Мэндчилгээ

Эрхэм хүндэт Монголчууд Та бүхэндээ улаагчин тахиа жилээ үдэж, “тийн унжлагат” хэмээх шар нохой жилтэйгээ золгож буй хаврын тэргүүн сарын билигт сайн өдрийн мэндийг дэвшүүлж байна.

Улаагчин тахиа жилд Монгол Улсад амаргүй сорилтууд тулгарсан боловч бид бүхэн хамтдаа амжилттай давлаа. Эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг сэргээж чадсан ба тэдгээрээс дурдвал:

  • Хугацаа нь тулаад хүлээгдэж байсан гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэв.
  • ОУВС-тай тохиролцож, хөтөлбөр хэрэгжүүлснээр Олон Улсын байгууллагуудын болон бусад доноруудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирэв.
  • Монголбанкны алт худалдан авалт түүхэн дээд үзүүлэлт болох 20.0 тоннд хүрэв.
  • Монгол Улсын экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүнүүдийн үнэ олон улсын зах зээлд өссөнөөр гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг сэргэв.

Эдгээрийн үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирч Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолын баталгаа болсон гадаад валютын нөөц 3.0 тэрбум ам.долларт хүрлээ.

Дотоод эдийн засагт орох валютын урсгал ихсэж, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр төгрөгийн ханшийг тогтворжуулж чадлаа. Төсвийн алдагдлыг шат дараатайгаар бууруулах арга хэмжээ Засгийн газраас авч байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Төсвийн сахилга бат нь өрийн дарамтыг бууруулах болно.

Шинэ он гармагц Монголбанкнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр хийсэн ажил бол “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”, “Улаанбаатарын зөвшилцөл” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан явдал юм. Монголбанкнаас тус хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан гол зорилго нь бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчидтэй хамтран 2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд, тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх явдал байв. Ирж байгаа шар нохой жил нь бидний хувьд үүсээд байгаа эерэг өөрчлөлтүүдийг бататгаж, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх шинэчлэл, реформын жил болох ёстой. Тиймээс ч Монголбанкнаас банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлт, олон улсын жишигт хүрэхүйц өөрчлөлтүүдийг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран аль хэдийн хийж эхэллээ.

Монголбанкнаас цаашид дараахь ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Банк санхүүгийн салбараа тогтвортой болгох, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр банкуудын санхүүгийн байдалд онош тавин шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Монголбанк 5 сарын хугацаатай аян эхлүүлсэн байгаа ба аяны төгсгөлд төрийн байгууллагуудын санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчны эхлэлийг тавина.
  • Иргэд санхүүгийн боловсрол муутайн улмаас эдийн засгийн хүртээмжтэй өсөлт хангагдаж чадахгүй байгаа тул олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран үргэлжлүүлнэ.

Гарч байгаа нохой жилийг бид өөдрөгөөр төсөөлж байна.  Хийх ажил их байгаа, тэдгээрийг зөвхөн эвлэлдэн нэгдэж, гар сэтгэл нийлэн хамтран ажилласнаар бүтээх болно.

“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилдээ Монгол улсын иргэн бүрийн ажил үйлс нь бүтэмжтэй, үзэл зорилго нь өөдрөг тэнүүн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монголбанкны Ерөнхийлөгч

Н. Баяртсайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)