Б.Цацрал: Сайжруулсан түлш нь агаарын бохирдлоос салах нэг шийдэл юм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.ЦАЦРАЛТАЙ Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. 

-Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ. Ажлын үр дүн хэр байна вэ?

-Өнгөрсөн онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу ажлууд хийж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тус тус батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, холбогдох яам газрын төлөөлөгчөөс бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шахмал түлш үйлдвэрлэх бололцоотой үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн хоёр уурхайтай газар дээр нь очиж танилцан зарим асуудлыг шийдсэн. Үүнд, “Энержи ресурс” ХХК агаарын бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд угааж сайжруулсан нүүрсийг үнэ төлбөргүй олгохоор боллоо. Мөн байгалийн шатдаг хийгээр ажилладаг нийтийн тээврийн найман автобусыг хоёр чиглэлд туршилтын журмаар иргэдэд үйлчлүүлж байна.

-Дээрхээс гадна ямар ажил хэрэгжүүлж, иргэдэд үр дүнгээ өгч байна вэ?

-Засгийн газрын 2017 оны 324 дүгээр тогтоолоор нийслэлийн 130 цэцэрлэг, 125 сургууль, 15 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 142 төв болон дөрвөн асрамжийн газрын анги, танхмыг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангаж дууссан. Эдгээр агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажлын удирдамжийг батлуулан хэрэгжүүлж байна.

-Ирэх оноос түүхий нүүрс түлүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр түүхий нүүрс түлсэн айл торгууль төлнө гэж иргэд бухимдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хотод ахуйн хэрэглээнд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тогтоолын шийдвэрийг хэлэлцэж байна. Удахгүй албан ёсны тогтоол гарч, тодорхой шийдэлд хүрнэ. Тэгэхээр иргэд сайжруулсан түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байна. Ер нь агаарын бохирдлоос ангижрах хамгийн зөв шийдэл бол сайжруулсан түлш хэрэглэх юм. Иймээс бид нийслэлийн гэр хорооллын өрхийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, “Монгол шахмал түлш” нэгдлийг байгуулсан. Тус нэгдлийн бодит хүчин чадал 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх боломжтой байх болов уу. Яг одоогоор сайтар судлах шаардлагатай байна. Үүнээс гадна Дулааны II цахилгаан станц сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх туршилтын ажлыг эхлүүлээд байгаа.

-Иргэдэд шахмал түлшийг хэчнээн төгрөгөөр олгох бол?

-Үнийн хувьд судалгаа хийж байна. “Монгол шахмал түлш” нэгдлээс үнийн судалгаагаа бидэнд ирүүлсэн. Үүнийг бодит үнэ эсэхийг Сангийн яам шалгаж, эцсийн үнийг тогтооно.

-Шахмал түлшний хичнээн үйлдвэр хотод үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Бүртгэлтэй 70 гаруй үйлдвэр байна. Одоогоор 20 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм.

-Нийслэлээс шахмал түлшний үйлдвэрүүдэд ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Шахмал түлшинд хадгалалтын асуудал их чухал. Нийслэлээс түлш хадгалах агуулах барих газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн чиглэлтэй ажиллаж байна.

-Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг багасгах ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-“Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, гуравдугаар сардаа багтаан батлуулахаар ажиллаж байна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг нийслэлийн харьяа газрууд эрдэмтэн судлаачдаас санал авч, нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн НИТХ-д дөрөвдүгээр сард өргөн барихаар бэлтгэж байна. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дөрөвдүгээр сараас эхлүүлэх болно. Үүнээс гадна амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ИРГЭН (202.179.25.232)

    2018-03-14

    САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР УТААГҮЙ БОЛГОЧИХДОГ ЯАСАН МУНДАГ ХОСГҮЙ УХААНТАЙ АВГАЙ ВЭ? ТА НАР УТААГҮЙ ТҮЛШЭЭ УТААНДАА ХОРДООД БАЙГАА ДЭЛХИЙН ОЛОН УЛС ХОТОД БАЙГАА ТА НАРААС ДОЛООН ДОР ТЭНЭГҮҮДЭД ХУДАЛДААЧ ТЭД НАР ЭНЭ АРГЫГ МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД БОЛОХООРОО АЛАЛЦААД АВАХ БАЙХ ШҮҮ.ТА НАР НОБЕЛИЙН ШАГНАЛ АВЧ АМАРХАН ТЭРБУМТАН БОЛЦГООХ ЮМ БАЙНА Л ДАА.НҮҮРСЭЭ ЗҮГЭЭР ГАРГАЖ БАЙХААР САЙЖРУУЛСАН ТҮЛШ БОЛГООД ЗАРВАЛ ДЭЛХИЙГ УТААГҮЙ БОЛГОХ ГОЦ УХААНТАНГУУД МОНГОЛД ТӨРЛӨӨ ДӨӨ.ДООДОХООСОО ДОР ТЭНЭГҮҮДЭЭС ИЙМ СУУТ ХҮН ТӨРЧИХ ГЭЖ.

  • zochin (202.21.96.254)

    2018-03-14

    Mongo ideh neg arga. Saijruulsan tulsh gej yariad olooon jil bolj bn,

  • UMS (202.9.41.214)

    2018-03-14

    SAIJIRUULSAN TULSH GEED 10 GARAN JIL BOLLOO,ODOO GENET BAS DAHIAD SAIJIRUULSAN TULSH,HAHAHAHAHAHAH