нь энгийн үгээр илэрхийлэхэд нарны цацрагын энергийг цахилгаан болон дулааны эрчим хүчинд хувиргаж авсан эрчим хүчийг хэлэх бөгөөд Монгол Улсын хувьд жилийн 270-300 өдөр цэлмэг бөгөөд нарны гийгүүлэх хугацаа жилд дундажаар 2250-3300 цаг байдаг байна. Энэ нь манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг бөгөөд дэлхий хамгийн их нарны эрчим хүчний нөөцтэй гурван том говийн цөлийн нэгэнд Монгол говь ордог. 382 мянган км2 талбай бүхий Монголын говьд 1 м2 талбайгаас нарны эрчим хүчээр өдөрт 5.4 кВт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг юм байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)