Багш нар маш их мөнгө авчихсан юм шиг харагдаж байгаа ч мянган төгрөг ч авч чадаагүй сууж байна гэв

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг шаардаж мэдээлэл хийлээ.

Багшийн Цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Бид бүтэн улирал хүлээлээ. Төрийн тогтворгүй бодлого, боловсролоо орхигдуулснаас болоод багш нарын нэр төр унасан юм байна гэдгийг багш нар хэлж байгаа. Улирлын үр дүнгийн урамшууллыг өмнө нь мөрдөж байсан.Урамшуулал 15 хувиар олгогддог байсан. Үүн дээр таван хувь нэмж 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс сар сард нь олгоно гэсэн заалт гарсан. Гэтэл олгохдоо маш их дарамт нэмэгдүүлсэн байна. Бид 14 ажлыг ахиж гүйцэтгэж байж 5 хувийн нэмэгдэл авах юм байна. Цайны газар, биеийн тамирын газрыг түрээсэлсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэж байна. Цайны газрыг түрээсэлсэн мөнгө Төрийн сангийн дансанд ордог. 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ мөнгө уг нь тухайн сургуулийн дансанд орох байтал одоо болтол яах нь тодорхойгүй байна.

Багш нар дахиад тэсэхгүй, тэвчихгүй. 2017 онд олгогдох ёстой 300 мянга дээр нэмээд 45 хувиар олгох ёстой үр дүнгийн урамшууллыг буулгаж 36 хувиар олгосон байгаа. Хасах систем нь илүү их давамгайлаад байгаа ч нэмэгдэж байгаа юм алга. Багш нар маш их мөнгө авчихсан юм шиг харагдаж байгаа ч мянган төгрөг ч авч чадаагүй сууж байна. ” гэсэн юм. 

Харин энэ талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Бид улсын хэмжээнд 100 хувьтай гэж хэлж болох ажил хаялт зохион байгуулсан. Тухайн үед Засгийн газраас цалинг 20 хувиар нэмэх боломж байгаа гэж ажил хаялтыг зогсоож, ширээний ард суусан. Гэтэл энэ асуудал одоо болтол чимээгүй байна.  Багшийн норматив 25-30 хүүхэд байдаг. Гэтэл 60 хүүхэдтэй ажиллаж байна. Хөрсөн дээрээ багш нарын цалин нэмэгдэж байгаа юм алга. 20 хувийг нэмнэ гэж Засгийн газар ярьчихаад яагаад одоо болтол чимээгүй байгаа юм бэ” гэв.

Багш нар тэмцлээ  дахин үргэлжлүүлэхээ илэрхийллээ. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)