Б.Ганболд хоёр дахь олимпдоо хүч сорино

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн паралимпын XII наадам энэ сарын 9-18-нд болно. Наадмын нээлт энэ баасан гарагт Пёнчаны олимпын цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд олимпын бамбар өнөөдөр Вонжу, маргааш Чонсон хотод очих юм байна. Пёнчан дахь олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэн 35 мянган хүний суудалтай бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулжээ. 2014 онд бүтээн байгуулалт нь эхэлж байсан эл цэнгэлдэх хүрээлэнг 78 сая ам.долларын өртгөөр босгосон байна. Энэ удаагийн өвлийн паралимпын наадамд 49 орны 570 тамирчин спортын зургаан төрлөөр 80 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд паралимпод оролцохоор уржигдар Пёнчаныг зорьжээ. Манай улсаас 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн паралимпын наадамд тамирчид анх удаа гүйлтийн цанын төрлөөр оролцсон түүхтэй. Харин энэ удаа олон улсын хэмжээний мастер Б.Ганболд гүйлтийн цанын 20 км, 10 км, 1.5 км гэсэн гурван төрөлд уралдах юм. Д.Ганболд нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1991 онд төрсөн. Гүйлтийн цанаар 2012 оноос Ж.Дашдондог багшийн удирдлага дор хичээллэжээ. Тэрбээр “Сочи-2014” өвлийн паралимпын наадамд оролцохдоо 20 км-т XIV, 10 км-т XXXI, 1.5 км-т XXV байрт орж байсан юм. 2016 онд Германы Финстрау хотноо болсон дэлхийн аваргад 20 км-т есдүгээр байрт орж, Пёнчаны паралимпын эрхээ 180 оноо авахаас 260 оноо авч давуулан биелүүлжээ. Түүнчлэн Олон улсын паралимпын хорооноос гаргасан 2018 оны хоёрдугаар сарын 26-ны чансаагаар LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бэлтгэлээ сайн хангасан. ОХУ-д гурван сарын турш хамтарсан бэлтгэл хийлээ. Паралимпын наадамд оролцох бүх нөхцөл бололцоогоор хангаж өгсөн БСШУСЯ, БТСГ, Монголын паралимпын хороо, Монголын пара цанын холбоо, миний ард үргэлж хамт байдаг гэр бүл, бусад хамт олондоо баярласнаа илэрхийлье. Зорьсон амжилтаа биелүүлээд ирнэ” гэжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмч Ш.Болормаа, хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч Д.Батжаргал нар багтсан байна. “Пёнчан 2018” паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн хувцсыг “Говь” компани ивээн тэтгэжээ

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)