Б.Ганболд Багабаянд бэлтгэлээ хангаж байна

-ТЭР ИРЭХ САРЫН 5-НД ПЁНЧАНЫГ ЗОРИНО- 

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпын наадам үргэлжилж байна. Арав гаруй хоногийн дараах байдлаар Норвегийн баг тамирчид медалийн тоогоор тасархай тэргүүлж байна. Бөмбөрцгийн шилдэг тамирчид олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэхээр өрсөлдөж, үзүүштэй тэмцээн уралдаан үргэлжилсээр байна. Манай улсын хувьд энэ удаагийн наадамд хоёр тамирчнаа сойж тэд хувийн амжилтаа ахиуллаа. Гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар уралдааны замаа амжилттай дуусгаж тэмцээнээ өндөрлүүллээ. Одоо бид хэдхэн хоногийн дараа эхлэх өвлийн паралимпын наадмыг хүлээх л үлдээд байна. Өвлийн XII паралимпын наадамд манай улсаас цанын төрөлд Б.Ганболд эрх авсан. Тэрбээр одоо Багабаян дахь цэргийн амралтад бэлтгэлээ үргэлжлүүлэн хангаж байна. Өвлийн паралимпын наадамд оролцохоор бэлтгэж буй Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилттай Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багт дэмжлэг үзүүлэх сургалт, дасгалжуулалт, хяналт, судалгааны багийн дарга Ч.Насантогтох тэргүүтэй багийнхан танилцжээ. Энэ үеэр Б.Ганболд “Бэлтгэл сургуулилт, паралимпын эрх авах тэмцээн уралдаанд тогтмол оролцоход дэмжлэг үзүүлсэн Биеийн тамир, спортын газрын хамт олондоо баярлаж байна. “Сочи- 2014” паралимпын наадамд үзүүлсэн амжилтаа ахиулж ачийг нь хариулна аа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

Б.Ганболд сар шинийн баяраар ч бэлтгэлээ үргэлжлүүлэн базаажээ. Хэдхэн хоногийн дараа хөшгөө нээх өвлийн паралимпод оролцохоор Монгол Улсаас таван хүн Пёнчаныг зорино. Тэднийг бэлтгэлээ завсарлах үеэр дасгалжуулагч Ж.Дашдондогтой цөөн хором ярилцлаа.

-Пёнчаныг зорих багийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтсан бэ?

-Таван хүний бүрэлдэхүүнтэйгээр Пёнчаныг зорих гэж байна. Багийн ахлагчаар Пара гүйлтийн цана биатлоны нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Ренчинханд явна. Би Б.Ганболдын дасгалжуулагчаар ажиллаж байна. Техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, багийн эмчээр Ш.Болормаа, сэтгүүлчээр Д.Батжаргал нар ажиллахаар бэлтгэж байна. Бид гуравдугаар сарын 5-нд Пёнчаныг зорино.

-Энэ удаагийн паралимпод Б.Ганболд ямар зайд хурд хүчээ сорих вэ?

-Нийт гурван зайд уралдана. Өвлийн паралимпод оролцох эрхээ биелүүлсэн учир дээр дурдсанчлан гурван зайд уралдахаар болсон. Ер нь тамирчин паралимпод оролцохын тулд 180 оноотой байх ёстойгоос Б.Ганболд 260-ыг авсан. Улмаар паралимпод оролцох эрхийг нь өнгөрсөн оны долоодугаар сард баталгаажуулсан юм. Б.Ганболд гуравдугаар сарын 12, 14, 17-ны өдөр уралдааны замд гарна. Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ баг Б.Ганболдын бэлтгэл сургуулилт хийх зардлыг гаргаж өгсөн. Түүнчлэн дэлхийн аварга, “Дэлхийн цом”- ын тэмцээнүүдэд оролцох нөхцөлийг бүрдүүлсэн. ОХУ- ын Упа хотын биатлоны төвд хоёр сар гаруй бэлтгэл сургуулилтаа базааж, ОХУ- ын шигшээ багийнхантай ажилласан. Б.Ганболдын хувьд энэ жил Канадын “Дэлхийн цом”, Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Одоо би Багабаянгийн цэргийн амралтад сарын хугацаатай бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Ер нь тамирчин маань бэлтгэлээ Сочийн олимпын дараа хангаж эхэлсэн.

-Б.Ганболдын уралдах гурван зайны алинд нь илүү ач холбогдол өгч байгаа бол?

-1.5 километрийн цанын спринт төрөлд илүү ач холбогдол өгч байгаа. Энэ ангиллын шигшээд шалгарахын тулд бид бэлтгэлээ эрчимжүүлж байна.

-Тамирчны хувцас хэрэглэлийг хэрхэн бэлтгэсэн бэ?

-Биеийн тамир спортын газар хувцас хийлгэж өгсөн. Манай холбооны ерөнхийлөгч С.Ренчинханд “Говь” компанитай гэрээ хийж жагсаалын хувцас авахаар болоод байна.

Түүний гаргасан амжилт:

• АНУ-ын Солт Лейк хотод 2013 онд болсон Сочийн өвлийн олимпын сонгон шалгаруулах тэмцээний цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын медалийг эх орондоо авчирсан.

• Мөн онд Шведэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 гаруй тамирчнаас 18 дугаар байрт бариалж, Сочид өрсөлдөх эрхийн болзол хангасан.

• “Сочи-2014” XI паралимпод эх орноо төлөөлөн гурван зайд уралдсан. Гүйлтийн цанын чөлөөт тэшилтийн 10 км-ийн зайд 38 тамирчнаас 31, сонгомол техникийн 20 км-ийн зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар 14 дүгээр байр, ойрын зайн 1000 метрт 4 минут 25 секундийн амжилтаар 35 тамирчнаас 25 дугаар байрт оржээ.

• 2014, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ойрын зайд 15, 10 км-т 17 дугаар байрт шалгарсан байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)