Л.Ганбат: Газар дээр нь засч дүнг гаргадаг систем нэвтрүүлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн Сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-ЭЕШ эхлэх хугацаа тодорхой болсон уу?

-Элсэгчид тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургадугаар сарын дундуур зохион байгуулах саналыг БСШУСЯ-нд тавьсан. Шалгалтын дүн өнгөрсөн жилийн адил долдугаар сарын 1-нд гарна. Улсын хэмжээнд энэ онд 12 дугаар ангийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдэх тооцоо бий.

-2018 оны элсэлтийн шалгалтын журамд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болно. Нэг кэнди нэг төгрөг байх болно. Мөн бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.

-Энэ жилийн шалгалтын онцлог юу вэ?

-Энэ жилээс бүртгүүлэгч регистрийн дугаараа хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд үүндээ үндэслэн хичээл сонголт болон төлбөрөө хийх боломж бүрдсэн. Мөн манай төв 2019 он гэхэд шалгалтын материалыг газар дээр нь засч дүнг гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж, энэ жил зарим газарт туршилт хийнэ.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)